
Америкийн пластик мэс засалчдын нийгэмлэгийн вебсайтад 2024 оны 12-р сарын 06-ны өдөр нийтлэгдсэн, пластик мэс засалч Сузанна Тротт эмчийн ярилцлагаас бэлтгэв.
Сорви нь мэс засал, гэмтэл эсвэл арьсны огцом хурдан суналтаас үүсэж болох бөгөөд зарим нь цаг хугацааны явцад бүдгэрдэг бол зарим нь илэрхий тод харагдаж үлддэг. Аз болоход, сорвины харагдах байдлыг сайжруулах мэс заслын болон мэс заслын бус олон төрлийн эмчилгээний аргууд бий болсон бөгөөд эдгээр нь хүний өөртөө итгэх итгэлийг болон өдөр тутмын амьдралд нь эерэгээр нөлөөлдөг.
Гэхдээ өвчтөнд олон төрлийн эмчилгээнээс аль нь илүү тохиромжтой болохыг сонгох нь төвөгтэй асуудал болдог. АНУ-ын Гоо сайхны болон Сэргээн засах мэс засалчдын холбооны (ASPS) гишүүн, пластик мэс засалч Доктор Сюзанн Тротт-той ярилцаж, сорви засах эмчилгээний хамгийн үр дүнтэй аргуудын талаар мэдээлэл авчээ.
Үүнийг товчлон та бүхэнд хүргэе.
Мэс заслын болон мэс заслын бус сорви засах аргуудын ялгаа
Сузанна Тротт эмч хэлэхдээ “Нэн тэргүүнд би мэс засал хийж л байгаа, арьс гэмтэж л байгаа бол тэнд сорви үүсэх нь зайлшгүй бөгөөд, пластик мэс засал нь мөн адил сорви үлдээхгүй мэс засал гэсэн үг биш гэдгийг өвчтөнд ойлгуулахыг хичээдэг. Мөн ихэнх сорви нь мэс заслын аргаар биш, харин мэс заслын бус аргаар сайжрах боломжтой байдаг. Нөгөөтэйгүүр өвчтөнүүд сорвийг хурдан, хялбар аргаар засуулахын тулд сорвины хэсгийг мэс заслаар авахуулаад, дахин оёулах ажилбар хүсдэг. Гэвч би тэдэнд энэ нь тийм ч энгийн зүйл биш гэдгийг тайлбарладаг” гэжээ.
Сорви хэр зузаан байх, хэр их өнгөний өөрчлөлттэй болохыг тодорхойлдог хоёр гол хүчин зүйл бий:
- Арьсны төрөл – Хар бараан өнгөтэй арьстай хүмүүсийн сорви илүү тод, зузаан байх хандлагатай байдаг.
- Шархны таталдал – Шархны ирмэгүүд татагдсан байвал сорви сунаж, илүү зузаан, өргөн, улаан эсвэл бор өнгөтэй болдог.
Мэс заслын бус сорви эмчлэх аргууд
Ихэнх тохиолдолд сорви эмчлэхэд дараах мэс заслын бус аргууд үр дүнтэй байдаг. Үүнд:
- Стероид ба 5-FU тарилга – Зузаан, овойсон сорвийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
- IPL (интенсив гэрэл эмчилгээ) болон Fractional CO2 лазер – Улаан, бор өнгийн өөрчлөлтийг засна.
- Силикон гель, наалт – Мэс заслын дараа хэрэглэхэд сорвийг нарийсгаж, эдгэрэлтийг сайжруулдаг.
- Микро-зүү (microneedling) эмчилгээ + PRP (ялтас эсээр баялаг сийвэн), нано өөхний (nanofat) тарилга зэрэг – Сорви ялангуяа язралтын сорвины уян хатан байдлыг сайжруулна.
- Эмчилгээний шивээс – Хэт цайвар сорвийг арьсны өнгөтэй ижилсүүлэх нэг арга.
Мэс заслын аргаар сорви засах шаардлага хэзээ гарах вэ?
