Тамирчдын амжилтын нууц нь гэдэсний микрофлор байх боломжтой

Хүний хоол боловсруулах замд 400 гаруй төрлийн микрофлороос бүрдэх нянгийн бичил орчин байдаг ба эмгэг төрөгч нянгийн үржлийн эсрэг биологийн хамгаалалт тогтоох, дархлаа идэвхжүүлэх, төрөл бүрийн бодисын солилцоог зохицуулах зэрэг үүрэгтэй. Тэгвэл судлаачид тамирчдын бүдүүн гэдэсний энэхүү бичил орчноос Veillonella atypica төрлийн микрофлорыг илрүүлсэн бөгөөд энэ нь спортын бэлтгэл, тэмцээн уралдааны явцад үүссэн сүүн хүчлийг задалж улмаар тамирчдын гүйцэтгэл, чадамжийг сайжруулах нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Лабораторийн хулгана дээр хийсэн туршилтаар энэхүү ашигтай бактери нь мэрэгч амьтдын тэсвэр болон биеийн хүчийг нэмэгдүүлж байсан аж. Тэдний үзэж буйгаар тамирчдын-микроб гэж нэрлэгдэх Veillonella atypica-г эрч хүч суларсан хүмүүст болон өвчтөний хүч чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэх боломжтой гэжээ.

Орчин үеийн судалгаа шинжилгээний ажлууд нь хоол тэжээл, хүнсний бүтээгдэхүүн дэх амьд нянгууд хүний дархлаа, хоол боловсруулалт, сэтгэл санааны байдал, амьсгалын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, хүүхэд болон хүн амын эрсдэлт бүлгийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчлөлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлж байгааг тогтоосоор байна.

Хоол тэжээлээс гадна гэдэсний ашигтай бактерийн үржилд бие махбодын хөдөлгөөн, идэвхтэй байдал нь нөлөөлдөг болохыг судалгаагаар аль хэдийн нотолсон байдаг. Харин эсрэгээрээ буюу микрофлор нь хүний биеийн хөдөлгөөний идэвхэд хэрхэн нөлөөлдөг талаар бага судлагдсан ба үүнийг илрүүлэх зорилгоор Харвардын анагаах ухааны их сургуулийн эмч нар шилдэг тамирчид дээр энэхүү судалгааг хийжээ.

Гэдэсний микрофлор нь тамирчдын тэсвэр, хүч чадалд нөлөөлдөг

Судлаачид марафон гүйлтийн болон сэлүүрт завины тамирчдын өтгөний дээжээс Veillonella atypica төрлийн бактерийн агууламж ихэссэн болохыг тогтоов.

Булчингийн үйл ажиллагааны үр дүнд үүссэн сүүний хүчил нь Veillonella atypica төрлийн бактерийн эндомикроэкологид, мөн түүний үржилд нөлөөлдөг байж болох ба эргээд сүүний хүчлийг задалж булчингийн чадамжийг нэмэгдүүлдэг гэж үзэж байна.

Энэ бол микроб хүн хоёрын эвсэн нэгэндээ ашигтай амьдарч буйн маш тод жишээ юм

Aleksandar Kostic (Harvard Medical School in Boston)

Судалгааны арга зүй

Тамирчдын өтгөнөөс Veillonella atypica-ийн микрофлорыг тусгаарлан авч, тэдгээрийг хулганы гэдсэнд зондоор дамжуулан хийсэн. Харьцуулалтын бүлэгт Lactobacillus bulgaricus төрлийн микрофлорыг хийсэн ба тэдгээр хулгануудыг гүйлтийн зам дээр цуцаж зогсох хүртэл нь гүйлгэж үргэлжлэх хугацаагаар нь харьцуулан дүгнэсэн. Veillonella atypica бактеритай хулганын гүйлтийн чадамж 13%-иар өссөн байна.

Үүнээс гадна C-13 маркертай сүүний хүчлийг судсаар тарьсны дараа бүдүүн гэдсэнд илрүүлсэн ба сүүний хүчил нь Veillonella atypica бактерийн тэжээл болж түүний задралын дүнд цууны хүчил (ацетат) болон пропионы хүчил (пропионат) үүсдэг байна.

Пропионы хүчил нь бодисын солилцоог идэвхжүүлж, булчингийн үйл ажиллагаа сайжруулах нөлөөтэй байдаг нь бусад судалгаагаар урьд өмнө нь батлагдсан бөгөөд энэхүү судалгаагаар ийнхүү дахин нотлогджээ.

Veillonella atypica бактери тамирчдад эерэг нөлөө үзүүлж буй нь сүүны хүчлийн түвшин буурсантай холбоотой бус пропионы хүчилтэй холбоотой юм.

Alexander Kostic

Харвардын судлаачдын баг нь одоогоор Veillonella atypica бактерийн пробиотик бэлдмэл гарган авч тэр нь биеийн эрч хүч, идэвхийг нэмэгдүүлэхэд туслах эсэхийг судлахаар ажиллаж байна. Тэдний үзэж буйгаар энэхүү микрофлор нь бодисын солилцооны эмгэгийн үед ялангуяа биеийн эрч хүч, идэвх суларсан өвчтөнүүдэд тусална хэмээн найдаж байна.

Санхүүжилт: American Diabetes Association (ADA), Smith Family Award for Excellence in Biomedical Research, Pathway to Stop Diabetes Initiator Award

Эх сурвалж: Scheiman J, Luber JM, Chavkin TA, MacDonald T, Tung A, Pham LD, Wibowo MC, Wurth RC, Punthambaker S, Tierney BT, Yang Z, Hattab MW, Avila-Pacheco J, Clish CB, Lessard S, Church GM, Kostic AD. Meta-omics analysis of elite athletes identifies a performance-enhancing microbe that functions via lactate metabolism. Nat Med. 2019 Jul;25(7):1104-1109. doi: 10.1038/s41591-019-0485-4. Epub 2019 Jun 24

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !