Новомикс 30 Пенфилл (Novomiks 30 Penfill)
Novo Nordisk Producao Farmaceutica do Brasil Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын суспензи
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 ОУН / мл-3 мл · №5
Хэрэглэх заалт
- Инсулин шаардлагатай, чихрийн шижин өвчтэй хүний эмчилгээнд хэрэглэнэ.
- Тунг тохируулах
- NovoMix® 30 бэлдмэлийн тунг эмчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулан харилцан адилгүй тогтооно. Цусан дахь саахарыг хүссэн хэмжээнд байлгахын тулд эмчлүүлэгчийн цусан дахь саахарын хэмжээг ойр ойрхон шинжлэн тогтоосны үндсэн дээр эмийн тунг тохируулдаг.
- Чихрийн шижингийн хэв шинж 2-той хүмүүст NovoMix® 30 бэлдмэлийг дангаар нь хэрэглэх боломжтой. Мөн энэ бэлдмэлийг чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэдэг эмүүд болон GLP-1 рецепторыг дэмжигч эмүүдтэй хавсран хэрэглэж болно.
- Эмчилгээг хэрхэн эхлэх вэ
- Инсулин хэрэглэж байгаагүй эмчлүүлэгчдэд: Чихрийн шижингийн 2-р хэв шинж бүхий өвчтэй хүмүүст NovoMix® 30 бэлдмэлийн анхны тунг өглөөний цайн дээр 6 нэгж, оройн хоолны үед 6 нэгжээр тогтооно. Эсвэл оройн хоолны үеэр 12 нэгжийг хоногт нэг удаа тарьж болно.
- Хэрэв өөр инсулин хэрэглэж байсан бол
- Өвчтөнийг 2 шатлалт (бифазийн) инсулинаас NovoMix® 30 руу шилжүүлэхдээ ижил тун, дэглэмээс эхэлнэ. Цаашдаа эмчлүүлэгчийн хэрэгцээнээс хамааран тунг тохируулах ёстой. (Тунг тохируулах удирдамжаас харна уу). Бусад бүх инсулины бэлдмэлийн нэгэн адил инсулины нэг төрлөөс нөгөө төрөлд шилжсэн эхний 7 хоногийн турш цусан дахь саахарын хэмжээг илүү ойрхон үзэж хянаж байх шаардлагатай. («Өөр төрлийн инсулины бэлдмэлээс шилжих үед» хэсгээс харна уу).
- Эмчилгээг хэрхэн эрчимжүүлэх вэ
- NovoMix® 30 бэлдмэлийн хоногт тарих давтамжийг нэмэгдүүлэх (өдөрт 1 байсныг 2 болгох) замаар эрчимжүүлж болно. Жишээлбэл: NovoMix® 30 нэгж бэлдмэлийг өдөрт 1 удаа хэрэглэж байсан хүнд хоногийн тунг тэнцүү (50:50) хэсэгт хуваан өдөрт 2 удаа (өглөө болон оройн хоолны үед) тарина.
- Харин өдөрт 2 удаа тарьж байсан бол 3 удаа тунг тэнцүү хувааж (өглөөний тунг өглөө болон үдийн хоолны тун болгон хувааж) тарих байдлаар өөрчилдөг.
- Тунг хэрхэн тохируулах вэ
- NovoMix® 30 бэлдмэлийн тунг тохируулахдаа, сүүлийн 3 хоногийн шинжилгээнд тодорхойлогдсон, өлөн үеийн саахарын хамгийн бага хэмжээнд үндэслэн тогтооно.
Эсрэг заалт
- Үндсэн үйлчлэгч бодист болон бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг нь тогтоогдсон бол (туслах бодисын жагсаалтыг харна уу).
- Энэ бэлдмэлийг хэрэглэхтэй холбогдуулан өгөх анхааруулга, сэрэмжлүүлэг
- Цагийн зөрөө ихтэй нутаг орон руу явахын өмнө эмчтэйгээ уулзаж хэдий хугацаанд ээлжит тарилгаа хийлгэх болон хоол хүнсээ хэрэглэхийг асууж мэдсэн байх ёстой.
- Гипергликеми буюу цусан дахь саахарын хэмжээ ихсэх
- Инсулиний тун багадсанаас эсвэл эмчилгээг тасалдуулсны улмаас, ялангуяа чихрийн шижин 1-р хэвшинж бүхий хүмүүст гипергликеми үүсч, улмаар бодисын солилцооны хямрал (кетоацидоз)-д орж болзошгүй. Цусан дахь саахарын хэмжээ ихэссэний анхны шинж тэмдгүүд аажмаар, хэдэн цагаас хэд хоногийн хугацаанд илэрч даамжирдаг. Үүнд: цангах, цусан дахь саахарын хэмжээ ихсэх шээсний хэмжээ ихсэх, дотор муухайрч бөөлжис цутгах, бөөлжих, нойрмоглох, арьс хуурайших, ам хатах, хоолонд дургүй болох, мөн амнаас нь ацетон үнэртэх. чихрийн шижингийн 1-р хэвшинжтэй хүмүүсийн хувьд цусан дахь саахарын хэмжээ ихсэх явдал нь бодисын солилцооны хүнд хямралд (кетоацидоз) хүргэж, улмаар амиа алдах эрсдэлтэй.
- Гипогликеми буюу цусан дахь саахарын хэмжээ багасах
- Хооллох хугацаа оройтох эсвэл биеийн хүчний ачаалал гэнэт ихсэх үед цусан дахь саахарын хэмжээ багасах эрсдэлтэй. Мөн хэрэглэж байгаа инсулины хэмжээ тухайн хүний хэрэгцээнээс хэт давсан тохиолдолд цусан дахь саахар багасдаг. (Гаж нөлөө ба тун хэтрэлт хэсгээс харна уу).
- Хоёр үе шатаар үйлчилдэг инсулины бэлдмэлүүдтэй харьцуулахад NovoMix® 30 бэлдмэл тарьснаас хойш 6 цагийн дараа цусан дахь саахарын хэмжээг хүчтэй бууруулдаг. Энэ үед эмчлүүлэгч нэг бүрийн онцлогт тохируулан эмийн тунг бууруулах ба хооллох хэрэгтэй.
- Хэрэв энэ эмчилгээний үр дүн сайн байгаа эсвэл инсулин эмчилгээг эрчимжүүлэх үед гипогликемийн анхны шинж тэмдгүүд илэрвэл, зохих арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй. Чихрийн шижин өвчнөөр удаан өвдсөн хүмүүст гипогликемийн анхны шинж тэмдгүүд илрэхгүй байж болзошгүйг анхаар.
- Ийм тохиолдолд цусан дахь саахарын хэмжээг илүү ойрхон давтамжтай үзэж шинжлэх нь гипогликемийн хүндрэлийг тэр дор нь илрүүлэх боломжийг олгоно. Ялангуяа эмчилгээг эрчимжүүлж байгаа үед «Тунг тохируулах арга» хэсэгт бичсэн ёсоор онцгой анхааралтай байх хэрэгтэй.
- NovoMix® 30 бэлдмэлийн үйлдэл хавсарсан өвчтэй болон хоолны шингэцийг хурдасгадаг эм хэрэглэж байгаа хүмүүст илүү түргэн илэрдгийг тооцож хооллох цагтайгаа нягт уялдуулах хэрэгтэй.
- Хавсарсан өвчлөл, ялангуяа халдварт өртөх ба халуурч байх үед инсулины хэрэгцээ өсдөг. Элэг ба бөөрний өвчлөл эсвэл нойр булчирхай, өнчин тархи, бамбай булчирхайн өвчнүүдийн үед инсулины тунг тусгайлан тохируулах шаардлагатай.
- Өвчтөн нэг инсулины хэрэглээнээс нөгөөд шилжих үед гипогликемийн анхны шинж тэмдгүүдийн илрэл өөрчлөгдөх эсвэл бүдэгрэх магадлалтай.
- Нэг инсулины хэрэглээнээс нөгөөд шилжих
- Өвчтөн нэг төрлийн эсвэл нэг үйлдвэрийн инсулины хэрэглээнээс нөгөөд шилжих үедээ эмчийн нарийн хараа хяналтан дор байх шаардлагатай. Хэрэглэж буй инсулины төрөл, брэнд (үйлдвэрлэгч), гарал үүсэл (хүний инсулин, инсулины аналог) солигдсоноор инсулины үйлдлийн хүч, хугацаа зэрэг нь өөр болох учраас тунгийн тохируулгыг дахин хийх зайлшгүй шаардлага гардаг. Өөр төрлийн инсулин хэрэглэж байгаад NovoMix® 30 бэлдмэлийн хэрэглээнд шилжиж байгаа эмчлүүлэгч магадгүй хоногт тарих давтамжийг олшруулах, эсвэл тунг өөрчлөх шаардлага гарах байх. Тунгийн энэ зохицуулга нь эхний тарилгаас эхлээд хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын хугацаанд үргэлжлэх болно.
- Тарьсан хэсэгт илэрч болзошгүй хариу урвалууд
- Бүх төрлийн инсулиныг тарихад ажиглагддагийн адилаар тарьсан хэсгийн арьс өвдөх, улайх, чонон хөрвөс туурах, үрэвсэх, хөхрөх, загатнах, хавдах шинжүүд илэрч болзошгүй. Тарилга хийх байршлыг байнга сольж сэлгэснээр дээр дурьдсан шинж тэмдэг илрэх эрсдлийг бууруулна. Дээр дурьдсан шинжүүд тарьснаас хойш хэд хоногоос хэдэн долоо хоног өнгөрсний дараа аяндаа арилдаг. Маш ховор тохиолдолд хэсэг газарт илрэх урвалуудын улмаас энэ бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай болдог.
- Арьс, халимын эмгэгшлүүд
- Тарилга хийсэн хэсгээ байнга эргүүлэн сэлгэж байх нь тухайн хэсэг газарт өөхөн дистрофи болон арьсны амилоидоз үүсэх эрсдлийг бууруулдаг болохыг өвчтөнүүдэд хэлж зөвлөх хэрэгтэй. Дээрх шалтгааны улмаас тарилга хийсний дараа тарьсан хэсэгт инсулины шимэгдэлт удааширч, гликемийн хяналт улам муудах бодит эрсдэл бий. Тарилга хийх хэсгийг тарилга хийж байгаагүй хэсэг рүү шилжүүлэх үед гипогликеми үүсгэдэг болохыг өмнө мэдээлж байсан. Иймд тарилга хийх талбайг тарьж байгаагүй хэсэгт шилжүүлсний дараа цусан дахь глюкозын хэмжээг хянах хэрэгтэй бөгөөд мөн чихрийн шижингийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн тунг тохируулах талаар бодолцох шаардлагатайг зөвлөж байна.
- Тиазолидиндионы бүлгийн эм ба инсулин эмчилгээг хавсран хэрэглэх нь
- Инсулиныг тиазолидиндионы бүлгийн эмүүдтэй хавсран хэрэглэсэн тохиолдолд зүрхний үйл ажиллагааны эмчилгээнд үр дүн муутай дутмагшил үүсэх явдал илэрч байсан. Ялангуяа зүрхний үйл ажиллагааны архаг дутагдалтай буюу дутагдал үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд хэрэглэж буй тохиолдолд эмчлүүлэгчийн зүрхний үйл ажиллагааны байдалд (шээсний гарц, биеийн жин, хаван гэх мэт) хянамгай ажиглалт хийж байх хэрэгтэй бөгөөд хэрэв эмчлүүлэгчийн зүрхний үйл ажиллагаа муудах шинж тэмдэг илэрвэл тиазолидиндионы хэрэглээг даруй зогсоох хэрэгтэй.
- Эмчилгээний явцад тохиолдож болзошгүй алдаа, эндэгдлээс зайлсхийх нь Novomix® бэлдмэлийг өөр төрлийн инсулинтэй андуураад тарьчихгүйн тулд тарилга хийх болгоны өмнө тарианы шошгыг заавал уншиж байх хэрэгтэй гэдгийг эмчлүүлэгчид урьдчилан сануулсан байх ёстой.
- Инсулины эсрэг “эсрэг бие” үүсэх
- Инсулин тарилгыг хийснээр бие махбодид “эсрэг бие” үүсч болзошгүй. Ховор тохиолдолд “эсрэг бие” үүссэний улмаас (гипер – эсвэл гипогликеми болохоос сэргийлж) хэрэглэж буй инсулины тунг тохируулах шаардлагатай болдог.
- Бусад эмийн бодисуудтай харилцан үйлчлэлцэх ба бусад харилцан нөлөөлөл
- Глюкозын солилцоонд нөлөө үзүүлдэг хэд хэдэн эм бий. Үүнд:
- Дараах эмийн бодисууд инсулины хэрэгцээг бууруулдаг:
- Чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэдэг эмүүд, моноаминоксидазаг дарангуйлагчид (MAOIs), бета-блокаторууд, ангиотензин хувиргагч ферментийг (ACE) хориглогчид, салицилатууд, анаболик стероидууд ба сульфонамидууд.
- Дараах эмийн бодисууд инсулины хэрэгцээг нэмэгдүүлдэг:
- Жирэмслэлтийн эсрэг ууж хэрэглэдэг бэлдмэлүүд, тиазидууд, глюкокортикоидууд, бамбай булчирхайн дааврууд, симпатомиметикүүд, өсөлтийн даавар ба даназол.
- Бета-хориглогч эмүүд цусан дахь саахар багасах үед илэрдэг шинж тэмдгүүдийн илрэлийг бүдэгрүүлдэг.
- Октреотид / ланреотид бэлдмэл инсулины хэрэгцээг ихэсгэж эсвэл багасгаж үйлчилдэг.
- Архи согтууруулах ундаа инсулины үйлдлийн хүчийг ихэсгэх эсвэл багасгах үйлдэл үзүүлнэ.