Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг экзофермент ялгаруулж задалсны дараа шим тэжээлийг гаднаас шимэгдүүлдэг амьд биетүүд юм. Тэд хүрээлэн буй орчинд өргөн тархсан бөгөөд ихэнх нь сапрофит буюу үхэжсэн органик бодисоос хоол тэжээлээ авдаг. Хүний биед төрөл бүрийн мөөг оршин байдаг ч ерөнхийдөө өвчин үүсгэдэггүй. Харин дархлааны тогтолцоо дарангуйлагдсан үед оппортунист халдвар үүсгэх боломжтой. Оппортунист халдвар гэдэг нь эрүүл хүнтэй харьцуулахад дархлаа суларсан нөхцөлд л илэрдэг, ердийн үед өвчин үүсгэдэггүй бичил биетнүүдийн халдварыг хэлнэ.
Мөөгийг морфологийн хувьд гурван үндсэн төрөлд хуваадаг. Эхнийх нь нэг эст исгэгч хэлбэрийн мөөг бөгөөд соёолж үүсгэн үржинэ. Үүний жишээнд: Candida төрлийн мөөгнүүд багтана. Хоёр дахь нь утаслаг хэлбэрийн мөөг бөгөөд гипа, мицели үүсгэх чадвартай. Үүнд Aspergillus төрлийн мөөгнүүд хамаарна. Гурав дахь нь диморф мөөг бөгөөд орчны нөхцөл, тухайлбал температурын ялгаанаас шалтгаалан хоёр өөр морфологи хэлбэрт шилждэг. Жишээлбэл, 25 хэм орчимд утаслаг хэлбэртэй байхад 37 хэмд хөрөнгөр хэлбэрт оршино. Histoplasma capsulatum бол диморф мөөгийн сонгодог жишээ юм.
Клиник ач холбогдолтой мөөгөнцрийн халдваруудыг гол төлөв арьс, үс, хумсыг хамарсан гадаргуугийн микозууд, амны хөндий болон үтрээний салст бүрхэвчийг гэмтээдэг мукузал халдварууд, мөн уушги, төв мэдрэлийн тогтолцоо, цус болон бусад эрхтнийг хамарсан гүн буюу системчилсэн микозууд гэж ангилна. Арьс, хумс, үсийг гэмтээдэг дерматофит төрлийн мөөгнүүд гадаргуугийн микоз үүсгэдэг бол, Candida төрлийн мөөгнүүд салстын халдваруудыг голлон үүсгэдэг. Харин Aspergillus, Cryptococcus зэрэг мөөгнүүд нь дархлаа дарангуйлагдсан хүмүүст гүн, эрхтэн тогтолцоог хамарсан хүнд хэлбэрийн халдвар үүсгэх нь элбэг.
Мөөгөнцрийн эсийн ханын бүтэц, тухайлбал хитин, β-глюкан, маннопротеин, мөн эсийн мембран дахь эргостерол зэрэг нь эмчилгээний бай болж ашиглагддаг. Эдгээр бүтцүүд нь хүний эсийн бүтцээс ялгаатай тул эмийн үйлдлийг өвөрмөц болгодог. Оношлогоо нь хэд хэдэн түвшинд хийгдэнэ. Үүнд шууд микроскопийн шинжилгээ (жишээ нь KOH бэлдмэл), микробиологийн лабораторид тусгай тэжээлт орчинд (жишээ нь Sabouraud агар) өсгөвөрлөх, серологийн аргаар эсрэгбие болон антиген илрүүлэх, мөн молекул-биологийн арга (жишээ нь , MALDI-TOF, нуклеотид дараалал тогтоох) зэрэг орно.
Эмчилгээ нь мөөгөнд өвөрмөц үйлдэлтэй эмүүдээр хийгддэг бөгөөд эмийн бүлгүүдэд азол, полиен, эхинокандин зэрэг ордог. Азол бүлгийн эмүүд нь эргостеролын нийлэгжилтийг хориглож мембраны бүтцийг алдагдуулдаг. Харин полиен бүлгийн эмүүд, тухайлбал нь мембраны эргостеролтой холбогдож нүх үүсгэснээр эсийн агуулга гадагш алдагдах нөхцөл бүрдүүлдэг. Эхинокандинууд β-глюкан синтазыг дарангуйлж, мөөгөнцрийн эсийн ханыг үүсгэх боломжгүй болгодог. Эдгээр үйлдлүүд нь хүний эсийн бүтэцтэй харьцуулахад харьцангуй өвөрмөц бай болох тул эмийн эмгэг төрүүлэгчид чиглэсэн сонгомол үйлдлийг хангаж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг.