Түүхий (Impetigo)
Бактерийн халдварт өвчин, Халдварт өвчин, Эмгэг төрүүлэгч арьсны өвчнүүд
Тойм
Түүхий (Impetigo contagiosa) нь хүүхэд насанд зонхилон тохиолддог өндөр халдвартай арьсны халдварт өвчин бөгөөд стафилококк (Staphylococcus aureus) эсхүл β цус задлагч стрептококкын халдварын улмаас үүсэж, өвөрмөц арьсны тууралтаар илэрдэг өвчин юм. Энэхүү тууралт нь ялангуяа нүүрний хэсэгт цэврүүнцэр үүсч, дараа нь цэврүүнцрийн суурин дээр зөгийн балаар бүрсэн мэт шаргал өнгийн тав тогтох байдлаар эмнэлзүйд илэрдэг.
Оношийг ихэвчлэн эмнэлзүйн онцлог шинжээр тавьдаг ба онцгой тохиолдолд л үүсгэгчийг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийнэ. Өвчин ихэвчлэн ямар нэг үлдэцгүй эдгэрдэг ба эмчилгээний хувьд ариун цэврийн болон хэсгийн буюу гадуур түрхэж хэрэглэх эмийн эмчилгээнээс гадна хүндэрсэн эсвэл шинж тэмдэг хүнд илэрсэн тохиолдолд системийн антибиотик (жишээ нь цефалоспорины 1-р үеийн антибиотик) хэрэглэх заалттай.
Тодорхойлолт
- Латин хэлний impetere – дайрах, contagiosus – халдварт гэсэн үгнээс гаралтай
- Товч тодорхойлолт: Өндөр халдвартай арьсны өнгөц халдвар.
- Англи хэлэнд: impetigo
- Түүхийн доорх 2 хэлбэрийг ялгах боломжтой:
- Impetigo vulgaris – жижиг цэврүүнцэр бүхий тууралтат түүхий – А бүлгийн β цус задлагч стрептококкоор (Streptococcus pyogenes) үүсгэгдэнэ.
- Impetigo bullosa – том хэмжээт цэврүүт тууралтат хэлбэр – Staphylococcus aureus-аар үүсгэгдэнэ. Цэцэрлэг эсхүл сургуулиас халдварлагдсан хүнээс дамжин халдвар авна.
