search-last
Ковид-19 халдварын лабораторийн оношилгоо, хяналтын асуудал

Дэлхий дахинд дэгдээд буй Ковид-19 цар тахал нь эмнэлзүйн лабораториудад өвчнийг анх оношлохоос авахуулаад өвчтөнийг хянах, эмчлэхэд шаардлагатай шинжилгээнүүдийг цаг алдалгүй хурдан боловсруулах, үйлдвэрлэх, түгээх зэргээр урьдчилан таамаглаагүй томоохон сорилт болж байгаа билээ. Үүнийг дагаад эдгээр шинжилгээг урьд өмнө байгаагүй хурдан бөгөөд хамгийн бага шалгуураар баталгаажуулах шаардлага урган гарсан тул оношилгооны нарийвчлалын асуудал санаа зовоож байна.

Молекулын шинжилгээ:

Нуклеины хүчил олшруулах шинжилгээ (NAATs) нь одоогоор COVID-19-ийн сэжигтэй тохиолдлыг оношлох алтан стандарт юм. Ковид-19-ын оношилгоонд хамгийн түгээмэл хэрэглэж буй NAAT оношилгоо бол бодит хугацааны полимеразын гинжин урвал (rRT-PCR) юм. Олон судалгааны үр дүнд үндэслэн SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний сорьцыг хамар залгиураас авч байгаа ба ханиалга илэрсэн, эмнэлэгт хэвтэж буй хүмүүст амьсгалын доод замаас (жишээ нь цэрний шинжилгээ) шинжилгээ авах нь үр дүнтэй байна.

Халдварын эрт үе эсвэл сүүлийн шатанд, вирүсийн үржил бага үед болон шинжилгээний сорьцыг буруу авсан тохиолдолд хуурамч сөрөг хариу гарах магадлалтай. Судалгаагаар хоолойн арчдасийн шинжилгээгээр вирүсийн үржил шинж тэмдэг эхэлснээс 5 дахь хоногт, шүлсэнд 7 дахь хоногт хамгийн оргил цэгтээ хүрч байна. Хятадад ковид-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн 216 хүнд хийсэн судалгаагаар шинж тэмдэг эхэлснээс 17-24 (медиан хоног – 20) хоногт rRT-PCR шинжилгээний хариу сөрөг гарч байжээ.

Түүнчлэн молекулын шинжилгээ нь SARS-CoV-2 вирүсийн өвөрмөц уураг, генийг (S, N, E уураг, RdRp, OPF1ab) таньж илрүүлэх үндсэн зарчим дээр суурилдаг. Тиймээс эдгээр уураг, генийн шинэ мутаци, хослолын улмаас сорьцонд дахь РНХ дараалал болон урвалжийн праймер, пробны дараалал зөрсний улмаас хуурамч сөрөг хариу гарах магадлалтай юм. Анх нөхцөл байдлын улмаас ковид-19 халдварыг илрүүлэх урвалжуудыг маш хурдан хугацаанд, хамгийн бага баталгаажилттайгаар нэвтрүүлж байсан хэдий ч сүүлийн үед эдгээр урвалжийн оношилгооны чадамжийг тогтоох, харьцуулах судалгаанууд цөөнгүй хийгдэж байна.

Дархлалын шинжилгээ:

Энэхүү шинжилгээ нь бүхэл цус, ийлдэс, сийвэнд SARS-CoV-2 вирүсийн эсрэгтөрөгчид өвөрмөц эсрэгбиеийг (IgG, IgM, IgA) илрүүлэх шинжилгээ юм. Дархлалын шинжилгээгээр сэжигтэй тохиолдол, ялангуяа өвчний хөнгөн, дунд хэлбэрийг илрүүлэх, өвчний хожуу шатанд буюу молекулын шинжилгээгээр илрээгүй тохиолдлыг илрүүлэх, өмнө нь халдвар авсан эсэх болон хүн амын дунд өвчний тархалтыг тогтоох ач холбогдолтой. Молекул шинжилгээний нэгэн адил шинжилгээг өвчний аль үе шатанд хийж байгаа нь чухал. Тухайлбал, судалгаагаар өвчний шинж тэмдэг эхэлснээс 7-14 хоногийн дараа эсрэгбиеүүд үүсч, цусанд илэрч байна.

Үүнээс гадна тухайн хүнээс хамаарч шинжилгээний хариу буюу эсрэгбиеийн титр янз бүр тодорхойлогдож болно. Судалгаагаар ковид-19 халдварын хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст IgG, IgM титр харьцангуй өндөр тодорхойлогдож байсан. Мөн зарим шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүмүүст вирүсийн үржил бага байсантай холбоотой шинжилгээгээр эсрэгбие илрээгүй тохиолдол ч байжээ. Тиймээс цаашид энэ шинжилгээг эмнэлзүйн янз бүрийн бүлэгт хийсэн судалгаанд үндэслэн хүн амын дундах тархалтыг тогтооход хэрэглэж болох эсэхийг тодорхойлох шаардлагатай юм.

Ихэнх үйлдвэрлэгчид өөрсдийн урвалжийн өвөрмөц болон мэдлэг чанарыг үнэлэхдээ эмнэлэгт хэвтэгсдэд буюу өвчний хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн сорьцонд судалсан байдаг. SARS-CoV-2 вирүс нь 2002-2003 онд дэгдэж байсан SARS-CoV-1 вирүстэй генетикийн хувьд 80% адилхан учир насанд хүрэгсдэд өмнөх SARS халдварын эсрэгбие болон бусад омгийн коронавирүсийн эсрэгбие цусанд эргэлдэж буйтай холбоотой хуурамч эерэг хариу гарах магадлалтай юм. Хэдийгээр үйлдвэрлэгчид тэдний урвалжууд хөндлөн урвал (cross-reactivity) үүсгэхгүй гэж мэдэгдсээр байгаа ч цаашид энэ талын судалгаа, нотолгоо шаардлагатай хэвээр байна.

Биохимийн шинжилгээ:

Ковид-19 оношлогдсон өвчтөнд цус, биохимийн шинжилгээг тогтмол хийж, өвчтөний биеийн байдал, эмчилгээ, хяналтын менежментийг хийнэ. Ковид-19 халдварын хүнд хэлбэрийн үед үрэвслийн цитокинууд, тодорхой хэлбэл IL-6, TNF-α ихэсдэг ба эдгээр нь зөвхөн оношилгооны биомаркер бус өвчний явц, тавиланг тодорхойлох ач холбогдолтой. Гэвч эдгээр цитокиныг тодорхойлох шинжилгээ эмнэлзүйд хараахан нэвтрээгүй тул үрэвслийн явцыг тодорхойлох зорилгоор ферритин, С-урвалж уураг, эритроцитын тунадасжих хурд, прокальцитонин зэргийг биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлно.

Биохимийн эдгээр үзүүлэлтүүдээс гадна цусны шинжилгээнд лимфопени, нейтрофил лимфоцитын харьцаа, тромбоцит лимфоцитын харьцаа ихсэх нь өвчний хүндийн зэргийг илтгэж байна. Мөн өвчтөнд зүрх, элэг, бөөрний биомаркеруудыг тодорхойлох нь эдгээр эрхтэн тогтолцооны талаас гарах хүндрэлийн эрсдлийг үнэлж, хянах ач холбогдолтой. Ковид-19-ын үед зүрх судасны талаас а) вирүсийн шалтгаант миокардит, б) миокардын шууд гэмтэл, в) цитокин хамааралт миокардын гэмтэл, г) микроангиопати, д) титэм судасны эмгэгийн сэдрэл зэрэг хүндрэлүүд гарч болно.

Түүнчлэн судалгаагаар ковид-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн дунд элэгний гэмтэл ажиглагдаж байгаа бөгөөд ГГТ дангаараа (ШФ хамт биш) ихсэж байгаа нь эмийн шалтгаант гэмтэл байх магадлалтайг харуулж байна. Ковид-19 халдварын үед элэгний талаас а) үрэвслийн хүчтэй хариу урвалаас үүдсэн элэгний гэмтэл, б) цөсний замын эпитель эс дэх вирүсийн репликацийн улмаас шууд цитотоксик гэмтэл үүсэх, в) хүчилтөрөгчийн дутагдлын улмаас элгэнд хипокси үүсэх, г) эмийн шалтгаант элэгний үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсч болно. Өмнөх 2002 оны SARS-тай харьцуулвал бөөрний дутагдал, гэмтэл харьцангуй бага тохиолдож байгаа боловч а) бөөрний эд дэх вирүсийн репликацийн улмаас шууд гэмтэл үүсэх, б) үрэвслийн хүчтэй хариу урвалаас үүдсэн бөөрний гэмтэл, в) эрхтэн тогтолцооны харилцан хамаарал буюу кардиомиопатийн улмаас бөөрний судасны өөрчлөлт гарах зэргээр бөөрний эмгэг үүсч болно.

Ашигласан эх сурвалж: Bohn MK, Lippi G, Horvath A, Sethi S, Koch D, Ferrari M, Wang CB, Mancini N, Steele S, Adeli K. Molecular, serological, and biochemical diagnosis and monitoring of COVID-19: IFCC taskforce evaluation of the latest evidence. Clin Chem Lab Med. 2020 Jun 25;58(7):1037-1052. doi: 10.1515/cclm-2020-0722.

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32459192/

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter
Share on whatsapp
B1
SARS-COV2- вирүсийн халдварын үеийн уушгины гэмтэл
SARS-COV2- вирүсийн халдварын үеийн уушгины гэмтэл
Жингээ хасахын тулд яагаад дасгал хийх хэрэггүй вэ ?
Жингээ хасахын тулд яагаад дасгал хийх хэрэггүй вэ ?
Нийтлэл бичих уралдаан зарлагдлаа
Нийтлэл бичих уралдаан зарлагдлаа
Хүнсний харшлаас сэргийлэх таван Д (five D’s)
Хүнсний харшлаас сэргийлэх таван Д (five D's)
FDA буюу АНУ-ын хүнс, эмийн хяналтын албанаас чихрийн шижингийн 10 бүтээгдэхүүнд анхааруулга өгчээ.
FDA буюу АНУ-ын хүнс, эмийн хяналтын албанаас чихрийн шижингийн 10 бүтээгдэхүүнд анхааруулга өгчээ.
C1