1 цаг алхах нь ЧШ-ийн хүндрэлээс сэргийлнэ
Чихрийн шижин хэвшинж-2(ЧШХ2) өвчний бичил судасны хүндрэлд мэдрэлийн судасны гэмтэл, бөөрний судасны гэмтэл, нүдний торлогийн гэмтлүүдийг авч үздэг. Тус өвчний тухай ихэнх судалгаанууд нь нас баралт болон том судасны хүндрэлүүдэд чиглэн хийгдсэн байдаг. Энэхүү судалгаа нь бичил судасны хүндрэлүүдэд чиглэснээрээ онцлог юм.
Судалгааны загвар
Оролцогчид: ЧШХ2 оноштой 37- 82 насны 18092 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оролцуулсан. Оролцогчид нь бичил судасны хүндрэлийн эрсдэл үүсээгүй, хавсарсан мэдрэлийн болон сэтгэцийн эмгэггүй, чөлөөт цаг гаргах боломжтой, хөдөлгөөний чадамжтай байх.
Судалгааны хамрах хүрээ: Их Британийн биобанкны оролцогчид
Судалгааны арга: Оролцогчдын өөрсдийн тэмдэглэлд үндэслэн чөлөөт цагаараа хийсэн дасгал хөдөлгөөнийг 7 хоногт ноогдох MET-цагт (Бодисын солилцооны эквивалент) шилжүүлэн тооцоолсон. Америкийн чихрийн шижингийн холбоо болон ДЭМБ-ээс гаргасан 7 хоногт 150-300 минутын, чөлөөт цагаараа хийж болох дасгал хөдөлгөөний зөвлөмжийг ашигласан. Тус судалгааны хувьд дунджаар 150 минут дасгал хийхийг зөвлөсөн. ( 2,5 цаг буюу 7,5 MET-цаг/7 хоног)
Оролцогчдыг ангилахдаа:
- Ямар ч дасгал хөдөлгөөн хийгээгүй (0 MET-цаг/7 хоног)
Зөвлөмжөөс доош (0–7.49 MET-цаг/7 хоног)
Зөвлөмжийн дагуу (7.5–14.9 MET-цаг/7 хоног)
Зөвлөмжөөс дээш (≥15 MET-цаг/7 хоног) - Оролцогчдын даалгавар: Алхалт, хөнгөн ба хүнд хэлбэрийн, өөрийн жингээр хийх дасгал хөдөлгөөн, эрчимтэй спортын төрлөөр хичээллэх болон бусад дасгал хөдөлгөөнөөс сонгон 7 хоногт өөрийн хүссэн хугацаагаар, дурын эрчмээр хийж, мэдээлэх.
Үр дүн:
Дунджаар 12.1 жил хянасны эцэст
- 672 (3.7%) оролцогчид нейропати (1000 хүнд 3.5)
- 1,839 (10.2%) оролцогчид нефропати (1000 хүнд 9.8)
- 2,099 (11.7%) оролцогчид ретинопати (1000 хүнд 11.4 ) оношлогдсон.
- Оролцогчдын 10% дасгал хөдөлгөөн хийгээгүй, 38% зөвлөмжөөс доош хэмжээнд, 20% зөвлөмжийн дагуу, 32% зөвлөмжөөс дээш хэмжээнд дасгал хөдөлгөөн хийжээ. Хэдий хэмжээний дасгал хөдөлгөөн хийснээс үл хамааран бөөр болон мэдрэлийн судасны хүндрэлийн эрсдэлийг бууруулахад нөлөөлж байсан. Гэвч нүдний торлогийн гэмтлийг бууруулах нөлөө багатай байсан.
Эмнэлзүйн ач холбогдол :
ЧШХ-2 оноштой хүмүүст бичил судасны хүндрэл элбэг тохиолддог ба амьдралын чанарт ихээр нөлөөлдөг. Түүний дундаас мэдрэлийн гэмтлийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээний стратеги нь хязгаарлагдмал байсан боловч судалгааны үр дүнд эрсдэлийг бууруулах боломжтойг харуулж байна. Дасгал хөдөлгөөн хийснээр чихрийн шижингийн хүндрэлүүдээс урьдчилан сэргийлээд зогсохгүй амьдралын чанар сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлж, бусад өвчлөлийн эрсдэлийг бууруулна.