search-last
Аутосомын доминант хэлбэрээр удамших бөөрний поликистоз өвчин

Бөөр нь хүний амьдралын амин чухал эрхтний нэг бөгөөд бие махбодод дотоод шүүрэл, цусны эргэлт, ус эрдсийн солилцоо, хүчил шүлтийн тэнцвэр, эмийн болон хорт бодисыг гадагшлуулах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Гадаад болон дотоод шалтгааны хүчин зүйлсийн улмаас бөөрний бүтэц, үйл ажиллагаа алдагдахад бие махбодын хомеостаз хямралд орж зарим тохиолдолд амьдрах боломжгүй болдог.

Бөөр уйланхайтах өвчнүүд нь нийт бөөрний эмгэгүүдийн дотор 12-14 хувь тохиолдож бөөрний дутагдал, бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай хүмүүсийн 10 хувийг эзэлж байна. Бөөрний уйланхай үүсгэдэг удамшлын, төрөлхийн шалтгаантай олон төрлийн өвчин байдаг. Удамшлын шалтгаантай бөөрний уйланхай үүсгэх өвчнүүд нь Х хромосомоор дамжин удамших, аутосомын доминант, аутосомын рецессив хэлбэрээр дамжин удамших 33 гаруй гений мутациас үүсдэг.

Эдгээр өвчнүүдээс хамгийн элбэг тохиолддог нь “Бөөрний поликистоз өвчин” юм. Бөөрний поликистоз өвчин нь шингэн агуулсан, олон, том хэмжээний уйланхай бүхий бөөрний дутагдалд хүргэдэг  удамшлын өвчин юм. Уг өвчин нь аутосомын доминант хэлбэрээр дамжин удамших, аутосомын рецессив хэлбэрээр дамжин удамших гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд эдгээр нь хоорондоо эмнэлзүй, патоморфологийн хувьд ялгаатай хоёр өөр эмгэг юм.

Аутосомын доминант хэлбэрээр дамжин удамших бөөрний поликистоз өвчин (ADPKD) нь АНУ-д 1:500-1:1000 тохиолдох ба бөөрний дутагдалд хүргэдэг өвчнүүдийн 4 хувийг эзэлдэг. Уг өвчин нь полицистин-1 уургийг кодлодог PKD1 генийн мутаци, полицистин-2 уургийг кодлодог PKD2 генийн мутациас үүсдэг хоёр хэлбэртэй.

Хэвийн үед полицистин-1, полицистин-2 уургууд нь хоорондоо харилцан үйлчилж цогц үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Полицистин уургууд нь ургийн болон насанд хүрэгсдийн хучуур эсийн генийн транскрипци, апоптоз, ялгаран хөгжил, эс хоорондын харилцан үйлчлэлд чухал үүрэгтэй оролцдог. Эдгээр үйл явцад алдаа гарснаар эсийн туйлшрал, хучуур эсийн ялгаран хөгжил, эсийн гаднах матрицын бүтэц алдагдаж, зохицуулгагүй нөхөн төлжилт болон апоптоз болж, шингэн ихээр ялгаруулж, зарим өсөлтийн дааврыг кодлодог генийн экспресс алдагддаг. Эрдэмтдийн судалгаагаар анхдагч сормуусны эмгэг (ciliopathy) нь ADPKD өвчний уйланхай үүсэх эмгэг жамд нөлөөлдөг нь батлагджээ.

Полицистин уургууд нь анхдагч сормуусанд (primary cilia) байрлаж сувганцрын шингэний урсгалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Анхдагч сормуус нь маш жижиг, антенн хэлбэртэй бөгөөд бөөрний сувганцрын дотор гадаргууд байрлаж хэлбэр хэмжээг барьж байдаг ба сувганцрын доторхи шингэний урсгал, хөдөлгөөнийг мэдэрдэг. Эрүүл бөөрний сувганцарт шингэний урсгал нь сормуусыг намируулж хөдөлгөснөөр полицистин уураг идэвхжиж, эс рүү Са2+ орох нөхцөлийг бүрдүүлдэг. Харин PKD1, PKD2 генийн мутациас үүссэн полицистин уургийн идэвхгүй бүрдэл нь Са2+-ий хомеостазыг алдагдуулснаар эсийн ялгаран хөгжил, апоптозыг ихэсгэх, шүүрлийн шинж чанар, төлөвийг өөрчилдөг байна.

ADPKD-ийг эмнэлзүйн илрэл, дүрс оношилгоо, генетикийн шинжилгээг үндэслэн оношилно. Генетикийн шинжилгээгээр PKD1 генийн мутаци 85%, PKD2 генийн мутаци 15% илэрдэг. Эдгээр генүүд аутосомын доминант хэлбэрээр удамшдаг ба эцэг эх нь ийм өвчтэй гэр бүлээс төрсөн хүүхдэд мутаци удамших магадлал 50% байна. ADPKD өвчнөөр өвчлөгсдийн 95% удмын анамнезтай, 5% шинэ мутацийн улмаас үүссэн байдаг. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн PKD1, PKD2 генийн мутацитай бол жирэмсэн үед пренаталь оношилгоо, холбоот анализ /Linkage analysis/ хийх нь зүйтэй юм.

Гэхдээ эцэг эхэд нь дүрс оношлогооны шинжилгээнд өөрчлөлт илрээгүй, генетикийн шинжилгээнд өвчин үүсгэгч мутаци илрээгүй ч өвчтөнд шинээр мутаци үүссэн байж болно гэдгийг анхаарах хэрэгтэй!

ADPKD өвчний шинж тэмдэг хожуу илэрдэг ба олон эрхтэн тогтолцооны тухайлбал, хоёр бөөр, элэг, нойр булчирхай, өндгөвч, тархины торлог бүрхэвчийн уйланхай, цэврүү болон гавлын судасны аневризм, аортын тэлэлт, митраль хавхлага унжих, хэвлийн ивэрхий зэрэг өөрчлөлтүүдээр илэрдэг. Хэдийгээр өвчний шинж хожуу илэрч, оношлогдож байгаа ч бөөрөнд гарч буй морфологийн өөрчлөлт бага насанд, ховор тохиолдолд ургийн үед үүссэн байдаг. Өвчтөний амьдралын эхний 4-6 арван жил шинж тэмдэггүй байснаа хэвлийгээр эвгүй оргих, цустай шээх, шээсний замын халдвар, хоёрдогчоор үүссэн шинж тэмдэгийн даралт ихсэлт, хэвлийд үүсгэвэр мэдрэгдэх, сийвэнгийн креатинин ихсэх, дүрс оношлогооны шинжилгээнд бөөрөнд уйланхай илрэх зэрэг шинжүүд илэрч оношлогдоно. Ихэнх өвчтөнд өвчин оношлогдсоноос хойш 10-20 жилийн дотор бөөрний үйл ажиллагаа эрчимтэй алдагдаж эхэлдэг ба бөөрний дутагдал 70 орчим насанд 60% тохиолддог.

Даралт ихсэлтийг эрт илрүүлэх нь маш чухал. Хяналтгүй өндөр даралттай удаан байсны улмаас шээсээр уураг алдах, шээсэнд цус илэрч, түргэн хугацаанд бөөрний үйл ажиллагаа алдагдах, зүрх судасны өвчин, аневризмаар нас барах, жирэмсэн үед ургийн болон эхийн эндэгдэл үүсэх эрсдэлтэй!

ADPKD-ий үед илэрдэг бас нэгэн түгээмэл шинж бол өвдөлт юм. Уйланхайнаас цус шүүрэх, бөөрний чулуу, халдварлагдсан уйланхай, ховор тохиолдолд хавдрын улмаас өвдөлт үүснэ. Бөөр уйланхайн улмаас томрох, дарагдах зэргийн улмаас хөндүүрлэх шинж ажиглагдана. Уйланхайнаас цус шүүрэх, халдварлагдсан уйланхайн улмаас халуурах шинж илэрч болно.

ADPKD өвчний үед бусад эрхтэнд хамгийн их илэрдэг өөрчлөлт бол элэгний уйланхай юм. ADPKD оношлогдсон эрэгтэйчүүдийн 79%, эмэгтэйчүүдийн 85%-д элэгний уйланхай тохиолддог. Ялангуяа олон жирэмсэлсэн болон жирэмснээс хамгаалах эм хэрэглэсэн эмэгтэйчүүдэд элэгний уйланхай үүсэх нь элбэг. Элэгний уйланхай томроход хэвлийн дээд хэсгээр өвдөх, гэдэс дүүрэх, амархан цадах, дотор муухай оргиж огиулах, бөөлжих, амьсгаадах шинжүүд илрэх боловч элэгний үйл ажиллагаа хэвийн хадгалагдана. Харин доод хөндийн вен, элэгний вен, цөсний суваг уйланхайгаар дарагдах, уйланхай халдварлагдах, задрах зэрэг хүндрэл гардаг. Уг өвчний үед илэрч буй уйланхайт бус өөрчлөлтөөс хамгийн түгээмэл тохиолдох нь гавлын судасны аневризм юм. Энэ нь удмын анамнездаа гэр бүлийн хэн нэгэн нь аневризм эсвэл торлогийн доорх цус харвалттай хүмүүст /22%/ удмын анамнезгүй хүмүүсээс /6%/ илүү тохиолдож байна. Мөн митраль хавхлага унжих нь нийт ADPKD-өөр өвчлөгсдийн 25 хувийг эзэлдэг. 

Сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд PKD1 генийн мутаци нь уг өвчний тавиланд илүү муугаар нөлөөлж байна. Хоёр генийн мутацийн үед бөөрний уйланхайн өсөлт ижил явагддаг боловч PKD1 генийн мутацийн үед бөөрний хэмжээ PKD2 генийн мутацийн үеийнхээс том, уйланхай нь олон тоотой байдаг. Үүнийг PKD1 үед уйланхай эрт үүссэн байдагтай холбон тайлбарлаж байна. PKD1 генийн мутаци нь өвчтөнийг PKD2 генийн мутациас 20 жилийн өмнө (PKD1 дунджаар 54.3; PKD2 дунджаар 74 насанд) бөөрний дутагдалд хүргэдэг. PKD1 генийн 5’ төгсгөл дэх мутаци нь бөөрний дутагдалд эрт оруулахаас гадна гавлын судасны аневризмын эрсдлийг нэмэгдүүлдэг талаар судалгаанд дурьдсан байна. Мөн 35 наснаас өмнө даралт ихсэж эхэлсэн, цусан дах липидийн агууламж их, цусанд өндөр нягттай липопротейн бага байх нь уг өвчний тавиланд муугаар нөлөөлдөг.

Эх сурвалж

  1. Fauci, Braunwald, Kasper, Hauser, Longo, Jameson, Loscalzo. Harrison’s principles of internal medicine. 17th edition; 2009; Part12-278
  2. Wilson PD. Polycystic kidney disease. N.Engl.J.Med 2004; 350: 151–64.
  3. Al-bhalal L, Akhtar.M. Molecular basis of autosomal dominant PKD. Adv.Anat.Pathol. 2005 May; 12(3): 126-33.
  4. Chapman AB. Autosomal dominant polycystic kidney disease: time for a change? J.Am.Soc.Nephrol 2007;18:1399-407.
  5. Yoder BK, Mulroy S, Eustace H. Molecular pathogenesis of autosomal dominant polycystic kidney disease. Expert.Rev.Mol.Med. 2006 Jan 17; 8(2): 1-22.
  6. Idrizi A, Barbullushi M, Petrela E, Kodra S, Koroshi A, Thereska N. The influence of renal manifestations to the progression of autosomal dominant polycystic kidney disease Hippokratia 2009 Jul; 13(3): 161-4

Хуваалцах:

Probiovison-fiber
Сэрэмжлүүлэг – Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Сэрэмжлүүлэг - Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
C1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл

тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Вита Про С-макс

VITA PRO+C нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжих эрүүл мэндэд тустай Пробиотик буюу ашигтай бактери юм.

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно !