Торлогийн ховхрол (Retinal detachment)
Нүд судлал, Нүдний өвчнүүд
Тойм
Торлогийн ховхрол (Amotio retinae, Ablatio retinae) нь торлогийн дотор давхарга болох нейросенсор хэсэг нь пигментэт эпителиэсээ салснаас үүсдэг эмгэг юм. Торлогийн ховхрол үүсэх хамгийн түгээмэл шалтгаанд торлог давхаргад нүх болон урагдал үүсэх механизм орох бөгөөд (регматогений торлогийн ховхрол), үүний эрсдэлт хүчин зүйлсэд миопи, өмнө нь хийлгэж байсан нүдний мэс засал, гэмтэл болон/эсвэл арын шилэнцэр биеийн салалт зэрэг орно. Ховор тохиолдолд бага хэмжээтэй ховхрол нь торлогийн нүх үүсээгүй байхад бий болдог (үүнийг регматогений бус торлогийн ховхрол гэнэ). Регматогений бус ховхролын үндсэн механизм нь vitreoretinal band (жишээ нь үржилт чихрийн шижингийн ретинопати), субретинал болон интраретинал хавдрууд (судаслаг давхаргын меланома), эсвэл субретинал хэсэгт шингэний хуримтлал үүсгэдэг системийн болон нүдний эмгэгүүд хамаарна.
Бага хэмжээтэй ховхролууд нь ихэвчлэн нүдэнд гэрэл гялсхийх, юм хөвж харагдах болон / эсвэл харааны талбайн алдагдлаар илэрдэг. Хараа алдагдах ноцтой шинж нь ховхролын хэмжээ том үед болон/эсвэл шар толбыг хамарсан үед илэрч болно. Оношийг нүдний угийг шинжилснээр баталгаажуулна.
Торлогийн ховхролоос сэргийлэхийн тулд хэрэв торлог давхарга дээр урагдал эсвэл нүх үүссэн байгаа тохиолдолд тухайн хэсгийн эргэн тойронд лазер фотокоагуляц хийгддэг. Том хэмжээний торлогийн ховхролтой үед хараа алдагдах эрсдэлтэй холбоотой яаралтай арга хэмжээ авч мэс засал хийх бөгөөд ингэснээр ховхролын хэмжээ томрох болон мэдрэхүйн үйл ажиллагаа алдагдахаас сэргийлнэ. Харааны тавилан нь ялангуяа тухайн ховхролын хэмжээ (шар толбыг хамарсан байх тусам муу) болон ховхрол үүсээд хэр хэмжээний хугацаа өнгөрснөөс шууд шалтгаалдаг.