Зөвхөн эдгэрэлтийн явцад хүндрэл гарсан сорвинууд, эсвэл маш их хонхойж дотогш татагдсан сорви үүссэн тохиолдолд мэс заслын аргаар засах боломжтой.
- Хэт хонхойж дотогш татагдсан сорви – Хэрэв сорви таталдал ихтэй байвал түүнийг тайрч аваад шинэ шарх үүсгэж дахин оёх нь яг л адилхан эсвэл бүр ч илүү муухай харагдах сорви үүсгэх эрсдэлтэй. Хөх болон хэвлийн пластик мэс заслын дараах татагдсан мэс заслын сорвийг засуулах хүсэлт гаргасан олон өвчтөнд эмчийн хувиасаа татгалзаж байжээ, учир нь эдгээр сорви аль хэдийн шархны таталдал ихтэй байдаг тул шууд тайрч аваад, дахин оёх нь буруу эмчилгээ болно.
- Үен дээрх сорви (өвдөг, тохой, ташаа гэх мэт) – Хэрэв өвчтөн ташаа, өвдөг, тохойн үе орчмын ортопедик (гэмтлийн, үений гэх мэт) мэс заслаас үлдсэн сорвитой бол үеийн хөдөлгөөнтэй байдлаас шалтгаалан сорви гипотрофик (нимгэрсэн, тогтворгүй) байдаг тул мэс заслын аргаар засах нь мөн л үр дүнгүй байж болно.
- Зарим сорви дахих магадлалтай – Сорвийг тайрч авах шаардлагатай бол гадаргуугийн туяа эмчилгээ (superficial radiation therapy) хийснээр келоидын дахилтыг 80%-иар багасгаж бас болно.
Шинэ, үр дүнтэй арга:
- Сүүлийн үед нано өөхний (nanofat) тарилга маш их анхаарал татаж байна. Энэ арга нь өөхийг бага хэмжээгээр авч, түүнийг нано өөх болгон боловсруулж, сорвины эд руу тарьдаг. Энэ нь үүдэл эсийн “ханд” хэлбэрээр үйлчилдэг бөгөөд ямар ч төрлийн наалдсан (татагдсан) эсвэл нимгэн сорвинд тарьж болох ба үүдэл эс нь сорвины эдийн бүтцийг зөөлрүүлж, нөхөн сэргээдэг. Nanofat буюу нано өөхний тарилгыг:
- Одоогоор сорви засах мэс засал хийлгэх заалттай боловч эд нь хангалттай зөөлрөөгүй (not mature yet) байгаа өвчтөнүүдэд ашиглаж болно.
- Нано өөх нь наалдсан сорви болон нимгэн сорвийг зөөлрүүлж, арьсны бүтцийг сайжруулдаг.
- Potenza хэмээх хамгийн сүүлийн үеийн микро-зүү + радио долгионы хавсарсан төхөөрөмж. Энэ нь PRP (ялтас эсээр баялаг сийвэн) болон нано өөхийг шууд дермис давхаргад тарьж өгдөг. Энэ нь ялангуяа язралтын сорви засахад үр дүнтэй.
- DEKA Fractional CO2 лазер – Минимум тохиргоотой (CoolPeel) учир эдгэрэлтэд шаардагдах хугацаа бага, нүүр болон бусад ил харагдах хэсгүүдэд ашиглахад тохиромжтой.
- Өөх соруулах (липосакц), нүүр өргөх, хүзүү өргөх, хөхний мэс заслын дараа үүссэн дотоод сорви маягийн эдийн хатуурлыг массаж болон хэт авианы эмчилгээгээр засах боломжтой. Aspen Ultrasound төхөөрөмж нь энэ тал дээр маш үр дүнтэй бөгөөд Тротт эмчийн хувьд бүх өвчтөндөө мэс заслын дараа хэрэглэдэг гэнэ. Үүнээс гадна, хөхний имплантын капсулын агшилтаас (capsular contracture) сэргийлэх, эмчлэх зорилгоор ашиглаж болно гэжээ.
Ажилбарын дараах эдгэрлийн хугацааны тухайд
- Мэс заслын бус сорви эмчлэх эмчилгээний дараа эдгэрлийн хугацаа гэж бараг яригдахгүй. Эмчилгээ хийгдсэн хэсгийг зөвхөн гадны нөлөөллөөс хамгаалж боох шаардлагатай. Хэрэв CO2 лазер зэрэг аргаар сорвины эмчилгээ хийсэн бол өвчтөнд тусгай serum өгч, түрхэхийг зөвлөдөг.
- Мэс заслын дараах эдгэрлийн хугацааны тухайд:
Хэрэв сорвийг шууд тайрах мэс засал хийх боломжтой, орчны арьс таталдал бага сул байгаа бол эдгэрэлтийн хугацаа урт байх шаардлагагүй. Харин сорви том хэмжээтэй бол эдгэрэлтийн хугацаа уртсаж болно. Өмнө дурдсанчлан, үеийн дээрх эсвэл цээжний хэсгийн сорви нь мэс заслын аргаар амжилттай засагдах, сайжрах нь ховор.
Хэрэв сорви эдгэрэлт муу, их хэмжээний таталдалттай байвал энгийн мэс заслын тайралт хангалтгүй, арьсны далбан (rotation flap) гэх мэт өөр мэс засал эмчилгээний аргууд шаардлагатай болж магадгүй.
Сорви эдгэрэх явц, хугацаа
Ихэнх хүмүүс сорви эдгэрэх хугацааг дутуу үнэлдэг. Сорви эдгэрэх үе шат:
- Эхний үед – Мэс заслын дараахан эхэн үед сорви мэдэгдэхүйц биш байдаг. Учир нь жинхэнэ эдгэрлийн үйл явц эхлээгүй байгаа юм.
- 6 долоо хоног – Улаан өнгөтэй байдаг, анхан шатны эдгэрэлт явагдах дундаж хугацаа.
- 1-1.5 жил – Сорви аажмаар бүдгэрч, өнгө нь орчны арьсны өнгө рүү дөхөж өөрчлөгдөж болно.
АНХААР! Заримдаа сорви нь өөрөө биш, харин түүний сүүдэржилт нь хүмүүсийн санааг зовоодог. Тухайлбал, гэдэсний сорвины орчимд сүүдэржилт (сорви давсан эд) үүсдэг тул орчны өөхийг соруулсанаар бодит сорви нь илүү жигд, бага харагдах боломжтой.
Келоид ба гипертрофик сорвийг андуурах
- Келоид сорви – Анхны шархны төвшнөөс хэтэрч ургасан сорви (ихэвчлэн Африк, Ази гаралтай хүмүүст тохиолдоно).
- Гипертрофик сорви – Зөвхөн шархны төвшинд зузаан сорви үүсэх үзэгдэл бөгөөд ихэнхдээ тарилга, лазераар засах боломжтой.
Хэдийгээр пластик мэс засалчид сорвийг хамгийн бага байлгахыг хичээдэг ч ямар ч мэс засал сорвигүй байх боломжгүй. Эцэст нь хэлэхэд ялангуяа, биеийн галбир засах мэс заслууд (гэдэс татах, хөх өргөх гэх мэт) нь гоё галбирын төлөө тухайн хэсэгт сорвитой болох сонголт гэдгийг өвчтөнд ойлгуулах нь чухал гэдгийг Сузанна эмч онцолсон байна.

Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх
Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

Мэс заслын өрөөнд туслах нь
Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

Мэс заслын үеийн аюулгүй байдал
Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

Өвчтөнд таниулсан зөвшөөрөл гэж юу вэ? Түүний пластик мэс засалд үзүүлэх нөлөө
Пластик нөхөн сэргээх мэс заслын журналын хэвлэлд нийтлэгдсэн “Хуулийн үүднээс өвчтөнд таниулсан зөвшөөрөл ба түүний…