Мэс заслын резидентийн ширээний номууд

Анагаахын сургуулиа төгссөн цагаас эхлээд бидний амьдралын дараагийн бүлэг бол резидент / манай улсад интерн хөтөлбөр хараахан албан ёсоор хөгжөөгүй байгаа тул/ эмчийн амьдрал байдаг билээ. Ямар чиглэлээр резидентэд орох вэ? гэдгээ зарим нь анагаахын сургуульд элсэн орох мөчөөсөө эхлээд шийдсэн байдаг бол зарим нь ахлах дамжаандаа ороод, эсвэл төгссөнийхөө дараа ерөнхий мэргэжлийн эмчээр ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан сонгох нь байдаг. Гэхдээ аль ч тохиолдолд эртдэх оройтох асуудал гэж байхгүй, чиний сонгосон цаг хугацаа бол хамгийн “төгс“ цаг хугацаа юм шүү гэдгийг юун түрүүнд хувиасаа хэлмээр байна.

Нарийн мэргэшилийн чиглэл буюу резидентийн чиглэлээ ерөнхийдөө хувь хүний сонирхол, онцлог чанар, ур чадвар болон ажлын байрны боломжийг харгалзан сонгодог. Мэс засал нь олон төрлийн ур чадвар шаарддаг, цаашид төрөлжин мэргэших олон сонголттой, бүтээлч анагаах ухааны салбаруудын нэг юм. Практикт мэс засал хийх сонирхолтой, шинжлэх ухааны мэдлэгээ хагалгааны өрөөнд хэрэгжүүлэх хүсэлтэй оюутан дүү нартаа мэс заслын мэргэшилийг сонгохыг зөвлөж байна.

Харин нэгэнт мэс заслын нарийн мэргэшилийг сонгоод резиндентдээ орсон л бол байж болох дээд хэмжээнд цагийг ашиглаж, тасралтгүй уншиж суралцахыг хичээж, багш нараасаа нэрэлхэлгүй асууж, ижил төстэй тохиолдлыг судлаж, боломж гарах бүрт практик дадлагыг хийж үзээрэй.

Энэ удаад хувиасаа мэс заслын резидент байх үедээ уншаасай гэж хүсэж байгаа, хөгжингүй улсуудын ерөнхий мэс заслын резидентүүдийн уншдаг, англи хэл дээрх 10+1 номыг танилцуулах гэж байна. Зарим нь бүр аль хэдийн монгол хэл дээр орчуулагдсан гээд боддоо, ГАЙХАЛТАЙ.

  1. WALTER THIEL Photographic Atlas of Practical Anatomy I, II

Хоёр боть атлас бөгөөд дотроо өнгөөр ялгаж загварчилсан зураг болон гаргалгааны үеийн, бүх бүтцүүдийг дэлгэрэнгүй харуулсан бодит фото зургийг хамтад нь оруулсан байдаг нь анатомоо сайн сурахад, бодитоороо хэрхэн харагддагийг суралцахад тун хэрэгтэй. Учир нь бодит мэс заслын үед хэзээ ч биеийн бүтцүүд оюутны ширээний номын чинь зураг шиг хөх, улаан, шар өнгөөр ялгарч харагддаггүй юм. Монгол резидент эмчийн хувьд цалингаараа энэ номыг худалдан авна гэдэг “амьдралгүй“ сонсогдох ч сайн хайж чадвал pdf хэлбэрээр нь интернэтээс “үнэгүй“ олж болдог.

Энэ номыг Acland’s Video Atlas of Human Anatomy – тэй хавсруулаад үзчихээд байвал анатомийн мэдлэг чинь “галзуу“ сайжирна .

2.  Fiona Myint: KIRK’S BASIC SURGICAL TECHNIQUES

Энэ номыг уншсанаар мэс заслын эмчийн эзэмшсэн байвал зохих хамгийн анхан шатны суурь техникүүдийг суралцах боломжтой. Өөрийгөө хэрхэн авч явахаас эхлээд багажаа хэрхэн барих, зангилаа хэрхэн хийх, эд эрхтнийг хэрхэн барих цаашлаад өвчтөнтэйгөө хэрхэн харилцах талаар суурь ойлголтуудыг энэ ном өгдөг юм. Хамгийн сүүлд 2018 онд 7-р хэвлэл нь гарсан байсан гэхдээ өмнөх 6-р хэвлэлийг нь мөн интернэтээс “үнэгүй“ олж болно. 6, 7-р хэвлэл аль нь ч байсан ялгаагүй чи маш их зүйлийг энэ номноос мэдэж авна.

3. Churchill Pocketbooks: Churchill’s Pocketbook of Surgery

Энэ номыг санал болгох шалтгаанууд бол цаасан хэлбэрээрээ халаасанд бүрэн багтдаг, хаа ч авч явж байхад хөнгөн, дотроо ерөнхий мэс заслын бүх чиглэлийг агуулсан товч бөгөөд тодорхой мэдээлэлтэй, эмчийн ёс зүйн асуудлуудыг мөн багтаасан, цээжлэж уншихад амар болгоод гол зүйлсийг нь өнгөөр ялгаад тэмдэглээд өгчихсөн байдаг. Мэдээж болж өгвөл цаасан хэлбэрийг нь олж аваад дадлагынхаа үед халааслаад явж байвал тун хэрэгтэй.

4. Churchill Pocketbooks: Pocketbook of Differential Diagnosis

Churchill Pocketbooks цувралын дараагийн санал болгох халаасны ном. Гол нь ерөнхий мэс заслын өвчнүүд гэлтгүй эмч хүний мэдвэл зохих ялган оношлогооны асуудлуудыг товч боловч шаардлагатай зүйлсийг хамруулж оруулж өгсөн, гялс сөхөөд харахад амар, мөн өнгөөр ялгаад цээжлэх уншихад хялбар болгочихсон ном.

5. Courtney M. Jr. Townsend: Sabiston Textbook of Surgery

Анхны хэвлэл нь 1936 онд хэвлэгдэж байсан одоо 21 дэх хэвлэл нь хэвлэгдсэн, ерөнхий мэс заслын А-Я-г заах дэлхий даяар ерөнхий мэс заслын резидентүүдэд санал болгодог алдартай сурах бичиг. Сүүлийн хэвлэлүүдийн хувьд судалгаа нотолгоонд тулгуурласан шинэчлэгдсэн мэдээллүүдтэй, ерөнхий мэс заслын онол, дадлага хийхэд шаардагдах өргөн хүрээг хамарсан бөгөөд мэс заслын үеийн нарийвчилсан, бүрэн өнгөт зураг, өндөр чанартай видео клипүүд бүхий CD-дагалддаг /албан ёсоор худалдаж авбал/. Байнга сөхөж харах номнуудын нэг.

6. Mary E. Klingensmith, Paul E. Wise: The Washington Manual of Surgery

/Вашингтон мэс заслын гарын авлага 7-р хэвлэл – Монгол хэлээр орчуулагдсан /

Одоогоор 8 дах хэвлэл албан ёсоор худалдаанд гарсан байгаа боловч 7-р хэвлэл нь албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр Монгол хэлнээ орчуулагдан гарсан. Ашгийн бус үнээр буюу 45000 төгрөгөөр Агапе Христийн Эмнэлэг -дээр зарагддаг. Анхны орчуулагдсан хэвлэл учраас орчуулгын багийн гишүүний хувьд эргэн харахад засч сайжруулах хэрэгтэй зүйлс байгааг нуух юун.

Энэ номны онцлог нь анх санаачлан бичсэн зохиолчид нь тухайн үед өөрсдөө ерөнхий мэс заслын резидентүүд байсан учраас резидент эмчийн мэдвэл зохих бүхий л агуулгыг багтаасан байдаг. Халаасанд бас багтчихаар хэмжээтэй, хөнгөн нимгэн цаасан дээр хэвлэгдсэн байдаг. Жич: Монгол хэлнээ орчуулагчид ч мөн тухайн үедээ бүгд резидент эмч нар байжээ 🙂

7. F. Brunicardi , Dana AndersenTimothy BilliarDavid DunnJohn HunterLillian KaoJeffrey MatthewsRaphael Pollock: SCHWARTZ’S PRINCIPLES OF SURGERY

/ Шварцийн мэс заслын зарчмууд – Монгол хэлээр орчуулагдсан /

АШУҮИС-МДИ -ийн ерөнхий мэс заслын резидентийн хөтөлбөрт ашиглагддаг, монгол хэлнээ албан ёсоор 10 дах хэвлэл нь орчуулагдан гарсан сурах бичиг. Суурь шинжлэх ухаан, анатом, мэс заслын арга барил, сүүлийн үеийн мэргэжлийн хөгжил, манлайллын сургалтын талаар дэлгэрэнгүй бичсэн. АШУҮИС- Ерөнхий мэс заслын тэнхимээс эрхлэн гаргасан тул цаасан хэвлэлийг эх хэл дээрээ унших боломжтойгоороо онцлог. Одоогоор 11 дэх хэвлэл нь хэвлэгдээд байгаа.

8. Lorne Blackbourne: Surgical recall

Мэдэх шаардлагатай зүйлсийг асуулт болон хариултын хэлбэрт оруулж бичигдсэнээрээ онцлог ном. Шалгалтанд бэлтгэх, мэдлэгээ эргэн бататгахад хэрэглэвэл илүү тохиромжтой байх ч мөн л халаасанд багтах, ерөнхий мэс засал болон хэд хэдэн төрөлжсөн мэс заслын чиглэлүүдийг хамруулсан гэдгээрээ мэс заслын тойролтууд дунд жинхэнэ халаасны гарын авлага болно. Нэмээд тухайн өвчний үед илрэх багц шинж тэмдгүүд, лабораторын үзүүлэлтүүд, өвчтөнийг үнэлэх үзүүлэлтүүдийг хялбар цээжлэх аргаар оруулж өгсөн нь бас энэ номыг ЗААВАЛ САНАЛ БОЛГОХ НОМ болгосон.

9. Lee J. Skandalakis (Editor), John E. Skandalakis (Editor): Surgical Anatomy and Technique: A Pocket Manual

Байнга сөхөж харж, хэрэглэж байх номнуудын нэг. Ихэнх гол ажилбар, мэс заслуудыг болон холбогдох бүх анатомийг алхам алхмаар тайлбарласан нь гайхалтай. Маш тодорхой бөгөөд товч, ихэнх тайлбарууд нь мэс заслын өмнө сэргээх зорилгоор эсвэл, багшийнхаа хийх гэж буй ажилбарын, мэс заслын талаар мэдэхэд шаарладагатай зүйлсийг 5-10 минутын дотор уншчихаж болохоор бичигдсэн учраас яах аргагүй резиндент эмчид зайлшгүй байх хэрэгтэй ном.

Сул тал: ХАЛААСАНД БАГТАХГҮЙ 🙁

10. Robert ZollingerE. EllisonTimothy PawlikPatrick Vaccaro: Zollinger’s Atlas of Surgical Operations

Одоогоор 11 дэх хэвлэл нь гарсан. Мэс заслуудыг алхам алхамаар нь, үлгэрчилсэн зургаар харуулсан бүрэн хэмжээний атлас гэдгээрээ онцлог. Сурах бичгээс уншсанаа энэ ном дээр бататган зургаар харах нь мэс заслын тухай бүрэн ойлгоход маш их тусална.

Шинэ хэвлэл нь мэс засал бүрийг хоёр хуудас дээр бүрэн тайлбарласан болно. Баруун талын хуудсанд мэс заслын эмчийн хагалгаа хийхдээ анхаарах ёстой бүх чухал үйлдлийг дүрсэлсэн өнгөт онцлох зураг бүхий гайхалтай дүрслэл байгаа; Нүүр хуудас нь заалт, хагалгааны өмнөх бэлтгэл, мэдээ алдуулалт, байрлал, хагалгааны бэлтгэл, зүсэлт, хаалт, мэс заслын дараах асаргаа зэргийг тайлбарласан.

+11. Association of Women Surgeons: Pocket Mentor

АНУ-ын Эмэгтэй мэс засалчдын нийгэмлэгээс эрхлэн гаргасан, үнэгүй гарын авлага.
(татах линк: Publications & eBooks – Association of Women Surgeons)

Энэхүү номын онцлог нь мэс заслын резидент эмчийн амьдралд тэр дундаа эмэгтэй мэс заслын резидент эмч нарын амьдралд гарч ирэх асуултууд, тэдгээрийн хариулт болсон зөвлөгөө, өвчтөн, мэргэжил нэгтэн болон багш профессөрүүдтайгаа хэрхэн харилцах, асуулт шалгалтанд хэрхэн бэлтгэх зэргээс эхлээд ирээдүйгээ карьераа хэрхэн төлөвлөх, гэр бүлээ хэрхэн төлөвлөх вэ зэргийг багтаасан мэс заслын эмчийн амьдралын сурах бичиг юм.

За тэгээд мэдээж энэ цөөн номоор хязгаарлагдахгүйгээр, эрдэмтэн багш нар, дээд дамжааны ах эгч нар, чиний сонирхож буй чиглэлээр аль хэдийн мэргэшээд ажиллаж байгаа дагалдуулагч эмч нараасаа ямар ном, сурах бичиг уншвал хэрэгтэй талаар заавал асууж байгаарай.

Үүн дээр нэмээд өөрийн туршлага дээр үндэслээд санал болгох номнуудаа дурдаж резидентэд байгаа дүү нартаа туслаарай гэж үеийн эмч нараасаа бас хүсье.

Хэрэв хүсвэл ихэнхи нь надад мөн pdf хэлбэрээр бий учраас имэйл бичээд авч болно шүү.

эцэст нь АМЖИЛТ ХҮСьЕ.

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !