Анагаахын шинэхэн оюутнууддаа өгөх бяцхан зөвлөмж
Хамгийн эхэнд томоос том Баяр хүргэе !!! Анагаахын сургуульд орно гэдэг бол өөрөөрөө бахархах зүйл мөн бөгөөд гэр бүл, найз нөхөд чинь ч бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин одооноос анагаах ухааны хөлгүй далай дахь аялал тань эхэлж байна. Суралцах үед чинь хүнд хэцүү шантармаар үе цөөнгүй тохиож магадгүй ч өөрийнхөө мэргэжлээ сонгосон шалтгаан, итгэл үнэмшил, өдийг хүртэл тусалж дэмждэг хүмүүсээ бодон бууж өгөлгүй, суралцах цаг мөч бүрээ таашааж, харамсалгүй, дурсамжтай өнгөрөөгөөрэй.
Таньд анагаах ухааны мэдлэг боловсролын сууриа хэрхэн зөв, бат бөх тавих талаар хэрэг болж магадгүй хэдэн зөвлөмжийг хүргэе.
1. Өөрийн суралцах арга барилаа олох
Анагаахын шахуу хичээлүүд, олон цагийн лекц, унших хэрэгтэй мянга мянган материал, сурах бичгүүд гэх мэт олон зүйлсээс шалтгаалан өмнө нь суралцдаг байсан арга барил тань одоо таньд тохирохгүй ч байж болно. Өөрийгөө ямар аргаар хэрхэн сайн суралцдагаа тодорхойлох нь тус болж магадгүй. Харааны аргаар сайн сурдаг бол схем, график, зураглал, атлас зэргийг илүү түлхүү ашиглаж, өөрийн ойлгосон зүйлсээ зураглал, схем болгон өнгө өнгөөр буулгаж ч болох юм. Сонсголын аргаар сайн суралцдаг бол лекцүүдээ рекорд хийж аваад дахин дахин сонсож болно. Хүмүүст ойлгосноо ярьж өгч сурдаг бол найзууд, ангийнхандаа өөрийн ойлгосноо хичээлийнхээ өмнө тайлбарлаж өгч болно. Энэ мэтчилэн хүн бүрт өөрт тохирсон арга барилууд бий, зарим нь гэртээ сайн сурдаг байхад зарим нь номын санд, анги танхимдаа сайн суралцдаг ч байж болно. Өөрийнхөө зөв арга барилыг олж, илүү ухаалаг суралцаарай.
2. Бусадтай өөрийгөө харьцуулахгүй байх
Өдийг хүртэл хичнээн их хичээж энэ хүртэл ирснээрээ бахархах хэрэгтэй. Эргэн тойрны чинь хүмүүс хичнээн сайн бэлдсэн, бүгдийг нь цээжилсэн, бүх номоо аль хэдийн уншаад дууссан байна уу хамаагүй, өөрийгөө харьцуулж сэтгэлээр унах хэрэггүй. Чамаас илүү мундаг санагдвал урам аваад л, өөрийхөө хамгийн сайнаар хичээхэд болно.
3. Асуухаас бүү ай
Багшаасаа, дээд курсынхээ ах эгч нараас, ангийнхнаасаа гээд хэнээс ч асуулт асуухаасаа айж бэргэх хэрэггүй. Асуулаа гээд муу зүйл болохгүй, харин ч илүү ихийг мэдэж авна. Ялангуяа дээд курсынхэн бол чамд хэрэгтэй лавлах л гэсэн үг. Тэд багш нарын арга барил, ямар хичээл дээр юуг илүү анхаарах хэрэгтэйг, шалгалтын өмнөх, дараах сэтгэл зүй, өөрсдийнхөө эсвэл ангийнхныхаа гаргаж байсан алдаа, түүнээс яаж сэргийлэх талаар хүртэл харамгүй зөвлөгөө өгч магадгүй шүү.
4. Бүгдийг нь тэмдэглэж авсан нь дээр шүү
Бөөн бөөн лекц, унших материал. Лекцийн үеэр сайн сонсож, ойлгосон ч тэр их мэдээллийг дараа нь бүгдийг нь санах нь юу л бол. Тиймээс өөрийн аргаар тэмдэглэж авсан нь зүйтэй. Лаптоп, таблет, дэвтэр алин дээр нь ч хамаагүй, өөрийн бичиж авсан тэмдэглэл л илүү хэрэгтэй байдаг. Би өөрөө болон миний эргэн тойронд утсан дээрээ авсан зургаа эргэж уншиж хардаг хүн их цөөхөн байдаг тул зураг дарах бол тийм ч сайн арга гэж бодохгүй байна.
5. Бүх зүйлийг нэг дор сурчихдаггүй
Эхний долоо хоног, эхний сар, эхний семистерт бүх зүйлийг мэдэхгүй байх нь гарцаагүй. Асуудал тулгарвал өөрөө шийдэх аргаа хай, болохгүй бол тусламж хүс, асуу. Оюутан байхад мэдэхгүй, чадахгүй байх нь гэмт хэрэг биш, харин ч тусалж дэмжих хүмүүсээр дүүрэн байдаг үе юм.
6. Өөрийн хийх дуртай зүйлдээ цаг гарга, битгий орхи
Яг одоогоор сурах өөрийн чинь гол зорилго мөн ч гэсэн тасралтгүй суралцана гэдэг тийм ч амар биш. Хамгийн сайн амралт, завсарлага бол өөрийнхөө хийх дуртай зүйлийг хийх юм. Дараа нь толгой тархи ч илүү сэргэг, бие хөнгөн болсон байдаг.
7. Сургалтын алба, оюутны алба гэх мэт хүмүүсийг мэддэг бай
Анагаахын сургууль бол бусад их сургуулиудаас хамгийн удаан суралцдаг газар учир тэд наргүйгээр оюутны амьдралаа төсөөлөхөд бэрх. Ямар нэг байдлаар нүүр учрах хэрэг гарна. Тиймээс эдгээр хүмүүсийн талаар мэдээлэлтэй байхад илүүдэхгүй.
8. Найзуудтай болох
Сургууль дээрээ чи өөртэйгөө ижил зорилго, хүсэл тэмүүлэлтэй олон хүмүүстэй уулзана. Тэдгээр хүмүүс чиний нэгэн хүрээлэл болж зөвхөн хичээл биш, хичээлээс гадуурх ихэнх цаг хугацаагаа ч хамтдаа өнгөрүүлнэ. Тиймээс илүү нээлттэй байж, аль болох олон хүнтэй танилцаж, нөхөрлөхийг хичээгээрэй. Танилтай хүн талын чинээ гэдэг шүү дээ.
9. Өөртөө анхаарч, өөрийгөө хайрлаж байгаарай
Сайн хооллож, дасгал хөдөлгөөн хийж, өөртөө амрах цаг гаргаж, хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж, хамгийн гол нь сайн унтаж амарч байгаарай. Сэтгэлзүйн эрүүл мэнд хамгийн чухал нь учир ямар нэг тусламж хэрэгтэй бол заавал хэн нэгэнд хандаарай.
10. Клуб, нийгэмлэгт элсэх нь олон давуу талтай
Зөвхөн хичээлээ хийгээд байвал өөр олон зүйлсээс хоцорно. Өөрийн сонирхдог клуб, нийгэмлэгтээ элссэнээр өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй уулзана. Сонирхсон чиглэл, мэргэжлээрээ илүү судлах, судалгаа хийхэд туслах, хурал семинарт оролцох, зохион байгуулах гэх мэт маш олон боломжийг эндээс олох боломжтой. Зөвхөн ангийнхан, курсийнхнээсээ илүү өөр, олон хүмүүстэй танилцаж, багаар ажиллах, зөвлөгөө авах, туршлага хуримтлуулах гээд давуу тал ихтэй.
Дахин баяр хүргэе. Цаашдынх нь хичээл сурлага, бүх зүйлд нь амжилт хүсье.