Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг

Эдинбургийн их сургуулийн судлаачдын Circulation сэтгүүлд хэвлүүлсэн судалгаанд парацетамолыг урт хугацаанд хэрэглэх нь даралт ихсэлттэй хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл ба харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг баталжээ.

Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд (NSAIDs) нь даралт ихэсгэж, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг тул өвчин намдаах эмчилгээнд парацетамолыг ихэвчлэн зөвлөдөг. Архаг өвдөлт зэрэг байнгын урт хугацаагаар өвчин намдаах эм хэрэглэх шаардлагатай өвчтөнүүдэд аль болох боломжит богино хугацаагаар өвдөлтийг намдаах хамгийн бага тунгаар хэрэглэхийг судлаачид зөвлөж байна.

Энэхүү судалгаанд даралт ихэсдэг, архаг өвдөлттэй 110 өвчтөнг санамсаргүйгээр 2 бүлэгт хуваан 14 хоногийн турш нэг бүлэгт 1 гр парацетамолыг өдөрт 4 удаа, нөгөө бүлэгт плацебо эмийг өгч, давхар нууцлалтай хийжээ.

Плацебо бүлэгтэй харьцуулахад парацетамол ууж байсан бүлгийн өвчтөнүүдийн даралт илэрхий ихэсч байсан нь ажиглагджээ. Энэ нь NSAID-ийн бүлгийн эмүүдтэй адил байгаа ба зүрх судасны өвчин, харвалтын эрсдэлийг 20% орчим нэмэгдүүлж магадгүй гэж судлаачид үзэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн парацетамолыг урт хугацаагаар хэрэглэж байгаа, ялангуяа даралт ихсэлттэй эсвэл зүрх судасны өвчин, харвалтын эрсдэлтэй хүмүүст хамаатай гэж судлаачдын баг дурдсан байна.

“Парацетамолыг богино хугацаанд толгойн өвдөлтөнд эсвэл халуун бууруулахаар хэрэглэхэд зүгээр ба зөвхөн урт хугацаанд хэрэглэж буй хүмүүст (ялангуяа архаг өвдөлтөнд) хамаатай юм” гэж Үндэсний эрүүл мэндийн байгууллагын Лотиан салбарын Эмнэлзүйн фармокологи ба Нефрологийн зөвлөх, судалгааны багийн ахлагч Лэйн МакИнтейр дурджээ.

“Энэ судалгаагаар дэлхий дахинд хамгийн их хэрэглэгддэг эм болох парацетамол нь даралт ихэсгэж, зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь харагдаж байна. Тиймээс удаан хугацаанд парацетамолыг хэрэглэхээр төлөвлөж буй тохиолдолд эмч болон өвчтөн (ялангуяа зүрх судасны эрсдэлтэй өвчтөнүүдэд) хамтдаа ашиг тус болон эрсдэлийг тооцох хэрэгтэй”
Эдинбургийн их сургуулийн Эмнэлзүйн фармокологийн тэнхимийн дарга Профессор Жеймс Дейр
“Бид эмч нартаа өвдөлтийн менежментийн үед парацетамолыг бага тунгаар эхэлж, тунг үе шаттай ихэсгэж, өвдөлт намдаах шаардлагатай тунгаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг. Зарим өвчтөнүүдэд мэдэгдэхүйц даралт ихэсч байгаа тул архаг өвдөлттэй даралт ихэсдэг өвчтөнүүдэд эмч нар шинээр парацетамолыг зөвлөж байгаа бол маш сайн хянах хэрэгтэй”
Эдинбургийн их сургуулийн Эмчилгээ ба Эмнэлзүйн фармокологийн тэнхимийн дарга, судалгааны ахлагч Профессор Дэвид Вебб

Парацетамол нь АНУ, Европын улсуудад хамгийн түгээмэл хэрэглэгддэг эм ба манай улсад ч мөн хүмүүс их хэрэглэдэг эм юм. Тиймээс богино хугацаанд өвдөлт намдаах, халуун бууруулахаар зөвлөх гэж байгаа үед энэ судалгааны үр дүнд санаа зовохгүйгээр хэрэглэж болох хэдий ч урт хугацаанд өвчтөнд зөвлөх гэж байгаа тохиолдолд зайлшгүй анхаарах хэрэгтэй юм.

Эх сурвалж: https://www.ed.ac.uk/research/latest-research-news/regular-paracetamol-use-linked-to-high-blood-press?fbclid=IwAR3d3HCwd8rTiCBRPHsfMgym49RRahbERqQomyxJi4z2KT7evikhMGxpKT0

Хуваалцах:

Summer-school

Шинээр нэмэгдсэн:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
A1

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.