
Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм журмын дагуу хийгдэхгүй бол өвчтөнд хор хөнөөл учруулж ч болзошгүй (ДЭМБ-ын Аюулгүй мэс засал хөтөлбөрт дурдсаны дагуу) юм.
Хөгжингүй орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн талаас илүү хувь нь мэс заслын тусламжтай холбоотой эрсдэл, хүсээгүй үр дүн гарч ирдэг бөгөөд мэс заслын үед учирсан хүндрэл асуудлуудын дор хаяж тэн хагасыг нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг.
Доорх шаардлагууд нь хойшлуулж болшгүй, яаралтай мэс засалд бүрэн хангагдах боломжгүй байж болох ч өвчтөнд ямар нэг хор хөнөөл учруулахгүйн тулд аль болох анхаарах ёстой зүйлс болно. Иймд оюутан, интерн та бүхэнд зориулан бэлтгэлээ.
Мэс заслын хяналтын хуудас
Хяналтын хуудас нь өвчтөний мэс заслын өмнө бөглөгдөх ёстой бөгөөд энэ нь мэс заслын ажилтнууд болон тасгийн сувилахуйн ажилтнуудын заавал хийх ажил юм.
Тухайн эмнэлгийн мэс заслын чиглэлээс шалтгаалан агуулга нь бага зэрэг өөр байж болох ч удирдах дээд байгууллагын баталсан тушаалын хүрээнд ерөнхий агуулга нь ижил байдаг.
- Мэс засалч/ мэдээгүйжүүлэгч – мэс засалч эсвэл мэдээгүйжүүлэгч, түүнийг орлох хүн (мэс заслын туршид мэс заслын өрөөнд байх) мэс заслын өмнө тасагт өвчтөнтэй уулзаж:
- Ямар заалтын дагуу, төлөвлөж буй мэс засал болон мэс заслын талбайг өвчтөнтэй хамт байхдаа баталгаажуулж, мэс засал хийх хэсгийг тэмдэглэнэ.
- Мэс заслын явцад болон дараа нь гарч болзошгүй эрсдэл, хүндрэлийг өвчтөнд, өвчтөний ар гэрт ойлгомжтойгоор тайлбарлан, зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулдаг. (мэдээгүйжүүлэгчийн эмч мөн адил)
- Сувилахуй – өвчтөний мэс заслын өмнөх болон дараах тусламж үйлчилгээнд оролцсон сувилахуйн ажилтан.
- Зөвшөөрлийн маягтуудыг шалгаж, халдварын эрсдлийг үнэлэх, мэс заслын өмнөх болон дараах сувилгааны талаар тайлбарлаж, мэс засалд бэлтгэнэ. (мэдээгүйжүүлгийн сувилагч мөн адил)
Мэс заслын талбайг тэмдэглэх
Мэс заслын өмнөх тэмдэглэгээ нь мэс заслын аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд буруу талбайд мэс засал хийхээс сэргийлж чадна. Мэс засал хийх зөв талбайг өвчтөний эмнэлгийн баримт бичиг, зөвшөөрлийн маягт, мэс заслын хуудас болон боломжтой бол өвчтөн (эсвэл түүний ар гэрийнхэн)-д танилцуулж баталгаажуулна.
Мэс заслын тэмдэглэгээг мэс заслын хяналтын хуудасны нэг хэсэг болгон мэс засалч өөрөө хийх ёстой. Тэмдэглэгээг мэс засал эхлэхийн өмнөх “TIME OUT-Завсарлага” үед дахин баталгаажуулна.
Зохих арьсны тэмдэглэгээний үзэг -маркер ашиглаж, зүслэг хийх хэсгийн ойролцоо харагдахуйц сум хэлбэртэй тэмдэглэгээ хийх ёстой. Лапароскопийн мэс засал хийх үед тухайн эрхтэний харалдаа арьсан дээр тэмдэглэгээ хийх шаардлагатай.
Мэс заслын өрөөний хяналтын хуудас
ДЭМБ-ын зөвлөсөн мэс заслын хяналтын хуудас нь мэс заслын үеийн аюулгүй байдлын чухал хэсэг юм. Хяналтын хуудсыг ашиглах нь мэс заслын дараах ноцтой хүндрэлүүдийн хэмжээг 11%-аас 7% хүртэл, томоохон мэс заслын дараах нас баралтын хэмжээг 1.5%-аас 0.8% хүртэл бууруулсан байна.
Энэхүү хяналтын хуудас нь бүх мэс заслын үйл ажиллагаанд, ерөнхий мэдээгүйжүүлэгтэй мэс заслаас эхлээд хэсгийн мэдээгүйжүүлэгтэй мэс засалд хүртэл хийгдэх ёстой. Бөглөгдсөн хяналтын хуудасны хуулбарыг өвчтөний өвчний түүх эсвэл цахим эмнэлгийн баримт бичигт хадгална.
Манай улсад ЭМС-ын 2013 онд баталсан А177 тушаалын дагуу шалгах, хяналтын хуудас ашигладаг.
ДЭМБ-ын мэс заслын аюулгүй байдлын хяналтын хуудсыг мэс заслын үе шат бүрт бөглөх ёстой.
Үүнд :
- Мэс заслын өрөөнд орж ирэхэд (Sign In) – Мэдээгүйжүүлэг эхлэхээс өмнө.
- Завсарлага (Time Out) – Эхний зүслэг хийхээс өмнө
- Мэс заслын өрөөнөөс гарах (Sign Out) – Мэс заслын багийн гол гишүүд өрөөнөөс гарахаас өмнө бөглөнө.
Халдварын хяналт
Ариун мэс заслын орчныг хангах нь мэс заслын аюулгүй байдлын чухал хэсэг юм. Халдварын хяналтын гол хэсгүүдэд дараах зүйлс орно:
- Бүх мэс заслын тоног төхөөрөмжийн ариун байдал
- Үр дүнтэй мэс заслын гар угаах техник
- Урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээ
- Мэс заслын явцад халдварын хяналтын дүрмийг мөрдөх
Мэс заслын өмнөх антибиотик эмчилгээ
Шархны халдварын өндөр эрсдэлтэй үед эсвэл халдвар нь ноцтой хүндрэл үүсгэдэг (жишээлбэл, протез ашиглаж байгаа тохиолдолд) мэс заслын үед урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик өгдөг.
Урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээний зааварчилгаа
- Урьдчилан сэргийлэх антибиотикийг мэс заслын зүслэг хийхээс нэг цагийн дотор эхлүүлэх ёстой, эсвэл өвчтөнд ванкомицин эсвэл фторхинолон өгч байгаа бол хоёр цагийн дотор эхлүүлнэ.
- Өвчтөнд мэс заслын төрлөөс нь хамааран тохирох урьдчилан сэргийлэх антибиотик өгөх шаардлагатай.
- Урьдчилан сэргийлэх антибиотикийг мэс засал дууссанаас хойш 24 цагийн дотор зогсоох ёстой (зүрхний мэс заслын хувьд 48 цагийн дотор).
Антибиотик сонголт
Ерөнхийдөө, мэс заслын талбайн халдвараас урьдчилан сэргийлэхэд антибиотикийг сонгохдоо зардал, аюулгүй байдал, фармакокинетикийн үзүүлэлт болон бактерийн эсрэг идэвхийг харгалзан үздэг.
Мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэх антибиотикийн харьцуулсан судалгаа хязгаарлагдмал байдаг. Гэсэн хэдий ч өргөн хүрээний антибиотик хэрэглэснээр мэс заслын дараах халдварын (SSI) түвшинг илүү үр дүнтэй бууруулдаг гэх хангалттай нотолгоо байхгүй, нарийн хүрээний антибиотикийн хэрэглээтэй ижил үр дүнтэй болох нь судалгаагаар харагдсан.
Цефазолин — Цефазолин нь олон төрлийн мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болох нь нотлогдсон хамгийн өргөн судлагдсан антибиотик юм. Цефазолин нь үйлдэл удаан үргэлжлэх, мэс заслын үед тохиолдох нийтлэг нянгуудын эсрэг өргөн үйлдэлтэй, аюулгүй байдал өндөр, зардал бага зэрэг давуу талтай. Энэ нь стрептококк, метициллинд мэдрэмтгий стафилококк, олон грам-сөрөг нянгийн эсрэг идэвхтэй.
Хоёрдугаар үеийн цефалоспоринууд (жишээ нь, цефуроксим) нь онолын хувьд цефазолинтой харьцуулахад грам-сөрөг нянгийн эсрэг өргөн хүрээтэй үйлдэлтэй боловч эдгээр антибиотикийн эсэргүүцэл нэмэгдэж байна. Цефокситин болон цефотетан нь мөн анаэроб нянгийн эсрэг зарим үйлдэлтэй.
Антибиотикийн харшил — Антибиотикийн харшилтай өвчтөнүүдэд мэс заслын талбайн халдварын эрсдэл нэмэгддэг болох нь ажиглагдсан.
Пенициллиний харшлын түүхтэй өвчтөнүүд — Хэрэв өвчтөнд энгийн арьсны тууралт маягаар илэрсэн пенициллиний харшил байгаа бол цефалоспорин хэрэглэж болно; пенициллин ба цефалоспоринуудын хоорондын харшлын хөндлөн урвал ховор тохиолддог боловч IgE-тай хүчтэй харшлын урвалтай өвчтөнүүдэд цефалоспорин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Цефалоспорины орлуулах эмүүд — Үүнд судсаар тарих ванкомицин (15-20 мг/кг) эсвэл клиндамицин (600-900 мг) орно. Зарим тохиолдолд грам-сөрөг нянгийн эсрэг үйлдэлтэй эмийг нэмэх шаардлагатай байж болно.
(Дэлгэрэнгүйг: Antimicrobial prophylaxis for prevention of surgical site infection in adults – UpToDate)

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх
Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

Мэс заслын өрөөнд туслах нь
Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…