Буруу хооллолтын дэглэм гэдсэн дэхь ашигтай бичил биетнийг “устгаж”, биеийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг

Агуулга

  • Туршилтаар хулганыг их хэмжээтэй чихэрлэг зүйлсээр хооллоход, тэдгээр хулгануудын гэдсэн дэх хоол хүнсний өөхний шимэгдэлтийг зохицуулдаг дархлааны эсүүд устсан байна.  
  • Эдгээр дархлааны эсүүдээ алдах, биеийн жин нэмэгдэх, цаашлаад чихрийн шижин өвчний анхдагч шинж тэмдгүүд илэрсэн зэрэг нь чихрийн өндөр хэрэглээнээс үүдэлтэй гэдэсний бичил биетний өөрчлөлтөөс үүдэлтэй байжээ.

Өөх тос, чихэр ихтэй барууны маягийн хооллолт нь биеийн жин нэмэгдэх нэг шалтгаан юм. Нөгөө талаасаа илүүдэл жин, таргалалт нь 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчинд хүргэдэг. Энэ эргэх холбоо, хамаарлын механизм хараахан бүрэн тайлбарлагдаагүй хэвээр байгаа боловч судлаачид үүнд дархлааны тогтолцоо болон гэдэсний бичил биетүүдийг холбоотой гэж таамаглажээ.

NIH-ийн санхүүжүүлэлтээр, Колумбын их сургуулийн доктор Ивайло Ивановоор ахлуулсан судлаачид эдгээр нарийн төвөгтэй харилцааг хулгана дээр судлаж байгаа ажээ. Тэд шинэ судалгаандаа өөх тос, чихэр ихтэй хоолоор хооллодог хулганыг, чихэр багатай хоолоор хооллодог хулгануудтай харьцуулсан ба судалгааны үр дүнг 2022 оны 9-р сарын 15-нд Cell-д нийтэлсэн байна.

Өөх тос, чихэр ихтэй хоолоор хооллодог хулгануудыг хэвийн үр тариагаар хооллодог хулгануудтай харьцуулахад биеийн жин илүү нэмэгдэж байсан, мөн тэдгээрт чихрийн шижин өвчний анхдагч шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Өөх тос, чихэр ихтэй хоол идээд ердөө долоо хоногийн дараа гэхэд хулгануудын гэдэсний дархлааны эсэд өөрчлөлт орсон байна. Тэдгээр хулганад биеийн жин нэмэгдэх, бодисын солилцооны асуудлаас хамгаалахад тусалдаг гэгддэг Th17 дархлааны эсүүд илүүтэй цөөрсөн байжээ.

Хулганы гэдсэнд байдаг segmented filamentous bacteria (хэсэгчилсэн судалтай бактери) төрлийн бактери нь Th17 эсийн үйлдвэрлэлийг дэмждэг болох нь өмнөх судалгаагаар батлагдсан билээ. Харин энэ удаагийн судалгаагаар өөх тос, чихэр ихтэй хоолоор хооллодог хулганад дээрх бактерийн түвшин огцом буурч байсан төдийгүй Th17 эсийн үйлдвэрлэл мөн буурч байгааг судалгааны багийнхан тогтоожээ.

Судлаачид хулганыг Th17 эсийг үйлдвэрлэх чадваргүй болгоход, гэдсэнд нь дээрх төрлийн ашигтай бактери байсан ч биеийн жин нэмэгдэх, бодисын солилцооны эмгэгийн шинж тэмдгүүд илэрхээс сэргийлээгүй аж. Харин эсрэгээрээ, хулгануудад Th17 эсийг нөхөн сэргээхэд хулганууд биеийн жингээ хэвээр хадгалж, чихрийн шижин өвчний анхдагч шинж тэмдгүүд илрээгүй байна.  Өөх тос, чихэр ихтэй хүнсээр хооллосон эрүүл хулганад ашигтай бактерийг шилжүүлэн суулгахад төстэй үр дүн гарчээ.

Лавшруулсан судалгаагаар өдөр тутмын хүнсний хэрэглээний чихэр буюу сахароз нь дээрх нөлөөллийг үүсгэдэг голлох чихэр нь байгаа нь батлагджээ.

Ашигтай бактери бүхий хулганыг өөх тос ихтэй боловч чихрийн оронд цардуулаар хооллоход, биеийн жингээ хэвийнээр хадгалсан бөгөөд чихрийн шижин өвчний анхдагч шинж тэмдэг илрээгүй байна. Харин чихэр ороогүй хооллолттой хулгануудад ундны усанд нь сахароз хийж өгөхөд Th17 эсүүд буурч, жин нэмсэн байна.

Судлаачид үргэлжлүүлэн чихэр ихтэй хооллодог хулганын гэдэсний бичил биетний өөрчлөлтийг судлахад; хүнсний сахароз нь гэдэс доторх Erysipelotrichaceae хэмээх овгийн нянгийн хэмжээг ихэсгэдэг болохыг тэд тогтоожээ. Эдгээр бактери нь эргээд Th17 эсийн үйлдвэрлэлийг өдөөдөг ашигтай бактерийг биеээс шахан зайлуулдаг бололтой.

Эцэст нь судлаачид Th17 эсүүд биеийн жин нэмэгдэх, бодисын солилцооны өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй ямар холбоотой болохыг судалжээ. Th17 эсүүд нь хоол хүнсний зарим өөх тосыг гэдэсний эсүүд шингээх явцыг удаашруулж, гэдсэн дэх үрэвслийн үйл явцыг багасгахад тусалдаг болохыг тогтоожээ. Th17 эсүүд байхгүй бол өөхний шингээлт, гэдэсний үрэвсэл нэмэгдсэн байна.

“Бидний судалгаа хооллолт, бичил биетний хэвийн байдал, дархлааны тогтолцооны цогц харилцан үйлчлэл нь таргалалт, бодисын солилцооны хам шинж, 2-р хэлбэрийн чихрийн шижин болон бусад өвчний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна” гэж судалгааны багийн ахлагч Иванов хэлжээ.

Гэдэсний бичил биетнүүд нь хүн, хулгана хоёрын хооронд ялгаатай хэдий ч өмнөх судалгаагаар бодисын солилцооны хам шинжтэй насанд хүрэгчдэд Th17 эсийн үйлдвэрлэлийг өдөөдөг гэдэсний бичил биетүүд цөөн байсныг тогтоож байсан билээ. Иймд хүнсний элсэн чихрийн хүний гэдэсний бичил биетнүүдэд үзүүлэх нөлөөг ойлгохын тулд цаашид лавшруулсан судалгаануудыг хийх шаардлагатай байна.

Нийтлэлч Шарон Ренолдс

Орчуулсан эмч: Ж.Гэрэлмаа

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !