Дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай эрлийз вирус

Амьсгалын замын халдвар үүсгэгч хоёр вирус нэгдэж хүний ​​дархлалын тогтолцооноос зайлсхийж, уушгины эсийг халдварлах чадвартай эрлийз (hybrid) вирус үүсгэж байгааг судлаачид илрүүлжээ. Дэлхий даяар жил бүр 5 сая орчим хүн томуугийн А (influenza A) вирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтдэг бол амьсгалын RSV (respiratory syncytial virus, амьсгалын замын синцитиал вирус) нь тав хүртэлх насны хүүхдийн амьсгалын доод замын цочмог халдварын гол шалтгаан болдог. Хэдийгээр энэ хоёр вирус хавсран халдварлах тохиолдол цөөнгүй байдаг ч нэг эсийн дотор хоёр вирус зэрэг халдварласан үед нэг нэгэндээ ямар хариу урвал үзүүлдэг нь тодорхойгүй байлаа.

Глазговын MRC-их сургуулийн (MRC-University of Glasgow) Вирус судлалын төвийн доктор Joanne Haney нарын судлаачид хүний уушгины эсийг эдгээр хоёр вирусээр халдварлуулж, өндөр нягтралтай микроскоп, амьд эсийн дүрслэл, электрон микроскоп, крио-электрон томографи ашиглан вирус-вирусийн харилцан үйлчлэлийг судлахад вирусууд бие биетэйгээ өрсөлдөхийн оронд нэгдэн далдуу мод хэлбэртэй эрлийз вирус үүсгэдэг болохыг тогтоожээ (RSV – их бие, томуугийн А вирус – модны навч). Тэд эсийн гадна болон мембрантай холбоотой утаслаг бүтцийг илрүүлсэн бөгөөд энэ нь томуугийн А, RSV вирусуудын гадаргуугийн гликопротейн болон РНХ агуулж байжээ. Ингэж үүссэн эрлийз вирус RSV вирусийн гликопротейныг томуугийн А вирусийн эсрэг үүссэн саармагжуулагч эсрэгбиеийг устгахад ашиглаж, томуугийн А вирус эсэд халдварлах, тархах нөхцлийг бүрдүүлж байв. Хэдийгээр саармагжуулагч эсрэгбие нь эрлийз вирүсийн гадаргуу дээрх томуугийн А вирусийн уурагтай холбоотой хэвээр байсан ч хөрш хайбрид вирусийн RSV уургийг ашиглан саармагжуулах замаар халдвар илүү өргөн хүрээтэй тархах нөхцлийг бүрдүүлж байв.

Өөр бүлийн вирусууд геном болон гадаргуугийн уургаараа нэгдэж эрлийз вирус үүсгэж байгаа нь урд өмнө нь тогтоогдож байгаагүй буюу шинэ төрлийн вирусийн эмгэг төрүүлэгч гэж үзэж болох юм. Энэхүү судалгааны үр дүнгээр хавсарсан халдвар яагаад зарим өвчтөнд илүү хүнд явцтай, эмчилгээнд тэсвэртэй уушгины үрэвсэл үүсгэдэг болохыг тайлбарлаж болох юм хэмээн судлаачид найдаж байна. Гэхдээ энэ нь өсгөвөрлөсөн эсүүдэд хийсэн судалгаа бөгөөд хүнд үүссэн уушгины үрэвсэлд нөлөөлдөг гэдгийг нотлохын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатай юм. Түүнчлэн энэ нь зөвхөн томуу, RSV вирусуудад тохиолддог уу, эсвэл бусад вирусийн халдварт ч хамаатай юу гэдгийг цаашид судлах шаардлага гарч байна.

Эх сурвалж:

Haney, J., Vijayakrishnan, S., Streetley, J. et al. Coinfection by influenza A virus and respiratory syncytial virus produces hybrid virus particles. Nat Microbiol (2022). https://doi.org/10.1038/s41564-022-01242-5

https://www.theguardian.com/science/2022/oct/24/immune-system-evading-hybrid-virus-observed-for-first-time-rsv-and-influenza

Хуваалцах:

Summer-school

Шинээр нэмэгдсэн:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
A1

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.