Пребиотик ба пробиотик: Ялгаа нь юу вэ?
Пребиотик ба пробиотик
Пробиотикууд нь таны биед амьдардаг, гэдэс доторх хоолыг задлахад тань тусалдаг бактериуд юм. Таны бие махбодын үйлдвэрлэдэг пробиотикуудтай ижил эсвэл маш төстэй пробиотикуудыг хоол боловсруулалтыг сайжруулахын тулд та нэмэлтээр ууж болно. Сүүлийн жилүүдэд пребиотик хэмээх шинэ бүлгийн нэмэлт тэжээлийг пробиотиктой хослуулан сурталчлах болсон.
Пребиотикууд нь таны биед шингэдэггүй нүүрс уснаас бүрддэг. Эдгээр нь таны бие дэх пробиотик бактериудын хоол нь болж өгдөг. Пребиотик ба пробиотикийг хамт хэрэглэхийг микробиомын эмчилгээ гэж нэрлэдэг. Пробиотикууд ажиллахын тулд та пребиотик хэрэглэх шаардлагагүй, гэхдээ тэдгээрийг хамтад нь хэрэглэх нь пробиотикийг илүү үр дүнтэй ажиллахад тусалдаг.
Пребиотик гэж юу вэ?
Пребиотикууд нь үнэндээ бактери агуулдаггүй. Эдгээр нь бактерийг үржүүлэхэд тусалдаг түлш юм. Бүх пребиотикууд бол хүнсний эслэгийн нэг төрөл. Сонгино, саримс, аспарагус, улаан лооль, алмонд, буурцагт ургамал, жимс зэрэг нь пребиотикийн эх үүсвэрүүд юм.
Хүнсний эх үүсвэр нь пребиотик ба пробиотикийг хоёуланг нь агуулж байвал энэ хослолыг синбиотик гэж нэрлэдэг. Синбиотик хүнсэнд бяслаг, кефир, зарим төрлийн тараг орно. Пребиотикийг хүнсний нэмэлт эсвэл капсул хэлбэрээр ч худалдан авах боломжтой. Тэдгээр нь шингэн болон нунтаг хэлбэртэй байдаг.
Пребиотикууд дангаараа тийм ч их ашиг тустай нь хараахан тогтоогдоогүй байгаа юм. Саяхан нярайн сүүнд нэмсэн пребиотикууд нь сүүн тэжээлийг эхийн сүүний агууламжтай илүү төстэй болгодог болохыг тогтоожээ.
Пробиотик гэж юу вэ?
Хүмүүс пробиотик бактерийн тухай ярихдаа ерөнхийдөө хоёр төрлийн бактерийг нэрлэдэг – Lactobacillus болон Bifidobacterium-ийн омгууд. Бага зэрэг исгэсэн олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд нь байгалийн пробиотикийн эх үүсвэр болдог. Жишээ нь даршилсан байцаа болон бусад ногоо, кимчи, тараг гэх мэт. Пробиотикийг мөн хүнсний нэмэлт тэжээл болгон худалдаж авч болно. Тэд мөн л нунтаг эсвэл шингэн хэлбэртэйгээр борлуулагддаг. Пробиотикуудыг ихэвчлэн хөргөгчинд хадгалах шаардлагатай бөгөөд энэ нь тэдгээрт агуулагдах бактерийг амьд, үржихэд бэлэн байлгахын тулд юм.
Пребиотик ба пробиотикуудын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус
2012 онд судалгаагаар ойролцоогоор 4 сая насанд хүрсэн хүн пробиотикийг ашигладаг болохыг тогтоожээ. Гэдэсний бактерийг нөхөхийн ач тусыг нарийн тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай хэвээр байгаа ч пробиотикууд нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай болохыг тогтоосоор байна.
Зарим судалгаагаар пребиотик ба пробиотикууд нь суулгалт, харшлын эмгэг, тэр ч байтугай ханиадыг эмчлэхэд үр дүнтэй болохыг харуулж байна. Пребиотик ба пробиотикуудыг таргалалтаас урьдчилан сэргийлэх эмчилгээ болгон ашиглахыг ч санал болгосон байдаг. Судлаачид мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд пребиотик болон пробиотикуудын нөлөөг судалж байгаа аж. Нэгэн судалгаагаар пробиотикууд нь үе мөчний үрэвсэлд үр дүнтэй эмчилгээ болдгийг харуулсан байна.
Пребиотик ба пробиотикуудын эрсдэл ба гаж нөлөө
Синбиотик дэглэм барьж эхлэхэд зарим нийтлэг гаж нөлөө илэрдэг. Заримдаа, ялангуяа дэглэмийн эхэн үед өтгөн хатах, хоолны дуршил буурах зэрэг тохиолдол гардаг. Гэдэс дүүрэх, улаан хоолойн сөөргөөний тохиолдол ч мөн бүртгэгдсэн байна.
Пробиотикуудын нэг гаж нөлөө нь таны биеийн тухайн бактериудын эсрэг харшлын урвал үзүүлэх явдал юм. Хэрэв та пребиотик эсвэл пробиотик уусны дараа чонон хөрвөс, ходоод хүчтэй өвдөх шинж илэрч байвал тус нэмэлтийг хэрэглэхээ зогсоож эмчид хандахыг зөвлөж байна.
Заримдаа антибиотик хэрэглэж байгаа хүүхдүүдэд пробиотик хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ та 12-оос доош насны хүүхдэд пробиотик өгөхөөс өмнө хүүхдийнхээ эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Пробиотик болон пребиотикууд нь жирэмслэлт, хөхүүл үед аюулгүй гэж үздэг. Жирэмсний болон төрсний дараах үеийн шинэ нэмэлт хэрэглэж эхлэхээс өмнө эмчээсээ бүх зүйлийг тодорхой мэдэж авахыг танд зөвлөж байна.
Дүгнэлт
Пробиотик бүр нь нянгийн омгоос шалтгаалан өөр өөр байдаг. Бүх пробиотикууд танд адилхан үйлчлэхгүй бөгөөд хүн бүр пробиотик хэрэглэх шаардлагагүй. Хэрэв та лактоз үл тэвчих шинжтэй бол сүүн бүтээгдэхүүнгүй пробиотикийг хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв танд мөөгөнцрийн (Candida) хэт их ургалт оношлогдсон бол Candida агуулаагүй пробиотикийг сонгоорой.
Антибиотик эм хэрэглэж байгаа хүмүүс пребиотик ба пробиотикийн хослолыг хамтад нь хэрэглэхэд хамгийн үр дүнтэй байдаг. Синбиотик нөлөө нь антибиотик ууж байх үед устгаж буй эрүүл бактерийн эсрэг тэмцэхэд тусалдаг.
Эх сурвалж:
- https://www.healthline.com/health/prebiotics-vs-probiotics#probiotics
- https://www.nccih.nih.gov/health/statistics-from-the-national-health-interview-survey#2012-nhis
- https://www.nccih.nih.gov/health/probiotics-what-you-need-to-know
- https://pubmed.ncbi.nlm.nih.gov/28421057/
- https://pubmed.ncbi.nlm.nih.gov/28160762/
- https://pubmed.ncbi.nlm.nih.gov/15220662/