Цээжний гарцын хам шинж (Thoracic outlet syndrome/TOS)
Үндсэн хам шинжүүд, Хам шинжүүд
Тойм
Цээжний гарцын хам шинж гэдэг нь мөрний бүслүүрээр дамжих мэдрэл болон судасны шахагдал/даралдлыг илтгэх хам шинжийн нэгдсэн нэршил бөгөөд энд мөрний сүлжээ (plexus brachialis) болон эгэмний доорх артери (a. subclavia) шахагдснаар эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч гардаг. Гол шалтгаан нь ихэвчлэн хүзүүний хавирга, булчингийн гипертрофи, эсвэл хавирга болон эгэмний хугарлын дараа үүсэх каллус (callus) байдаг. Артерийн судас шахагдсанаар тухайн гар цайх, судасны цохилт нь алдагдах, өвдөлт үүсэх шинжүүд илэрнэ .
Харин мөрний сүлжээний хэсгүүд дарагдсан үед мэдрэхүйн өөрчлөлт (дизестези/dysesthesia), булчингийн сулрал юун түрүүнд илэрдэг. Хэрвээ V. subclavia дарагдсан бол “цээжний оролтын хам шинж” (Thoracic-Inlet-Syndrome) гэж нэрлэх нь түгээмэл бөгөөд энэ үед гарнаас цээж рүү буцах венийн урсгал саатна. Үүнд өртсөн гарт юун түрүүнд хавдах, хөхрөх зэрэг шинжүүд илрэх ба эдгээр нь мөн гарын венийн тромбозын шинж учир гарын венийн тромбозоос (цээжний оролтын хам шинж боломжит хүндрэл) ялган оношлох шаардлагатай.
Хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй бол эхлээд бариа, хөдөлгөөн засал эмчилгээний аргаар консерватив эмчилгээ хийж, үр дүнгүй бол шалтгаан болж буй бүтцийг мэс заслын аргаар тайрч авах боломжтой.
Тодорхойлолт
Цээжний гарцын хам шинж гэдэг нь мөрний бүслүүрээр дамжих мэдрэл болон судасны шахагдал/даралдлыг илтгэх хам шинжийн нэгдсэн нэршил бөгөөд энд мөрний сүлжээ (plexus brachialis) болон эгэмний доорх артери (a. subclavia) шахагдснаар эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч гардаг.
Зарим тодорхойлолтоор зөвхөн скаленус хам шинж (scalenus syndrome – Hiatus scalenus-р хүзүүний мэдрэл судас явдаг, энэ хэсэгт мөрний сүлжээ, эгэм доорх артери дарагдахыг скаленус хам шинж гэнэ.) болон хүзүүний хавирганы хам шинжийг мөн цээжний гарцын хам шинж гэсэн ерөнхий нэршил дор хэрэглэдэг.
Харин илүү доод хэсэгт байрлах costoclavicular syndrome (1-р хавирга болон эгэмний хооронд суганы артери ба вен болон мөрний сүлжээ дарагдах хам шинж) болон hyperabduction syndrome (Гарыг гадагш арагш их далайцтайгаар хөдөлгөх үед эвэр хошуу сэртэн/Processus coracoideus-ын дор судас-мэдрэлийн багц хавчигдах хам шинж, өөрөөр субкоракоид- дарагдлын эсхүл Pectoralis-minor хам шинж гэж нэрлэдэг.) нь тусад нь авч үзэгддэг.
Ангилал хэсгээс тодруулан харна уу!