Бодисын солилцооны хам шинж (Metabolic syndrome)
Бодисын солилцооны эмгэг, Дотор судлал, Эндокринологи
Тойм
Бодисын солилцооны хам шинж нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэлт, триглицерид ихсэх, HDL-холестерин буурах, өлөн үеийн глюкоз ихсэх зэрэг харилцан уялдаатай эрсдэлт хүчин зүйлс нэг хүнд хавсран илрэх эмнэлзүйн төлөв юм. Энэ нь тусдаа нэг өвчин гэхээс илүүтэй 2-р хэв шинжийн чихрийн шижин, атеросклерозын гаралтай зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, бөөрний архаг өвчин болон бодисын солилцооны алдагдалтай холбоотой элэг өөхлөх өвчний эрсдэл нэмэгдсэнийг илтгэнэ.
Хам шинж ихэвчлэн зовиургүй тул бүсэлхийн тойрог, биеийн жингийн индекс (BMI), артерийн даралт, өлөн үеийн глюкоз, триглицерид болон HDL-холестериныг хамтад нь үнэлж илрүүлнэ. Олон улсын 2009 оны уялдуулсан шалгуураар таван үзүүлэлтийн гурваас доошгүй нь хангагдсан бол оношийн шалгуур хангана. Аль нэг үзүүлэлт заавал байх шаардлагагүй бөгөөд бүсэлхийн тойргийн босгыг хүн ам, угсаатны онцлогт тохируулна.
Эмчилгээний үндэс нь хувь хүнд тохирсон хооллолт, тогтмол хөдөлгөөн, илүүдэл жинг бууруулах, тамхинаас татгалзах болон нойрыг сайжруулах явдал юм. Хам шинжийг нэг эмээр эмчлэхгүй. Артерийн гипертензи, дислипидеми, глюкозын солилцооны алдагдал, таргалалт болон бөөр, элэгний хавсарсан эмгэг бүрийг тусад нь нотолгоонд суурилан эмчилнэ.
Тодорхойлолт ба оношилгооны шалгуур
Үндсэн тодорхойлолт: Хэвлийн таргалалт, глюкоз болон өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэлт зэрэг харилцан уялдаатай эрсдэлт хүчин зүйлс нэг хүнд хавсран илрэх эмнэлзүйн төлөвийг бодисын солилцооны хам шинж гэнэ.
2009 оны уялдуулсан шалгуур
Дараах таван үзүүлэлтийн гурваас доошгүй нь илэрсэн насанд хүрэгчид оношийн шалгуур хангана.
| Үзүүлэлт | Оношийн босго |
|---|---|
| Бүсэлхийн тойрог | Тухайн хүн ам, угсаатанд тохирсон босгоос их буюу тэнцүү* |
| Триглицерид | ≥150 mg/dL (≥1.7 mmol/L) эсвэл триглицерид бууруулах эмчилгээ хийлгэж байгаа |
| HDL-холестерин | Эрэгтэйд <40 mg/dL (<1.0 mmol/L), эмэгтэйд <50 mg/dL (<1.3 mmol/L) эсвэл HDL-холестерин бууралтын эмчилгээ хийлгэж байгаа |
| Артерийн даралт | Систолын даралт ≥130 mmHg ба/эсвэл диастолын даралт ≥85 mmHg, эсвэл артерийн гипертензийн эмчилгээ хийлгэж байгаа |
| Өлөн үеийн сийвэнгийн глюкоз | ≥100 mg/dL (≥5.6 mmol/L) эсвэл цусны глюкоз ихсэлтийн эмчилгээ хийлгэж байгаа |
* Тайлбар: 2009 оны уялдуулсан шалгуурт бүсэлхийн тойргийн босгыг тухайн хүн амд тохируулна. IDF-ийн Азийн лавлах босго нь эрэгтэйд ≥90 см, эмэгтэйд ≥80 см. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний зааварт төвийн таргалалтын босгыг эрэгтэйд >90 см, эмэгтэйд >80 см гэж заасан. Энэ нь Монгол хүн амд тусгайлан баталгаажсан босго гэсэн үг биш.
Монголын заавар ба 2009 оны шалгуурын ялгаа
Монгол Улсын 2021 оны архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний зааварт IDF 2005-тай адил төвийн таргалалт болон нэмэлт дөрвөн үзүүлэлтийн хоёрыг шаарддаг. Харин 2009 оны уялдуулсан олон улсын шалгуурт таван үзүүлэлтийн гурав нь хангагдсан байхад хангалттай бөгөөд аль нэг үзүүлэлт заавал байхгүй.
Биеийн жингийн индекс (BMI)
BMI нь биеийн жинг өндрийн квадратад хувааж тооцдог үзүүлэлт бөгөөд хэвлийн өөхний тархалтыг дангаараа илэрхийлэхгүй. Иймээс BMI болон бүсэлхийн тойргийг хамтад нь хэмжинэ.
| Насанд хүрэгчдийн BMI ангилал | BMI, kg/m² |
|---|---|
| Жин дутал | <18.5 |
| Хэвийн жин | 18.5–24.9 |
| Илүүдэл жин | 25.0–29.9 |
| Таргалалтын I зэрэг | 30.0–34.9 |
| Таргалалтын II зэрэг | 35.0–39.9 |
| Таргалалтын III зэрэг | ≥40.0 |
Тайлбар: BMI = биеийн жин (kg) ÷ биеийн өндөр² (m²). Энэ ангилал насанд хүрэгчдэд хамаарна.
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !