Зөвлөгөө
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн CV буюу Товч намтарт юуг анхаарах хэрэгтэй вэ?
Жаргалсайхан Гэрэлмаа4 мин унших

Америкийн эмэгтэй мэс засалчдын холбоо (AWS) -оос эрхлэн гаргасан " Navigating Your Surgical Career" номын хоёрдугаар хэвлэлийн Your Curriculum Vitae (by Jennifer Doyle, MA) бүлгээс хэрэгтэй гэх хэсгүүдийг нь цуглуулан, орчуулж, эмхэтгэн та бүхэндээ хүргэж байна.
Тойм
Эмнэлгийн мэргэжилтнүүд, ялангуяа академик болон мэс заслын салбарт ажилладаг хүмүүст зориулсан CV (амьдралын товч намтар) хэрхэн бичих, шинэчлэхийн ач холбогдлыг энэхүү нийтлэлээс та олж мэднэ. Түүнчлэн зохиогч нь CV-г “амьд бичиг баримт” гэж үзэх ёстой гэж онцолсон ба шинэ амжилт, илтгэл, нийтлэлүүдийг тусган шинэчилж байхыг зөвлөжээ.
Мөн CV-г хэрхэн бүтээх, шаардлагатай хэсгүүд, формат ямар байвал зохих, бүтцийн онцлогуудыг дурдаж өгчээ.
CV гэж юу вэ?
CV (curriculum vitae) нь хүний , боловсрол, мэргэжлийн амжилт, ажлын туршлагыг дэлгэрэнгүй илэрхийлсэн баримт бичиг юм. Эмнэлгийн мэргэжилтний хувьд таны CV нь мэргэжлийн болон эрдэм шинжилгээний ажлын тань талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг бөгөөд зөв, цэгцтэй бичсэн CV нь ажлын байр болон сургалтанд өрсөлдөх, албан тушаал ахихад чухал үүрэг гүйцэтгэдэг.
CV-д юу, юуг дурдаж оруулах ёстой вэ?
- Боловсрол, Дадлага Сургалт: Эмнэлгийн мэргэжилтний хувьд их сургуулиас хойшх эмнэлзүйн дадлага, резидент, болон нэмэлт сургалтуудыг тодорхой бичнэ.
- Мэргэжлийн Туршлага: CV-д эмчийн ажлын туршлага, ялангуяа эмнэлгийн байгууллагууд дахь ажлын байр, хариуцлага, хийж гүйцэтгэдэг байсан оношилгоо, эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.
- Мэргэшлийн Бүтээлүүд: Судалгаа, шинжилгээний өгүүлэл, сэтгүүлд нийтэлсэн бүтээл, хуралд илтгэсэн илтгэлүүдийг жагсааж, хянан нийтлэгдсэн нийтлэлүүдийг онцолно.
- Тусгай Ур Чадвар: CV-д та өөрийн эзэмшсэн онцгой чадварууд (жишээ нь: оношилгооны аппарат хэрэгслийг ашиглах, мэс засал хийх ур чадвар гэх мэт)-ыг онцлон тусгаж болно. Түүнчлэн багаар ажиллахад шаардлагатай чадваруудаа ч мөн дурдаж оруулж болно. Тухайлбал: удирдан зохион байгуулах, яаралтай үед хурдан шуурхай арга хэмжээ авах гэх мэт.
CV Бүтэц ба Хэлбэр
CV нь бүтцийн хувьд дараах агуулгуудыг багтаасан байх нь зүйтэй.
- Хувийн мэдээлэл: Нэр, холбоо барих мэдээлэл, боловсролын түүх болон диплом, лицензийн мэдээллийг оруулна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд лицензийн дугаарыг тухайн улсын хуулийн дагуу бичих хэрэгтэй.
- Боловсрол: Хэрэв та эрдэм шинжилгээний болон сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа бол сургалтанд хүлээсэн үүрэг, лекцийн сэдэв, сургалтын оролцогчдын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгаж өгөөрэй.
- Мэргэжлийн туршлага: Эмнэлгийн болон академик үүрэг хариуцлагуудыг сүүлийн үеийнхээс эхлэн цаг хугацааны дарааллаар жагсаана.
- Үзүүлж буй үйлчилгээний тухай мэдээлэл: Мэргэшсэн салбарын хүрээнд үзүүлж буй үйлчилгээ, үйлчлүүлэгчдэд үзүүлсэн эмчилгээний онцлог болон өвчтөнтэй харилцах ур чадварын талаар бичнэ.
- Эрдэм шинжилгээний бүтээлүүд: Хянан нийтлэгдсэн болон хянан нийтлэгдээгүй бүтээлүүдийг тусгайлан зааж, сэтгүүл, хурал болон бусад платформ дээрх бүтээлүүдийг оруулна.
- Мэргэжлийн холбоо, шагнал: Мэргэжлийн холбоо, нийгэмлэгт оруулсан хувь нэмэр, гишүүнчлэл, шагнал, хүндэтгэлийг орон нутгийн, үндэсний, олон улсын түвшинд жагсаана.
- Судалгаа болон санхүүжилт: Өнгөрсөн болон одоогийн судалгаа, санхүүжилтийн төслүүдийг жагсаана.
Чухал Зөвлөмжүүд
Амжилтыг онцлох: Мэргэжлийн туршлага, гаргасан өндөр амжилт, одоогийн үүрэг хариуцлагыг тодруулахын тулд тод үсгээр бичнэ. Мэргэжлийн хүрээнд эмч, мэргэжилтэн бусадтай харилцах, хамтран ажиллах ур чадваруудыг бичих нь CV-д тань илүү үнэ цэнэ нэмнэ.
Эртнээс эхэлж, тогтмол шинэчлэх: CV нь “амьд бичиг баримт” байх ёстой бөгөөд шинээр авсан гэрчилгээ, хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, шагнал зэргийг тогтмол тэмдэглэх файл хөтөлж, CV-г хагас жил тутам шинэчлэх нь зүйтэй.
Холбогдох баримт бичгийг архивлах: Илтгэл, сургалтыг тодорхойлох баримт бичгүүд, шагнал, нийтлэл зэргийг хадгалах хэрэгтэй. Энэ нь мэдээллийн бүрэн, үнэн зөв байдлыг батлахад тустай.
Нарийвчилсан үнэн бодит мэдээлэл: Бүх бичилт, огноо, эшлэлийг дахин шалгах хэрэгтэй. Үнэн зөв байдал болон зөв зохион байгуулалт маш чухал; алдаатай бичиглэл нь мэргэжлийн байдлыг сулруулж, ажилд авах эсвэл албан тушаал ахихад сөргөөр нөлөөлж болно.
Формат: Бичиглэлд бүхэлд нь ижил формат баримтална. Уншигдахуйц фонтыг (жишээ нь, Times New Roman, хэмжээ 12) ашиглаж, тусад нь ялгасан хэсгийн гарчгуудыг нэгэн жигд зохион байгуулах нь зүйтэй. Байгууллагуудын тусгай форматын шаардлагыг дагаж мөрдөх нь чухал бөгөөд зарим сургуулиуд, эмнэлгийн байгууллагууд өөрийн стандартад нийцсэн форматыг шаарддаг.
Хувийн мэдээллийг орхи: Зөвхөн мэргэжлийн мэдээллийг оруулна. Хувийн мэдээлэл, нийгмийн даатгалын дугаар, гэр бүлийн байдал, улс төр, шашны харьяаллыг дурдах шаардлагагүй.
Онцлох нөхцөл байдал
- Резидент эсвэл тэтгэлэгт өргөдөл гаргах: Эмнэлгийн мэргэжилтнүүд ихэвчлэн тэтгэлэгт өргөдөл өгөхөд CV хэрэгтэй болдог. Иймд Резидентийн үед CV-г байнга шинэчлэн, эртнээс эхлэн бэлтгэх нь чухал.
- Академик албан тушаал ахих: Жишээлбэл, Туслах профессорын албан тушаалаас Дэд профессорын албан тушаалд дэвших үед хэдэн жилийн амжилт, туршлагыг харуулсан CV шаардлагатай.
- Багшийн портфолио: Багшийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүст багшийн портфолио шаардлагатай байж болох бөгөөд үүнд сургалттай холбоотой үйл ажиллагаануудыг багтаана. Сургалтын хэсэгт бакалаврын, төгсөлтийн дараах, үргэлжилсэн сургалт зэрэг дөрвөн дэд гарчиг үүсгэж, хичээл, сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ. Илтгэл, судалгааны төслүүдийг энд дурдах боломжтой.
Эцэст нь
Үг үсгийн алдаа шалгах: Алдаа, бичиглэл, зохион байгуулалт, мэдээллийн нарийвчлалыг шалгах хэрэгтэй. Нотлох баримтуудыг олон удаа шалгаж, аль болох үнэн зөв баримт бичиг дурдаж, хавсаргах нь чухал.
Бичихэд ашиглах цаас: Хэвлэх тохиолдолд энгийн, чанартай цагаан цаасан дээр хэвлэж өгөх нь зохимжтой. Дэндүү өнгөтэй, үнэртэй эсвэл хэт гоёмсог цааснаас зайлсхийгээрэй.
Түгээмэл Асуултууд
Эмнэлгийн салбарт CV-ийн үндсэн зорилго юу вэ?
CV нь эмнэлгийн мэргэжилтний академик болон мэргэжлийн амжилтыг дэлгэрэнгүй харуулж, ажилд орох эсвэл дэвших, тэтгэлэгт хамрагдахад тэдний чадварыг батлахад тусалдаг.
CV-г хэрхэн тогтмол шинэчлэх ёстой вэ?
CV-г хагас жил тутам шинэчилж, сүүлийн үеийн амжилт болон үүрэг хариуцлагыг үнэн зөв тусгах нь зүйтэй.
CV бичихэд ямар нийтлэг алдаанаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Нийтлэг алдаанууд нь огноо болон үүрэг хариуцлагын буруу мэдээлэл, холбогдолгүй хувийн мэдээлэл оруулах, баримт бичгийн форматыг нэгэн жигд бичээгүй байх зэрэг орно.
CV-гийн хэсгүүдийг хэрхэн зохион байгуулах вэ?
Хувийн холбоо барих мэдээллээс эхлэн боловсрол, мэргэжлийн туршлага, нийгэмлэг, салбарын сонгуульт ажил, мэргэжлийн холбоодын гишүүний мэдээлэл, шагнал, судалгааны санхүүжилт, ном хэвлэл зүйн жагсаалтыг багтааж, тодорхой, нэгдмэл форматтай байхаар зохион байгуулна.
CV-д тань амжилт хүсье.


