Нэвтрэх
  • Ковид-19 халдварын лабораторийн оношилгоо, хяналтын асуудал

    Судалгаа, эрдэм шинжилгээ, Шинэ мэдлэг, мэдээлэл

    Дэлхий дахинд дэгдээд буй Ковид-19 цар тахал нь эмнэлзүйн лабораториудад өвчнийг анх оношлохоос авахуулаад өвчтөнийг хянах, эмчлэхэд шаардлагатай шинжилгээнүүдийг цаг алдалгүй хурдан боловсруулах, үйлдвэрлэх, түгээх зэргээр урьдчилан таамаглаагүй томоохон сорилт болж байгаа билээ. Үүнийг дагаад эдгээр шинжилгээг урьд өмнө байгаагүй хурдан бөгөөд хамгийн бага шалгуураар баталгаажуулах шаардлага урган гарсан тул оношилгооны нарийвчлалын асуудал санаа зовоож байна.

    Молекулын шинжилгээ:

    Нуклеины хүчил олшруулах шинжилгээ (NAATs) нь одоогоор COVID-19-ийн сэжигтэй тохиолдлыг оношлох алтан стандарт юм. Ковид-19-ын оношилгоонд хамгийн түгээмэл хэрэглэж буй NAAT оношилгоо бол бодит хугацааны полимеразын гинжин урвал (rRT-PCR) юм. Олон судалгааны үр дүнд үндэслэн SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний сорьцыг хамар залгиураас авч байгаа ба ханиалга илэрсэн, эмнэлэгт хэвтэж буй хүмүүст амьсгалын доод замаас (жишээ нь цэрний шинжилгээ) шинжилгээ авах нь үр дүнтэй байна.

    Халдварын эрт үе эсвэл сүүлийн шатанд, вирүсийн үржил бага үед болон шинжилгээний сорьцыг буруу авсан тохиолдолд хуурамч сөрөг хариу гарах магадлалтай. Судалгаагаар хоолойн арчдасийн шинжилгээгээр вирүсийн үржил шинж тэмдэг эхэлснээс 5 дахь хоногт, шүлсэнд 7 дахь хоногт хамгийн оргил цэгтээ хүрч байна. Хятадад ковид-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн 216 хүнд хийсэн судалгаагаар шинж тэмдэг эхэлснээс 17-24 (медиан хоног – 20) хоногт rRT-PCR шинжилгээний хариу сөрөг гарч байжээ.

    Түүнчлэн молекулын шинжилгээ нь SARS-CoV-2 вирүсийн өвөрмөц уураг, генийг (S, N, E уураг, RdRp, OPF1ab) таньж илрүүлэх үндсэн зарчим дээр суурилдаг. Тиймээс эдгээр уураг, генийн шинэ мутаци, хослолын улмаас сорьцонд дахь РНХ дараалал болон урвалжийн праймер, пробны дараалал зөрсний улмаас хуурамч сөрөг хариу гарах магадлалтай юм. Анх нөхцөл байдлын улмаас ковид-19 халдварыг илрүүлэх урвалжуудыг маш хурдан хугацаанд, хамгийн бага баталгаажилттайгаар нэвтрүүлж байсан хэдий ч сүүлийн үед эдгээр урвалжийн оношилгооны чадамжийг тогтоох, харьцуулах судалгаанууд цөөнгүй хийгдэж байна.

    Дархлалын шинжилгээ:

    Энэхүү шинжилгээ нь бүхэл цус, ийлдэс, сийвэнд SARS-CoV-2 вирүсийн эсрэгтөрөгчид өвөрмөц эсрэгбиеийг (IgG, IgM, IgA) илрүүлэх шинжилгээ юм. Дархлалын шинжилгээгээр сэжигтэй тохиолдол, ялангуяа өвчний хөнгөн, дунд хэлбэрийг илрүүлэх, өвчний хожуу шатанд буюу молекулын шинжилгээгээр илрээгүй тохиолдлыг илрүүлэх, өмнө нь халдвар авсан эсэх болон хүн амын дунд өвчний тархалтыг тогтоох ач холбогдолтой. Молекул шинжилгээний нэгэн адил шинжилгээг өвчний аль үе шатанд хийж байгаа нь чухал. Тухайлбал, судалгаагаар өвчний шинж тэмдэг эхэлснээс 7-14 хоногийн дараа эсрэгбиеүүд үүсч, цусанд илэрч байна.

    Үүнээс гадна тухайн хүнээс хамаарч шинжилгээний хариу буюу эсрэгбиеийн титр янз бүр тодорхойлогдож болно. Судалгаагаар ковид-19 халдварын хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст IgG, IgM титр харьцангуй өндөр тодорхойлогдож байсан. Мөн зарим шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүмүүст вирүсийн үржил бага байсантай холбоотой шинжилгээгээр эсрэгбие илрээгүй тохиолдол ч байжээ. Тиймээс цаашид энэ шинжилгээг эмнэлзүйн янз бүрийн бүлэгт хийсэн судалгаанд үндэслэн хүн амын дундах тархалтыг тогтооход хэрэглэж болох эсэхийг тодорхойлох шаардлагатай юм.

    Ихэнх үйлдвэрлэгчид өөрсдийн урвалжийн өвөрмөц болон мэдлэг чанарыг үнэлэхдээ эмнэлэгт хэвтэгсдэд буюу өвчний хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн сорьцонд судалсан байдаг. SARS-CoV-2 вирүс нь 2002-2003 онд дэгдэж байсан SARS-CoV-1 вирүстэй генетикийн хувьд 80% адилхан учир насанд хүрэгсдэд өмнөх SARS халдварын эсрэгбие болон бусад омгийн коронавирүсийн эсрэгбие цусанд эргэлдэж буйтай холбоотой хуурамч эерэг хариу гарах магадлалтай юм. Хэдийгээр үйлдвэрлэгчид тэдний урвалжууд хөндлөн урвал (cross-reactivity) үүсгэхгүй гэж мэдэгдсээр байгаа ч цаашид энэ талын судалгаа, нотолгоо шаардлагатай хэвээр байна.

    Биохимийн шинжилгээ:

    Ковид-19 оношлогдсон өвчтөнд цус, биохимийн шинжилгээг тогтмол хийж, өвчтөний биеийн байдал, эмчилгээ, хяналтын менежментийг хийнэ. Ковид-19 халдварын хүнд хэлбэрийн үед үрэвслийн цитокинууд, тодорхой хэлбэл IL-6, TNF-α ихэсдэг ба эдгээр нь зөвхөн оношилгооны биомаркер бус өвчний явц, тавиланг тодорхойлох ач холбогдолтой. Гэвч эдгээр цитокиныг тодорхойлох шинжилгээ эмнэлзүйд хараахан нэвтрээгүй тул үрэвслийн явцыг тодорхойлох зорилгоор ферритин, С-урвалж уураг, эритроцитын тунадасжих хурд, прокальцитонин зэргийг биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлно.

    Биохимийн эдгээр үзүүлэлтүүдээс гадна цусны шинжилгээнд лимфопени, нейтрофил лимфоцитын харьцаа, тромбоцит лимфоцитын харьцаа ихсэх нь өвчний хүндийн зэргийг илтгэж байна. Мөн өвчтөнд зүрх, элэг, бөөрний биомаркеруудыг тодорхойлох нь эдгээр эрхтэн тогтолцооны талаас гарах хүндрэлийн эрсдлийг үнэлж, хянах ач холбогдолтой. Ковид-19-ын үед зүрх судасны талаас а) вирүсийн шалтгаант миокардит, б) миокардын шууд гэмтэл, в) цитокин хамааралт миокардын гэмтэл, г) микроангиопати, д) титэм судасны эмгэгийн сэдрэл зэрэг хүндрэлүүд гарч болно.

    Түүнчлэн судалгаагаар ковид-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн дунд элэгний гэмтэл ажиглагдаж байгаа бөгөөд ГГТ дангаараа (ШФ хамт биш) ихсэж байгаа нь эмийн шалтгаант гэмтэл байх магадлалтайг харуулж байна. Ковид-19 халдварын үед элэгний талаас а) үрэвслийн хүчтэй хариу урвалаас үүдсэн элэгний гэмтэл, б) цөсний замын эпитель эс дэх вирүсийн репликацийн улмаас шууд цитотоксик гэмтэл үүсэх, в) хүчилтөрөгчийн дутагдлын улмаас элгэнд хипокси үүсэх, г) эмийн шалтгаант элэгний үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсч болно. Өмнөх 2002 оны SARS-тай харьцуулвал бөөрний дутагдал, гэмтэл харьцангуй бага тохиолдож байгаа боловч а) бөөрний эд дэх вирүсийн репликацийн улмаас шууд гэмтэл үүсэх, б) үрэвслийн хүчтэй хариу урвалаас үүдсэн бөөрний гэмтэл, в) эрхтэн тогтолцооны харилцан хамаарал буюу кардиомиопатийн улмаас бөөрний судасны өөрчлөлт гарах зэргээр бөөрний эмгэг үүсч болно.

    Ашигласан эх сурвалж: Bohn MK, Lippi G, Horvath A, Sethi S, Koch D, Ferrari M, Wang CB, Mancini N, Steele S, Adeli K. Molecular, serological, and biochemical diagnosis and monitoring of COVID-19: IFCC taskforce evaluation of the latest evidence. Clin Chem Lab Med. 2020 Jun 25;58(7):1037-1052. doi: 10.1515/cclm-2020-0722.

    https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32459192/

    Хуваалцах

    Цаг уурын нөхцөл байдал ботокс тарилгын тунд нөлөөлнө гэнэ үү? 

    Гоо сайхны ботокс тарианы үр дүнг сайжруулахын тулд нарлаг дулаан орнуудад амьдардаг үйлчлүүлэгчдэд тарилгын тун…

    Пластик мэс заслын түүх

    Юуны түрүүнд орчин цагийн анагаах ухааны мэдлэгийг эх хэл дээр нь оюутан, резидент, залуу эмч…

    Пребиотик ба пробиотик: Ялгаа нь юу вэ?

    Пробиотикууд нь таны биед амьдардаг, гэдэс доторх хоолыг задлахад тань тусалдаг бактериуд юм.

    Анагаах ухааны ойлголт: Эмпати (empathy)

    Өөрөөсөө бусад бодгалийг (хүн, амьтан) ойлгох (1), түүний болон тэдгээрийн оронд/байр суурин дээр өөрийгөө тавьж…

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.