Үс шулуутгагч хими нь эмэгтэйчүүдэд умайн хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна
АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн /NIH/-ээс гаргасан шинэ судалгаагаар үс шулуутгагч химийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан эмэгтэйчүүд хэрэглээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хорт хавдар тусах эрсдэл өндөр байсан байна. Харин эмэгтэйчүүдийн нийтлэг хэрэглэдэг үсний будаг, цайруулагч, “сор” суулгагч, үс буржийлгагч зэрэг бусад үсний бүтээгдэхүүнүүд нь умайн хорт хавдрын өвчлөлтөй холбоогүй байжээ.
NIH-ийн нэг хэсэг болох Байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгээс (NIEHS) явуулсан “Sister Study“ гэх энэ судалгаанд нийт АНУ-ын 35-74 насны 33,497 эмэгтэйчүүд хамрагдсан. Судалгааны зорилго нь хөхний хорт хавдар болон бусад эрүүл мэндийн нөхцөл байдлын эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох байжээ. Судалгаанд оролцогчдыг 11 жилийн турш дагаж судалсан бөгөөд энэ хугацаанд 378 умайн хорт хавдрын тохиолдолд оношлогджээ.
Өнгөрсөн жил 4 болон түүнээс дээш удаа үс шулуутгагч химийн бодис хэрэглэсэн гэж мэдэгдсэн эмэгтэйчүүдийн дунд умайн хорт хавдрын тохиолдол дээрх бүтээгдэхүүнийг хэрэглээгүй гэсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2 дахин их тохиолдсон байна.
NIEHS-ийн хүрээлэн буй орчин, хорт хавдрын эпидемиологийн хэсгийн дарга, энэхүү судалгааны удирдагч Александра Уайт хэлэхдээ: “Бидний тooцоолж байгаагаар үс шулуутгагч хими огт хэрэглээгүй эмэгтэйчүүдийн 1.64% нь 70 нас хүрэхдээ умайн хорт хавдраар өвдөх эрсдэлтэй бол үс шулуутгагч байнга хэрэглэгчдийн хувьд энэ эрсдэл 4.05% хүртэл нэмэгдэж байна“ “Энд эрсдлийн хувь хэмжээ хоёр дахин нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа хэдий ч умайн хорт хавдар нь хорт хавдрын харьцангуй ховор төрөл гэдгийг санах хэрэгтэй юм.“ гэжээ.
Умайн хорт хавдар нь хорт хавдрын нийт тохиолдлын 3 орчим хувийг эзэлдэг ч эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцооны хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар бөгөөд 2022 онд АНУ-д 65,950 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Судалгаанаас үзэхэд АНУ-д умайн хорт хавдрын өвчлөл хар арьст эмэгтэйчүүдийн дунд илүү нэмэгдэж байна. Үндэсний хавдар судлалын хүрээлэнгийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар: өмнө жил үс шулуутгагч хими хэрэглэсэн гэж хариулсан эмэгтэйчүүдийн 60 хувь орчим нь хар арьст эмэгтэйчүүд байжээ.
Хэдийгээр шулуутгагч хими хэрэглэх нь умайн хорт хавдрын өвчлөлд хүргэж байгаа хамаарлыг оролцогчдын арьсны өнгөөр нарийн ялгаж судлаагүй боловч химийн сөрөг нөлөө нь (төрөлхийн буржгар үстэй) хар арьст эмэгтэйчүүдэд бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байдагтай нь холбоотой илүү байсан байж магадгүй гэж таамаглаж байна. “Хар арьст эмэгтэйчүүд нь үс шулуутгагч эсвэл долгион багасгагч үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг бусад үндэстэн, арьстангуудыг бодвол бага залуугаасаа хэрэглэж эхлэх хандлагатай байдаг тул судалгааны үр дүн тэдэнд илүү хамаатай байж магадгүй“ гэж судлаач, NIEHS Эпидемиологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ph.D. Че-Жунг Чанг хэлжээ.
Өмнөх төстэй судалгааны үр дүнд: үс шулуутгагч хими нь эмэгтэйчүүдэд даавартай хамааралтай хорт хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна гэж гарсан юм. Судлаачид энэ удаад эмэгтэйчүүдийн хэрэглэсэн үс шулуутгагч химийн бренд болон доторх агуулагдахуун дээр нарийвчлан судалгаа хийгээгүй юм. Гэсэн хэдий ч үс шулуутгагчинд агуулагддаг хэд хэдэн химийн бодисууд (тухайлбал парабенс, бисфенол А, металл, формальдегид гэх мэт) нь умайн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг баримтад тэмдэглэжээ. Үс шулуутгагч хими нь хуйхыг түлж, хуйханд шарх үүсгэдэг, улмаар дотор нь агуулагдах химийн бодисууд хуйхаар дамжин шимэгдэх нь бусад бүтээгдэхүүнүүдээс илүү байдгийг анхаарах хэрэгтэй.
Судлаачдын мэдэгдэж байгаагаар энэхүү судалгаа нь үс шулуутгагч болон умайн хорт хавдрын хоорондын хамаарлын талаар хийгдсэн анхны тархвар зүйн судалгаа бөгөөд мэдээж судалгааны үр дүнд бусад популяцид тохирч байгаа эсэхийг нягталсан, мөн хэрэв үсний арчилгааны бүтээгдэхүүнүүд нь умайн хорт хавдрын өвчлөлд нөлөөлж байгаа гэвэл яг ямар агуулагдхуунууд нь аль төрлийн хавдрын өвчлөлд илүү нөлөөлж байгаа зэргийг лавшруулан судлах шаардлагатай байна.
Энэ судалгааны баг өмнө нь байнга үсний будаг хэрэглэх, үс шулуутгагч хэрэглэх нь хөх болон өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоож байсан.
References
Che-Jung Chang, Katie M. O’Brien, Alexander P. Keil, Symielle A. Gaston, Chandra L. Jackson, Dale P. Sandler, Alexandra J. White. Use of Straighteners and Other Hair Products and Incident Uterine Cancer. Journal of the National Cancer Institute DOI: https://doi.org/10.1093/jnci/djac165 (2022).
Орчуулж, бэлтгэсэн: Ж.Гэрэлмаа