ХҮНСНИЙ ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ ТАВАН Д (five D’s)
Австрали улс дэлхийн харшлын нийслэл гэх харамсалтай тодотголтой явдаг ба 10 хүүхэд тутамд 1 хүүхэд хүнсний харшилтай гэсэн судалгаа гарсан байна (Профессор Кэти Аллены баг).
Мурдок хүүхэд судлалын институтийн Профессор Алленээр удирдуулсан судлаачид хүнсний харшлын шалтгаан, тархалтыг тодорхойлохоор 6 төсөл судалгааг хийсний нэг нь болох HealthNuts нь нийт 5300 нярайг хамруулсан хамгийн том хүн амд суурилсан судалгаа юм. Энэхүү судалгаагаар хүнсний харшил ихсэж байгаа гол шалтгаан нь бидний орчин үеийн амьдралын хэв маяг гэж тодорхойлсон. Судалгааныхаа үр дүнд суурилан Проф. Аллены баг хүнсний харшлыг бууруулахад нөлөөлөх таван Д-н таамаглалыг боловсруулжээ.
ДИЕТ-Хоолны дэглэм-Diet
ХҮҮХДҮҮДЭД:
Харшил өдөөгч хүнсийг хожуу өгч эхлэх нь эрт өгч эхлэхээс аюултай байж болзошгүй. 2011 онд хийгдсэн судалгаагаар 12 сартайгаасаа хойш өндөг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн хүүхдүүдийн дунд өндөгний харшлын тархалт өндөр байжээ. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн Австралийн үндэсний Хүүхдийн хооллолтын удирдамжид өндгийг 10 сартайгаас хойш өгч эхлэх гэсэн заалт 6 сартайгаас эхлэн хүүхдэд өгч эхлэхээр болгож өөрчилсөн байна. Мөн түүнчлэн газрын самрыг мөн ижил хугацаанд өгч эхлэх нь үр дүнтэй болох нь шинэ судалгаагаар харагдсан байна.
ЖИРЭМСЭН ҮЕД:
Жирэмсэн үед харшил өдөөгч хүнсийг хэрэглэхгүй байх нь хүүхдэд харшил үүсэхийг бууруулахтай ямар нэг холбоогүй гэж гарчээ. (Монголчууд мандарин, самар битгий ид гээд байдаг, хамааралгүй байх нь)
DOGS-НОХОЙ
Гэртээ нохой тэжээдэг байх нь хүүхдэд харшил үүсэх эрсдэлийг бууруулдаг байна. Мөн түүнчлэн судалгааны үр дүнгээр дээрээ ах, эгчтэй байх нь харшил үүсэлтийг бууруулдаг. Энэхүү үр дүнгүүд нь “Hygiene Hypothesis – Ариун цэврийн онол” буюу дархлаа тогтолцоо хөгжих явцад зохих хэмжээний өдөөгч хүчин зүйл байснаар дархлаа тогтолцооны санамж үүсэж биед хоргүй хоол хүнсний эсрэг биш зөвхөн өвчин үүсгэгч бактери, вирусийн эсрэг ажилладаг болоход тусалдаг байна. Судалгааны баг БЦЖ буюу сүрьеэгийн вакцин ижил журмаар харшлын эсрэг ажилладаг эсэхийг судалж байгаа юм байна.
ВИТАМИН Д
Судлаачдын тогтоосноор витамин Д дутагдалтай хүүхдүүд өндөгний харшилтай болох эрсдэл 3 дахин их, газрын самрын харшилтай болох эрсдэл 11 дахин их байсан байна. Мөн түүнчлэн витамин Д-н дутагдалтай хүүхдүүд 2 болон түүнээс олон төрлийн хүнсний харшилтай байх эрсдэл нь 10 дахин их байжээ. Тус институтийн судлаачид одоогоор амьдралын эхний жилд витамин Д-г нэмэлтээр өгөх нь харшил болон харшлын гаралтай өвчнөөс сэргийлдэг эсэх талаар судалгааг хийж байна. Энэхүү судалгаа нь нарнаас үүсэх витамин Д нь дархлаа тогтолцооны хөгжилд оролцох үүргийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна. Яагаад гэвэл Австрали улс нь хүнсний бүтээгдэхүүнийг витамин Д-ээр баяжуулдаггүй цөөн орнуудын нэг юм.
DRY SKIN – ХУУРАЙ АРЬС
Эрдэмтдийн тогтоосноор ЭКЗЕМА ГЕН буюу хуурай ширүүн арьстай байх нь хүнсний харшилтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
DIRT – БОХИРДОЛ
Ариун цэврийн онолыг дэмжсэн дахин нэг үр дүн нь угж, соосог нь газар унасан ч шууд хэрэглэдэг хүүхдүүд нь харшилтай болох нь бага байжээ.Эх сурвалж:
https://www.mcri.edu.au