Адренерг синапст нөлөөлөх эмүүд (Drugs acting on adrenergic synapses)
Захын мэдрэлийн системд нөлөөлөх эмүүд, Эм судлал
Тойм
Адренерг синапст нөлөөлөх эмүүд нь симпатик мэдрэлийн тогтолцооны дамжуулалтыг идэвхжүүлэх эсвэл дарангуйлах замаар зүрх, судас, гуурсан хоолой, нүд, шээсний зам болон бодисын солилцоонд нөлөөлнө. Адреналин, норадреналинтай төстэй үйлдэл үзүүлдэг эмийг симпатомиметик, харин симпатик нөлөөг бууруулдаг эмийг симпатолитик гэж ангилна.
Эмийн үйлдэл нь α₁, α₂, β₁, β₂, β₃ адренорецепторт үзүүлэх сонгомол чанар, хэрэглэх зам, тун болон өвчтөний биеийн байдлаас хамаарна. Симпатомиметикийг анафилакси, шок, зүрхний цочмог дутмагшил, гуурсан хоолойн агчил, хамрын салстын хаван зэрэгт хэрэглэдэг. Симпатолитикийг артерийн гипертензи, зүрхний ишеми, хэм алдагдал, зүрхний архаг дутмагшил, түрүү булчирхайн хоргүй томрол болон бусад заалтаар хэрэглэнэ.
Эдгээр эм нь цусны даралт, зүрхний хэм, амьсгал болон эрхтний цусан хангамжийг богино хугацаанд огцом өөрчилж болдог. Иймээс заалт, рецепторын сонгомол чанар, тунг өвчтөн бүрд тохируулж, амин үзүүлэлт болон гаж нөлөөг хянана.
Адренерг дамжуулалт
Симпатик мэдрэлийн ихэнх зангилааны дараах ширхэгийн үндсэн медиатор нь норадреналин юм. Адренерг синапсын дамжуулалт дараах үндсэн үе шаттай.
- Нийлэгжил: тирозин → L-DOPA → допамин → норадреналин дарааллаар үүснэ.
- Хадгалалт: норадреналин мэдрэлийн төгсгөлийн цэврүүнд хуримтлагдана.
- Ялгаралт: үйлдлийн потенциал ирэхэд Ca²⁺-хамааралт экзоцитозоор синапсын завсарт ялгарна.
- Рецепторын үйлдэл: норадреналин синапсын дараах α-, β-адренорецептор болон синапсын өмнөх α₂-рецепторт холбогдоно.
- Үйлдэл дуусах: норадреналины ихэнх хэсэг мэдрэлийн төгсгөлд эргэн шимэгдэнэ; үлдсэн хэсэг нь моноаминоксидаза болон катехол-O-метилтрансферазаар задарна.
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
