Зүрх зогсох гэдэг нь зүрх гэнэт үр дүнтэй цус шахахаа больж, биеийн эд эрхтэнд очих цусны эргэлт зогсдог амь насанд нэн аюултай эмнэлзүйн нөхцөл юм. Тухайн хүн хариу үйлдэлгүй болох, хэвийн амьсгалахгүй байх эсвэл агональ амьсгалтай болох, эрүүл мэндийн мэргэжилтэн үзлэг хийхэд төвийн артерийн судасны лугшилт тэмтрэгдэхгүй байх нь энэ нөхцөлийн гол шинжид хамаарна.
Насанд хүрэгчдэд зүрх зогсоход ихэвчлэн зүрхний гаралтай эмгэг нөлөөлдөг . Гэхдээ амьсгалын хүнд дутагдал, их хэмжээний цус алдалт, хүнд гэмтэл, уушгины артерийн тромбоэмболизм, хордлого зэрэг зүрхний бус шалтгаан мөн зүрх зогсоход хүргэж болно.
Харин хүүхэд, нярайд зүрх зогсох нь ихэвчлэн амьсгалын дутагдал, гипоксеми, шок зэрэг эмгэг хүндэрсний үр дагавар байдаг. Иймээс хүүхэд, нярайд амилуулах тусламж үзүүлэхдээ насанд хүрэгчдийн алгоритмыг шууд хэрэглэхгүй бөгөөд нас, биеийн жин, эмгэг жамд нь тохирсон заавар мөрдөнө.
Зүрх-уушгины сэхээн амьдруулалт нь зүрх аяндаа цус шахаж эхлэх хүртэл цээж шахах, амьсгал дэмжих үйлдлийг хослуулан хийж, тархи болон бусад амин чухал эрхтэнд очих цусны эргэлт, хүчилтөрөгчийн хангамжийг түр хадгалах амь нас аврах ажилбар юм.
Зүрх зогссон хүний амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэхэд чанартай цээж шахах үйлдлийг нэн даруй эхлүүлэх, яаралтай тусламж дуудах, боломжтой нөхцөлд автомат гадны дефибрилляторыг эрт ашиглах нь онцгой ач холбогдолтой.
Амилуулах тусламж: Амилуулах тусламжийг аврагчийн мэдлэг, ур чадвар, тоног төхөөрөмжийн боломж, тухайн эмнэлзүйн нөхцөлөөс хамааран амилуулах суурь болон лавшруулсан тусламж гэж ангилна.
Амилуулах суурь тусламж: Basic Life Support,
- Амилуулах суурь тусламж нь энгийн иргэн, сургалтад хамрагдсан аврагч болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан үзүүлж болох анхан шатны амь нас аврах тусламж юм. Үүнд дараах үйлдэл орно.
- Ослын орчны аюулгүй байдлыг үнэлэх
- Тухайн хүний хариу үйлдэл болон амьсгалыг шалгах
- Яаралтай тусламж, аврах багийг дуудах
- Цээж шахах үйлдлийг нэн даруй эхлүүлэх
- Боломжтой бөгөөд зохих сургалттай бол зохиомол амьсгал өгөх
- Боломжтой тохиолдолд автомат гадны дефибриллятор ашиглах
Амилуулах лавшруулсан тусламж: Advanced Life Support, ALS
- Амилуулах лавшруулсан тусламжийг зохих сургалттай эрүүл мэндийн мэргэжилтэн, сэхээн амьдруулах баг батлагдсан заавар, алгоритмын дагуу хэрэгжүүлнэ. Үүнд:
- Чанартай цээж шахах болон амьсгал дэмжих үйлдлийг үргэлжлүүлэх
- Зүрхний хэмийг үнэлж, шаардлагатай тохиолдолд дефибрилляци хийх
- Судсаар эсвэл ясны хөндийд гуурс тавих
- Эмийн эмчилгээ хэрэглэх
- Амьсгалын замыг лавшруулан удирдах
- Капнографи ашиглан гуурсын байрлал болон сэхээн амьдруулах ажлын чанарыг хянах
- Зүрх зогсоход хүргэсэн, засаж болох шалтгааныг эрж илрүүлэн эмчлэх.
Зүрх зогсоход хүргэж болох, засаж болох шалтгааныг уламжлалт байдлаар 5H ба 5T гэж ангилна.
- 5H:
- Hypovolemia: Цус алдах, шингэн ихээр алдах зэрэг шалтгаанаар эргэлдэх цусны хэмжээ багасах.
- Hypoxia: Цус болон эдэд очих хүчилтөрөгч багасах.
- Hydrogen ion, acidosis: Биеийн хүчил-шүлтийн тэнцвэр алдагдаж, хүчилшил үүсэх.
- Hypo-/hyperkalemia: Цусан дахь калийн хэмжээ хэт буурах эсвэл ихсэх.
- Hypothermia: Биеийн төвийн температур хэт буурах.
- 5T:
- : Цээжний хөндийд даралттай агаар хуримтлагдаж, уушги болон зүрх-судасны үйл ажиллагааг алдагдуулах.
- Cardiac tamponade: Зүрхний хальсан дотор шингэн эсвэл цус хуримтлагдаж, зүрх дүүрэх болон цус шахах үйл ажиллагааг саатуулах.
- Toxins: Эмийн бодис, мансууруулах бодис, химийн бодисын хордлого.
- Pulmonary Thrombosis: Уушгины артерийн тромбоэмболизм.
- Coronary Thrombosis: Титэм судас гэнэт бөглөрөх.
Цусны эргэлт аяндаа сэргэсний дараах тусламж
Зүрх аяндаа цус шахаж, цусны эргэлт сэргэсний дараа өвчтөний амьд үлдэх боломж болон мэдрэлийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулахын тулд иж бүрэн тусламжийг нэн даруй эхлүүлнэ. Үүнд:
- Хүчилтөрөгчжилт, агааржуулалтыг зохистой түвшинд барих
- Цусны даралт, эдийн цусан хангамжийг тогтвортой байлгах
- Биеийн температурыг хянаж, халуурахаас сэргийлэх
- Тархины гэмтэл, таталт болон мэдрэлийн бусад хүндрэлд хяналт тавих
- Эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдсан эсэхийг илрүүлж, шаардлагатай эмчилгээг хийх
- Зүрх зогсоход хүргэсэн үндсэн шалтгааныг тодорхойлон эмчлэх
- Шаардлагатай тохиолдолд титэм судасны оношилгоо, нээлттэй судасжуулах эмчилгээг цаг алдалгүй хийх
- Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж, тасралтгүй хянах