Pfizer компанийн КОВИД-19-ын вирусын эсрэг эмийг АНУ-ын Хүнс ба Эмийн холбооноос зөвшөөрчээ
Энэ лхагва гаригт АНУ-ын Хүнс ба Эмийн холбооноос КОВИД-19-ын шинэ вирусын эсрэг эмийг шинж тэмдэг бүхий КОВИД-19-ийн халдвартай өвчтөнүүдэд яаралтай үед хэрэглэхийг зөвшөөрчээ.
Гэхдээ энэхүү эмийг зөвхөн коронавирусын халдвар шинжилгээгээр батлагдсан (тест эерэг), хүндээр өвдөх эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд эмчийн жороор хэрэглэх ба шинж тэмдэг эхэлснээс эсвэл оношлогдсоноос хойш 5 хоногийн дотор хэрэглэж эхлэх хэрэгтэй байна.
Одоогоор амтлах мэдрэхүй буурах, гүйлгэх, даралт ихсэх, булчингаар өвдөх гаж нөлөөнүүд бүртгэгдсэн байна.
АНУ-д Омикроны тохиолдлын тоо эрс нэмэгдсэн тул энэхүү эмийн зөвшөөрлийг олгожээ. Тус компаний судалгаагаар энэ эм нь хөнгөн болон дунд хэлбэрээр өвдөж буй хүмүүсийн эмнэлэгт хэвтэлт болон нас баралтыг 89%-иар бууруулна гэжээ. Паксловид-ыг Ремдезивиртэй хавсран хэрэглэж болно.
КОВИД-19 халдварын эсрэг вирусын эсрэг эм нь цаашид гэрээр хэрэглэхэд хялбар, бага болон дунд орлоготой орнуудад эмчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талуудтай юм.
Техас мужийн Хьюстон дахь Baylor анагаах ухааны коллежийн халдварт өвчний тэнхимийн профессор Кулкарни “Дархлаажуулалтанд хамрагдаагүй эсвэл өмнө нь халдвар аваагүй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэлт болон нас баралтаас урьдчилан сэргийлэхэд өндөр үр нөлөө үзүүлж байна. Өвчтөнүүдийн хөгшин, залуу, хавсарсан эмгэгтэй эсэхээс үл хамааран үр дүн нь адил байна” гэжээ.
Өмнөд Флоридагийн KIDZ эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн хүүхдийн уушгины зөвлөх эмч Кунжана Мавунда “Энэ эм нь найдвар төрүүлж байгаа ч бүх зүйлийн хариулт биш бөгөөд хүмүүс ганц эмээр бүгдийг эмчилнэ гэж бодож байгаад санаа зовниж байна. 12-с дээш насныханд хэрэглэж болох боловч 12-с доош насны маш олон хүүхдүүд хэрэглэх боломжгүй хэвээр байна” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден “Энэхүү эмийг үйлдвэрлэж нийлүүлэхэд цаг хугацаа шаардагдах нь тодорхой боловч ирэх саруудад үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж 1 дүгээр сар гэхэд 250,000 эмчилгээний курсыг бэлэн болгож халдвар өндөр байгаа мужуудын эмнэлгүүдэд хуваарилах болно.” гэжээ.
Амаар уух хэлбэрийн эмийн зөвшөөрөл олгогдсон нь КОВИД-19-ын эсрэг эмчилгээний том дэвшилт боловч эмийн нийлүүлэлт хязгаарлагдмал байна.
Эх сурвалж: FDA Authorizes Pfizer Antiviral Pill for COVID-19 – Medscape – Dec 22, 2021.