search-last
Хүний гэдэсний нянгийн генүүд ба өвчлөл

Бид хэзээ ч ганцаараа байдаггүй, тэр ч байтугай өөрсдийнхөө бие дотор. Хүний биед хүний микробиомыг бүрдүүлдэг олон триллион бактери, мөөгөнцөр, вирус болон бусад бичил биетүүд амьдардаг. Сүүлийн жилүүдэд бидний биед оршин суугч эдгээр бактерийн холимог буюу ямар төрөл зүйл байгаа нь таргалалтаас эхлээд олон төрлийн өвчлөлтэй холбоотойг судлан тогтоогоод байгаа билээ.

Тэгвэл Харвардын Анагаах ухааны сургууль (Harvard Medical School) болон Жослин диабетийн төвийн (Joslin Diabetes Center) судлаачид энэ чиглэлийн судалгаанд нэг алхам урагшлан хүний гэдэсний нянгийн удмын мэдээллийг судлаж, эдгээр бактерийн бүлэг генүүд олон төрлийн өвчлөлтэй холбоотойг олж тогтоожээ. Энэ нь цаашид эрдэмтэд хүний микробиомын удмын мэдээллийг шинжилж, тухайн хүний өвчин эмгэгийг илрүүлэх, эрсдэлийг тодорхойлох оношилгооны шинэ аргыг нээн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус судалгааны ажил нь энэ оны тавдугаар сард Nature Communications сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд бактерийн зарим генүүд титэм судасны эмгэг, 2-р хэлбэрийн чихрийн шижин, элэгний цирроз, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, бүдүүн гэдэсний хавдрын өвчлөлтэй холбоотой байгаа талаар өгүүлжээ. Судалгааны үр дүнгээр титэм судасны эмгэг, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин болон элэгний циррозын үед гэдэсний бактерийн ижил генүүд илэрч байжээ.

Өөрөөр хэлбэл, тус генүүд илэрсэн хүн эдгээр гурван өвчний аль нэгээр юмуу гурвуулангаар нь ч өвчлөх магадлалтай гэсэн үг юм. Судалгааны баг энэхүү судалгаа нь хүний биед орших бичил биетэн болон өвчин эмгэгийн хоорондох хамаарлын талаарх өнөөгийн ойлголтод ихээхэн ахиц дэвшил гаргасан ба энэ үр дүн нь цаашдын судалгаагаар батлагдвал нэг өтгөний шинжилгээгээр тухайн хүний янз бүрийн өвчин эмгэгийн эрсдлийг тодорхойлох оношилгооны шинэ арга бий болох боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн судалгааны баг тэдний судалгаа эдгээр бичил биетны генүүд хэрхэн, яагаад янз бүрийн өвчлөлтэй холбоотой байгааг судлахыг зориогүй бөгөөд одоогоор эдгээр бактери нь өвчин эмгэг үүсч хөгжихөд оролцдог уу, эсвэл энэ үйл явцыг ажиглагчид уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгааг анхааруулсан юм. Судлаачид 13 бүлгийн 2500 гаруй өвчтөний дээжнээс микробиомын мэдээллийг цуглуулж, 7 өвчин ба хэдэн сая бичил биетний төрөл зүйл, бодисын солилцоо, генийн хоорондын хамаарлыг илрүүлэхээр дүн шинжилгээ хийсэн байна. Нийт 67 сая статистикийн тооцоолол, загварчлал гаргаж үзэхэд бичил биетний төрөл зүйл, бодисын солилцооноос илүүтэй генийн илрэл өвчнийг таамаглах чадвар хамгийн өндөр байжээ.

Судалгаанаас гарсан гол үр дүнгүүд:

  • Гэдэсний нянгийн бие даасан нэг ген гэхээс илүүтэй генийн бөөгнөрөл өвчин эмгэгтэй илүү хамааралтай байв.
  • Титэм судасны эмгэг, гэдэсний үрэвсэлт өвчин, элэгний хатуурал микробиомын ижил генетик шинж чанартай байсан. Харин 2-р хэлбэрийн чихрийн шижин бусад фенотипээс ялгаатай микробиомын шинж чанартай байна.
  • Судалгаагаар Solobacterium moorei бактерийн төрөл ба бүдүүн гэдэсний хорт хавдрын хооронд хамаарал байгаагүй ч бүдүүн гэдэсний хорт хавдартай холбоотой S. moorei дэд зүйлийн генийг илрүүлсэн.  Энэ нь генийн түвшний шинжилгээ одоогийн арга барилтай харьцуулахад биомаркеруудыг илүү нарийвчлалтай, өвөрмөц байдлаар гаргаж болохыг харуулж байна.
  • Чихний үрэвсэл, зөөлөн эдийн хоргүй хавдар (аденома) нь гэдэсний микробиомтой сул хамааралтай байсан буюу хүний ​​гэдсэнд орших бичил биетүүд эдгээр эмгэгийн хөгжилд ямар нэг үүрэг гүйцэтгэдэггүй болохыг болохыг харуулж байв.

Харвардын Анагаах ухааны сургуулийн баг өмнөх судалгаагаар хүний бие дэх бичил биетний генийн орчлон ертөнцийн хэмжээг тооцоолох зорилгоор хүний ам болон гэдэсний микробиомын ДНХ-ийн дарааллыг тогтоосон асар их мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үүний үр дүнд хүний микробиомд тэнгэрт үзэгдэх одноос ч олон ген байх боломжтойг илрүүлжээ.

Хүний биед маш олон тооны бичил биетний генүүд оршдог ба эдгээр судалгааны үр дүнгүүд хүний ​​өвчин ба хүний ​​микробиомын хоорондын харилцан үйлчлэлийн нарийн төвөгтэй байдлыг ойлгоход томоохон алхам болж байна гэж судлаачид үзэж байна. Тус багийн судлаач Тиерни “Тооцооллын шинжлэх ухааны туйлын зорилго бол асар их өгөгдлөөс таамаглал гаргах явдал юм. Бид үүнийг хийх боломжтой ба судалгаа, шинжилгээний маш олон шинэ боломжуудыг нээж өгч байна. Гагцхүү энэ нь цаг хугацаа, хүмүүс, хүний нөөцөөр л хязгаарлагдаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: https://hms.harvard.edu/news/gut-check

Судалгааны өгүүлэл: Nature

Хуваалцах:

Probiovison-fiber
Сэрэмжлүүлэг – Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Сэрэмжлүүлэг - Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
C1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл

тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Вита Про С-макс

VITA PRO+C нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжих эрүүл мэндэд тустай Пробиотик буюу ашигтай бактери юм.

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно !