.media-svg { fill: #334352; }
Амприлан 5 мг
5 мг
Рамиприл – Ramipril
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр: Шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 470

ЭМД хөнгөлөх хэмжээ: 141

Даатгуулагч төлөх дүн: 329

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Амприланыг артерийн гипертензи, зүрхний архаг дутагдал, зүрхний цочмог шигдээсийн дараа гемодинамикын тогтвортой үзүүлэлт бүхий өвчтөний зүрхний архаг дутагдлын эмчилгээнд тус тус хэрэглэнэ. 
  • Рамиприл ба бэлдмэлийн найрлага дахь бусад бодисууд
    • ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бусад бэлдмэлд хэт мэдрэг өвчтөн
    • судас мэдрэлийн хаван (ялангуяа урьд нь ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэх эм хэрэглэх үед илэрч байсан)
    • гемодинамикын илэрхий өөрчлөлт бүхий 2 талын бөөрний артерийн нарийсал
    • нэг бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсал
    • бөөр шилжүүлэн суулгасны дараа
    • гемодиализ
    • бөөрний дутагдал (креатининий клиренс 20мл/мин-с бага)
    • гемодинамикын өөрчлөлт бүхий аортын болон хоёр хавтаст хавхлагын нарийсал (артерийн даралт огцом унаж дараа нь бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх эрсдэлтэй)
    • зүрхний булчингийн томролтот бөглөрөлт эмгэг
    • анхдагч гиперальдостеронизм, жирэмсэн ба хөхүүл үе
    • 18 хүртлэх насны хүүхэд (эмчилгээний үр нөлөө ба аюулгүй байдал нь бүрэн судлагдаагүй) зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
  • Бэлдмэлийг хүнд явцтай титмийн болон тархины судасны эмгэг (артерийн даралт гэнэт багассанаас цусны урсгал нь багасах аюултай)
    • тогтворгүй зүрхний бах
    • хүнд явцтай ховдлын аритми
    • зүрхний архаг дутагдал IY үе
    • ээнэгшилгүй “уушгин зүрх
    • бөөр ба элэгний дутагдал
    • цусан дахь калийн хэмжээ ихсэх
    • цусан дахь натри багасах (ялангуяа шээс хөөх эм хэрэглэх ба давс хязгаарласан хоолны дэглэмийн суурин дээр)
    • эргэлдэх цусны эзлэхүүн багасах (бөөлжих, суулгах)
    • холбогч эдийн системийн өвчин
    • чихрийн шижин, ясны хэмийн цусны эргэлт дарангуйлагдах
    • настай өвчтөн зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ. 
  • Бэлдмэлийг хоолноос хамаарахгүйгээр их хэмжээний шингэнээр даруулж ууж хэрэглэнэ.
  • Артерийн гипертензи: эхлээд 2.5мг-р өглөө 1 удаа өлөн үедээ уух буюу эсвэл хоногт 2 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үр нөлөөнөөс хамаарч тунг 2-3 долоо хоногийн зайтай 2 дахин нэмж болно. Хоногийн ердийн барих тун 2.5-5мг, хоногийн дээд тун 10мг байна.
  • Шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөнд амприланыг хэрэглэхээс дор хаяж 3 хоногийн өмнө шээс хөөх эмийн эмчилгээг зогсоох буюу тунг багасгана.
  • Шээс хөөх эмийн эмчилгээг зогсоогоогүй артерийн гипертензи болон зүрхний ба эсвэл бөөрний дутагдалтай артерийн гипертензитэй өвчтөнд рамиприлыг хоногт 1.25мг-р 1 удаа эхэлж хэрэглэнэ. Эмчилгээг эмчийн нарийн хяналтан дор явуулна.
  • Зүрхний архаг дутагдал: Шээс хөөх эмийн эмчилгээ хийлгэж буй биеийн байдал нь тогтвортой өвчтөнд бэлдмэлийг хоногт 1.25мг-р 1 удаа эхэлж хэрэглэнэ. Эмчилгээний үр нөлөөнөөс хамаарч тунг 1-2 долоо хоногийн зайтай 2 дахин нэмж болно. Хоногийн дээд тун 10мг байна.
  • Шээс хөөх эмийг өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд амприланы эмчилгээг эхлэхээс өмнө шээс хөөх эмийн тунг багасгах бөгөөд бэлдмэлийг 1.25мг тунгаар эхэлж хэрэглэнэ.
  • Зүрхний шигдээсийн дараах эмчилгээнд: Бэлдмэлийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд шигдээс болсноос хойш 3-10 хоногийн хооронд эхэлж хэрэглэнэ. Эхлээд 2.5мг-р хоногт 2 удаа (өглөө, орой) хэрэглэх ба 2 хоногийн дараа тунг 5мг-р хоногт 2 удаа (өглөө, орой) хэрэглэх хүртэл нэмнэ. Амприланы ердийн барих тун нь 2.5-5мг-р хоногт 2 удаа хэрэглэх.
  • Хэрэв бэлдмэлийн эхний тунг хэрэглэхэд зохихгүй (артерийн гипотензи) байвал тунг 1.25мг-р хоногт 2 удаа хэрэглэх хүртэл бууруулна. 2 хоногийн дараа тунг 2.5мг-р хоногт 2 удаа, дахиад 2 хоногийн дараа 5мг-р хоногт 2 удаа хэрэглэх хүртэл тус тус нэмэгдүүлж болно. Хоногийн дээд тун 10мг.
  • Хэрэв бэлдмэлийн тунг 2.5мг-р хоногт 2 удаа хэрэглэх хүртэл нэмэгдүүлэхэд зохимж муутай байвал амприланы эмчилгээг зогсооно.
  • Бөөрний дутагдал:(креатинины клиренс 20-50мл/мин), 65-аас дээш насны өвчтөн, чихрийн шижин: 1.25мг-р хоногт 1 удаа эхэлж хэрэглэнэ. Барих тун 2.5мг, хоногийн дээд тун 5мг.
  • Креатинины клиренс 0.5мл/с (30мл/мин)-с их өвчтөнд тунг өөрчлөх шаардлагагүй. Харин креатинины клиренс 0.5мл/с (30мл/мин)-с бага үед эхлээд хоногт 1.25мг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн дээд тун 5мг байна.
  • Шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөн, зүрхний дутагдал, бөөр ба элэгний үйл ажиллагаа өөрчлөгдсөн үед анхааралтай ажиглах шаардлагатай.
  • Амприланы тунг артерийн даралтын түвшнээс хамаарч сонгоно. 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

  • Шинж
    • Артерийн даралт илэрхий буурах, зүрхний цохилт цөөрөх, шок, ус электролитийн тэнцвэр алдагдах, бөөрний цочмог дутагдал.
  • Эмчилгээ
    • хөнгөн хэлбэрийн үед ходоод угааж шингээх эм ба натрийн сульфат хэрэглэнэ (30минутын дотор). Артерийн даралт илэрхий буурсан үед катехоламин, ангиотензин II тарих ба өвчтөнийг нуруугаар нь хэвтүүлнэ. Шаардлагатай үед 0.9% натрийн хлоридын уусмал уусмал судсанд хийж эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж болно. Зүрхний цохилт цөөрсөн үед пейсмекер хэрэглэнэ. Хордлогын үед гемодиализ үр дүнтэй эсэх нь тогтоогдоогүй. 
  • Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ.
  • Зүрх судасны системийн зүгээс: артерийн даралт багасах, ортостатик гипотензи, ортостатик коллапс, зүрхний цохилт олшрох, ховор тохиолдолд зүрхний хэмнэл алдагдал, зүрхний бах, зүрхний булчингийн шигдээс.
  • Шээс ба бэлгийн замын зүгээс: бөөрний дутагдлын шинж илрэх буюу гүнзгийрэх, шээсээр уураг ялгарах, шээсний хэмжээ багасах, бэлгийн дур хүсэл буурах.
  • ТМС-ийн зүгээс: тархины цусан хангамжийн дутагдал, цус харвах, толгой эргэх ба өвдөх, ядарч сульдах, нойрмоглох, чинэрч бадайрах, хөөрлийн байдалд орох, тайван бус болох, салганах, булчингийн агчил, зан төрх өөрчлөгдөх, өндөр тунгаар хэрэглэх үед нойргүйдэх, айж түгшүүрлэх, сэтгэл унал, ухаан балартах, муужирч унах.
  • Мэдрэхүйн эрхтний зүгээс: тэнцвэрийн өөрчлөлт, амт (металлын амт), үнэр, сонсгол, хараа өөрчлөгдөх, чих шуугих.
  • Хоол боловсруулах системийн зүгээс: дотор муухайрах, бөөлжих, суулгах, өтгөн хатах, аюулхай орчмоор өвдөх, гэдэсний түгжрэл, нойр булчирхай ба элэг үрэвсэх, цөс зогсонгишлын шарлалт, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөж элэгний дутагдалд хүрэх, ам хатах, цангах, хоолны дуршил муудах, ам ба хэлний үрэвсэл.
  • Амьсгалын системийн зүгээс: хуурай ханиалгах, бронх агчих, амьсгаадах, нус гоожих, хамрын салст бүрхүүл ба дайвар хөндийн үрэвсэл, бронхит.
  • Харшлын урвал: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, гэрэлд мэдрэгших, судас мэдрэлийн хаван (нүүр, мөч, уруул, хэл, төвөнх, залгиур хавагнах), эксфолиатив дерматит, олон хэлбэрийн шүүдэст улайрал (Стивенс-Джонсоны хам шинж), хорт явцтай эпидермийн үхжил (Лайеллын хам шинж), цэврүүтэх, серозит, хумс хайлах, үе өвдөх, үений үрэвсэл, булчингийн үрэвсэл, судасны үрэвсэл, эозинофили.
  • Бусад: Таталт, үс унах, биеийн хэм багасах, хөлс их ялгарах
  • Лабораторийн үзүүлэлт: цусан дахь азот, мочевин, креатининий хэмжээ ихсэх, элэгний трансаминазын идэвх ихсэх, цусан дахь билирубины хэмжээ ихсэх, цусан дахь кали ихсэж натри багасах, бөөмын эсрэг (антинуклеар) антител илрэх.
  • Урагт нөлөөлөх:ургийн үйл ажиллагаа өөрчлөгдөх, ураг ба нярайн артерийн даралт багасах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, цусан дахь калийн хэмжээ ихсэх, гавлын ясны дутуу хөгжил, амнион шингэний хэмжээ багасах, мөч удаан хугацааны агшилтын улмаас хөдөлгөөнгүй болох,гавлын ясны хэлбэр өөрчлөгдөх, уушгины дутуу хөгжил, 
  • Рамиприл нь эмийн урьдал бодис бөгөөд шимэгдсэнийхээ дараа элгэнд метаболизмд орж рамиприлат үүсгэнэ.
  • Рамиприл нь ангиотензин хувиргагч ферментийг хориглогч удаан хугацааны үйлдэлтэй бэлдмэл.
  • Ангиотензин хувиргагч фермент нь ангиотензин I-с ангиотензин II-г үүсгэх бөгөөд брадикинины задралд оролцдог киназа ферменттэй адил. Ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэснээр ангиотензин II-ын концентраци багасан цусны сийвэн дэх рениний идэвх ихсэх бөгөөд түүнчлэн брадикинины үйлдэл хүчжин альдостероны ялгаралт багасах ба энэ нь цусан дахь калийн хэмжээ ихсэх шалтгаан болно. Артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүст үзүүлэх рамиприлын даралт бууруулах болон гемодинамикын үйлдэл нь нарийссан судсыг өргөсгөх, захын судасны ерөнхий эсэргүүцлийг багасгаснаар нөхцөлдөх бөгөөд артерийн даралтыг аажим бууруулна. Харин зүрхний хэмнэл өөрчлөгдөхгүй. Удаан хугацааны эмчилгээний үед зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөлгүйгээр зүүн ховдлын томролыг багасгана.Бэлдмэлийн даралт бууруулах үйлдэл түүнийг 1 удаа хэрэглэхэд хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа илрэх бөгөөд 3-6 цагийн дараа дээд хэмжээндээ хүрч 24 цаг үргэлжилнэ. Рамиприл зүрхний архаг дутагдлын эмчилгээнд үр дүнтэй. Бэлдмэл зүрхний шигдээсийн дараах зүрхний архаг дутагдлын шинж бүхий өвчтөний гэнэтийн үхлийн эрсдэл, зүрхний дутагдал даамжирч хүнд явцтай дутагдалд хүрэх тохиолдлыг багасгах ба түүнчлэн зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоог цөөрүүлнэ.
  • Рамиприл нь нэмэлт эрсдэл хүчин зүйлийн (микроальбуминури, артерийн гипертензи, ерөнхий холестерины хэмжээ ихсэх, их нягтралтай липопротеины хэмжээ багасах, тамхи татах) дор хаяж нэгтэй нь хавсарсан чихрийн шижин ба судасны өвчний улмаас зүрхний судасны эрсдэл ихэссэн өвчтөний зүрх судасны эмгэгийн улмаас нас барах, цус харвах, зүрхний булчингийн шигдээс үүсэх давтамжийг илэрхий бууруулдаг талаар хэвлэлүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Түүнчлэн бэлдмэл нийт нас баралт ба дахин судасжуулах ажилбарын хэрэгцээг багасгахын зэрэгцээ зүрхний архаг дутагдал үүсэх болон даамжрахыг удаашруулдаг.
  • Бэлдмэл чихрийн шижинтэй ба шижингүй өвчтөнд микроальбуминури ба бөөрний эмгэг үүсэх эрсдлийг мэдэгдэхүйц багасгана. Эдгээр үйлдэл нь артерийн даралт хэвийн болон ихэссэн өвчтөний аль алинд илэрнэ. 
  • Рамиприлыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар 50-60% түргэн шимэгдэх бөгөөд хоол хүнсний зүйл нь бэлдмэлийн шимэгдэлтийг удаашруулдаггүй.
  • Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ.
  • Рамиприл элгэнд метаболизмд орж идэвхтэй метаболит рамиприлат (рамиприл болон идэвхгүй дикетопиперазинаас 6 дахин илүү идэвхтэй үйлчилдэг) үүсгэх ба энэ нь дараа нь глюкуронжино. 
  • Рамиприлатын цусан дахь концентраци түүнийг хэрэглэснээс хойш 2-4 цагийн дараа дээд хэмжээндээ хүрэх ба 4 өдөр хэрэглэсний дараа тогтворжино. Ойролцоогоор рамиприлын 73%, рамиприлатын 56% нь цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. 
  • Рамиприл ба рамиприлат нь бие махбодоос үндсэндээ бөөрөөр(60%) ялгарах бөгөөд ихэвчлэн метаболит хэлбэрээр, хэрэглэсэн тунгийн 2 %-с бага хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй тус тус гадагшилна. Рамиприл хэд хэдэн шаттайгаар ялгарна.
  • Бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэсний дараа хагас ялгарлын хугацаа нь рамиприлых 5.1 цаг, рамиприлатых 13-17 цаг тус тус байна. Амьтанд хийсэн судалгаагаар бэлдмэл хөхний сүүтэй ялгардаггүй байна. 65-76 насны эрүүл хүмүүст хийсэн судалгаагаар настангуудын фармакокинетик залуучуудын фармакокинетиктэй адил байжээ. 
  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед рамиприл ба түүний метаболитын ялгарал нь креатининий клиренсийн багасалтаас шууд хамаарч удааширна. Элэгний дутагдалтай өвчтөнд рамиприлын рамиприлатад хувирах метаболизм удааширч цусан дахь рамиприлын концентраци ихсэж болно. 
  • Рамиприл этанолын ТМС-ийг дарангуйлах үйлдлийг хүчжүүлнэ. Давстай хоол хэрэглэхэд бэлдмэлийн даралт бууруулах үйлдэл суларна.
  • Бусад артерийн даралтыг бууруулах эмүүдтэй (шээс хөөх эм, нитрат, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмүүд) хамт хэрэглэхэд даралт бууруулах үйлдэл нь ихсэнэ.
  • Кали хөөдөггүй шээс хөөх эм (спиронолактон, триамтерен) ба калийн бэлдмэл хэрэглэж байгаа үед цусан дахь калийн хэмжээ ихсэнэ.
  • Судас нарийсгах үйлдэлтэй симпатомиметикүүд (норадреналин, адреналин) рамиприлын даралт бууруулах үйлдлийг сулруулна. Иймээс хамт хэрэглэж байгаа тохиолдолд артерийн даралтыг анхааралтай хянана. прокайнамид, кортикостероидуудтай хамт хэрэглэхэд захын цусны үзүүлэлтийг өөрчлөх магадлал нэмэгдэнэ. Литийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд литийн ялгаралт удааширч хортой нөлөө үүсэх эрсдэлтэй тул цусан дахь литийн концентрацийг хянах шаардлагатай.
  • Ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эм нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг эмийн (инсулин, сульфонилмочевины уламжлал гэх мэт) үйлдлийг хүчжүүлж зарим тохиолдолд гипогликеми үүсгэж болзошгүй. Иймээс ялангуяа дээрх бэлдмэлийг хамт хэрэглэж буй эхний үед цусан дахь сахарын хэмжээг сайтар хянана.
  • Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм (ацетилсалицилын хүчил, индометацин гэх мэт) бэлдмэлийн даралт бууруулах үйлдлийг сулруулна. Дээр нь цусан дахь калийн хэмжээг ихэсгэх, бөөрний үйл ажиллагааг өөрчлөх эрсдлийг нэмэгдүүлж болно.
  • Гепарин ба рамиприлыг хамт хэрэглэж байгаа тохиолдолд цусан дахь калийн хэмжээ ихсэнэ.
  • Ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бэлдмэлийн эмчилгээний үед шавьжны хорны улмаас үүсэх анафилаксын урвал илүү хүчтэй илэрнэ. 
  • Гемодинамикын өөрчлөлт бүхий аортын болон хоёр хавтаст хавхлагын нарийсал, зүүн ховдлоос шахах цусны урсгал ямар нэгэн байдлаар саадтай болсон тохиолдолд амприланыг хэрэглэхгүй. 

Болгоомжлол

  • Эмчилгээний эхэнд бөөрний үйл ажиллагааг сайтар хянана. Ялангуяа бөөрний үйл ажиллагаа нь суларсан, бөөрний судасны эмгэгтэй (эмнэлзүйн шинж тэмдэггүй бөөрний артерийн нарийсал буюу нэг бөөртэй өвчтөний гемодинамикын өөрчлөлт бүхий бөөрний артерийн нарийсал), зүрхний дутагдалтай өвчтөний бөөрний үйл ажиллагааг амприланы эмчилгээний явцад анхааралтай хянах шаардлагатай.
  • Ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бэлдмэлийн эмчилгээний үед AN69 мембран хэрэглэн гемодиализ хийвэл харшлын урвал ихсэх эрсдэл нэмэгдэнэ. Декстран сульфатын тусламжтайгаар бага нягтралтай липопротеиныг цуснаас шүүх үед дээрхтэй төстэй урвал илэрдэг тул ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэлийн эмчилгээний үед уг аргыг хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Бөөрний эмгэгтэй өвчтөнд ялангуяа шээс хөөх эм хэрэглэж байгаа үед амприланыг хэрэглэхэд цусан дахь мочевин ба креатининий хэмжээ ихсэж болох бөгөөд энэ тохиолдолд тунг багасгах буюу эмчилгээг зогсооно. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд цусан дахь калийн хэмжээ ихсэх эрсдэл нэмэгдэнэ.
  • Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний элэгний эстераза ферментийн идэвх багасан рамиприлын метаболизм ба идэвхтэй метаболитын үүсэлт тус тус удааширдаг. Иймээс энэ үед зөвхөн эмнэлгийн нарийн хяналтан дор хэрэглэж болно.
  • Бага давстай буюу давс хязгаарласан хоолны дэглэм барьж буй өвчтөнд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Учир нь артерийн гипотензи үүсэх эрсдэлтэй.
  • Эргэлдэх цусны хэмжээ багассан өвчтөнд (шээс хөөх эмийн эмчилгээний дүнд) диализ явуулах, бөөлжих, суулгах үед шинж тэмдгийн гипотензи үүсэж болзошгүй.
  • Даралт тогтворжсоны дараа түр зуур даралт багасах нь эмчилгээг цаашид зогсоох шалтгаан болохгүй. Илэрхий гипотензи давтан илэрсэн тохиолдолд бэлдмэлийн тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.
  • Өргөн хэмжээний мэс засалд орж буй өвчтөн буюу ерөнхий унтуулгын үед артерийн гипотензи үүсгэдэг бусад эмийн бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд амприлан нь ангиотензин II-ын үүсэлтийг саатуулснаар хариу урвалын дүнд рениний чөлөөлөгдөлт ихсэж болно. Хэрэв эмч артерийн гипотензи үүсэхийг дээрх механизмтай холбовол эмчилгээг эргэлдэх цусны хэмжээг ихэсгэхэд чиглүүлнэ.
  • Ховор тохиолдолд эмчилгээний явцад агранулоцитоз, эритроцитопени, тромбоцитопени, гемоглобин багасах зэрэг цус төлжилт дарангуйлагдах шинж илэрч болно. Нейтропени/агранулоцитоз үүсэж болзошгүй тул эмчилгээний эхэнд ба явцад цусны цагаан эсийн тоог хянах шаардлагатай.
  • Бөөрний дутагдал, холбогч эдийн өвчин (улаан чоно яр, склеродерми), цус төлжилтөнд нөлөөлдөг бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа (эмийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз) тохиолдолд илүү байнгын хяналт шаардагдана.
  • Нейтропени/агранулоцитозын эмнэлзүйн шинж илрэх ба цэгэн цус харвалт нэмэгдэх үед цусны дүрст элементийг зайлшгүй тоолно.
  • Артерийн гипертензитэй өвчтөнд амприланыг хэрэглэх үед ховор тохиолдолд цусан дахь калийн хэмжээ ихсэж болно. Цусан дахь калийн хэмжээ ихсэх эрсдэл нь зүрхний архаг дутагдал, кали хөөдөггүй шээс хөөх эм (спиронолактон, амилорид, триамтерен) ба калийн бэлдмэл хэрэглэж байгаа үед нэмэгдэнэ.
  • Зөгийн хорны мэдрэггүйжүүлэх эмчилгээний үед рамиприлыг хэрэглэхэд анафилаксын урвал (артерийн даралт багасах, амьсгаадах, бөөлжих, арьсны тууралт) илэрч амь насанд аюул учруулж болзошгүй. Харшлын урвал шавьжинд хазуулах үед үүсэж болно. Зөгийн хорны мэдрэггүйжүүлэх эмчилгээ явуулах зайлшгүй шаардлагатай үед ангиотензин ферментийг хориглогч бэлдмэлийн эмчилгээг зогсоох ба өөр бүлгийн тохиромжтой эмээр эмчилгээг үргэлжлүүлнэ. 

Автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

  • Амприланы эмчилгээний үед автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах, сэтгэц хөдөлгөөний түргэн урвал ба анхаарал төвлөрүүлэлт шаардлагатай ажил эрхэлдэг хүмүүс болгоомжилж анхаарах шаардлагатай. Учир нь ялангуяа шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөнд ангиотензин ферментийг хориглогч бэлдмэлийн эхний тунг хэрэглэсний дараа толгой эргэх шинж илэрч болно. Иймээс эмчилгээний үйлдэл бүрэн илэртэл өвчтөн автомашин жолоодох ба машин механизмтай ажиллахаас татгалзана. 
  • Рамиприлыг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.
  • Рамиприлын эмчилгээг эхлэхийн өмнө жирэмсэн эсэхийг үгүйсгэх шаардлагатай. Рамиприлыг жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйд хэрэглэхгүй. Хэрэв рамиприлын эмчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа тохиолдолд жирэмслэлтээс хамгаална. Хэрэв эмчилгээний үед жирэмсэлвэл эмчилгээг яаралтай зогсоож бэлдмэлийг өөр эмийн бэлдмэлээр солино. 

Найрлага

  • 1 шахмалд үйлчлэгч бодис:рамиприл 1.25мг, 2.5мг, 5мг, 10мг.
  • Туслах бодис
    • натрийн гидрокарбонат, лактозын моногидрат, натрийн кроскармеллоза, царцмагжуулалтын өмнөх цардуул, натрийн стеарил фумарат, төмрийн шар исэл (Е172), төмрийн улаан исэл (Е172) тус тус агуулагдана. 

Дүрслэл

  • 1.25мг ба 10мг шахмал: цагаан буюу цагаавтар өнгөтэй, ирмэг нь налуу, зуйван хэлбэрийн хавтгай шахмал.
  • 2.5мг шахмал: цайвар шаргал өнгөтэй, ирмэг нь налуу, зуйван хэлбэрийн хавтгай шахмал.
  • 5мг шахмал: ягаан өнгөтэй, ирмэг нь налуу, шигтшил бүхий зуйван хэлбэрийн хавтгай шахмал. 

Эмийн хэлбэр, савлалт

  • 1.25мг, 2.5мг, 5мг, 10мг шахмал хэлбэрээр үйлдвэрлэж 7 ширхгээр блистерт савлан 2, 4, 8, 12, 14 блистерийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.
  • Түүнчлэн 10 шахмалыг блистерт савлан 3, 6, 9 блистерийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана. 

Хадгалалт

  • 25°С-аас доош хэмийн хуурай, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. 

Хадгалах хугацаа

  • 2 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.