Neoplasms
Тэмдэглэл (Notes)
1. Хорт хавдрын анхдагч, балархай, хоёрдогч ба тодорхойгүй байршил
C76−C80 категорт анхдагч байршлыг нь тодотгоогүй буюу “тархмал”, “түгмэл” буюу “байршил тогтоох боломжгүй” зэргээр тодорхойлсон өмөн хамардаг. Ийм тохиолдолд хорт хавдрын анхдагч байршил тодорхойгүй гэж үздэг.
2. Үйл ажиллагааны идэвх
Энэхүү бүлэгт үйл ажиллагааны хувьд идэвхтэй эсэхээс нь үл хамааран бүх хавдрыг багтаасан болно. Хүсвэл Бүлэг IV-ийн нэмэлт кодыг ашиглан хавдартай холбоотой үйл ажиллагааны идэвхийг тодотгож болно. Тухайлбал, бөөрний дээд булчирхайн катехоламин ялгаруулагч хорт феохромоцитомыг C74 гэж кодлохын зэрэгцээ E27.5 гэсэн үйл ажиллагааны идэвхийг харуулсан кодыг нэмэлтээр ашиглаж болно. Кушингийн хамшинж бүхий өнчинтархины базофил аденомыг D35.2 гэж кодлохын сацуу E24.0 кодыг нэмэлтээр ашиглаж болно.
3. Морфологи
Хорт хавдрын морфолог (эдсудлал)-ийн хэд хэдэн томоохон бүлэг бий: карцином (хавтгай эст ба аденокарцином), сарком, бусад зөөлөн эдийн хавдар (мезотелиом), лимфом (Хожкины ба Хожкины бус), лейкоз, бусад тодорхой ба байршил өвөрмөц төрөл, тодорхойгүй өмөн. Өмөн гэдэг нь дээрх төрлийн хорт хавдрын алийг нь ч нэрлэх нийтлэг нэршил боловч тунгалгийн, цус төлжүүлэх ба тэдгээрийн төрлийн эдийн хавдрыг нэрлэхэд тэр бүр ашигладаггүй байна. “Карцином” гэсэн нэр томъёог өмөн буюу хорт хавдар гэдэгтэй ижил утгаар хэрэглэх нь буруу юм.
Бүлэг II-т хавдрыг хоруу чанарын томоохон бүлгүүдийн хүрээнд голдуу байршлын дагуу ангилсан ба цөөн хэдэн онцгой тохиолдолд категор ба дэд категорийн нэрэнд морфологийн төрлийг нь дурдсан болно.
Хавдрын эдсудлалын төрлийг тодотгохын тулд морфологийн кодыг тусд нь өгсөн болно (“Хавдрын морфолог” хэсгийг хар). Морфологийн эдгээр кодыг Хавдар судлалын өвчний олон улсын ангилал (ICD-O)-ын 2 дугаар хэвлэлээс авсан бөгөөд энэ нь топограф ба морфологийг тус тусад нь бие даан кодлох хоёр тэнхлэгт ангилал юм. Морфологийн код нь 6 оронтой: эхний 4 орон нь эдсудлалын төрлийг заадаг бол тав дахь орон нь хоруу чанарын код (анхдагч хорт хавдар, үсэрхийлсэн буюу хоёрдогч хорт хавдар, байран өмөн, хоргүй хавдар, хорт буюу хоргүй нь тодорхойгүй), зургаа дахь орон нь хатуу хавдрын ялгарлын зэргийн (ялгарал) код бөгөөд лимфом ба лейкозын тусгай код болгон мөн ашигладаг.
4. Бүлэг II-ийн дэд категор
Энэхүү бүлэгт .8 гэсэн дэд категорийг онцлогоор хэрэглэсэн болно [тайлбар 5-ыг хар]. “Бусад” гэдэгт зориулсан дэд категор нь голдуу .7 дэд категор юм.
5. Олон хэсгийг хамарсан хорт хавдар ба .8 (олон хэсгийг хамарсан) дэд категорийн хэрэглээ
C00−C75 категорт анхдагч хорт хавдрыг анх үүссэн байршлаар нь ангилсан байна. Гурван тэмдэглэгээт ихэнх категорийг эрхтэн тус бүрээр нь дэд категорт хуваасан болно. Гурван тэмдэглэгээт категорт хамрах эрхтэн тогтолцооны хоёр буюу түүнээс олон зэргэлдээ байрласан хэсгийг хамарсан, анх үүссэн байршлыг нь тодорхойлох боломжгүй ба өөр газар тусгайлан кодлоогүй хавдрыг тухайн категорийн .8 (“олон хэсгийг хамарсан”) дэд категорт хамруулан кодлоно. Тухайлбал, улаан хоолой ба ходоодны карциномыг C16.0 (ходоодны амсрын)-д тусгайлан кодлосон, харин хэлний үзүүр ба доод гадаргын карциномыг тусгайлан кодлоогүй тул C02.8 гэж кодлоно. Харин доод гадарга руу тархсан хэлний үзүүрийн карциномыг C02.1 гэж кодлоно, учир нь уг хавдрын анх үүссэн байршил (хэлний үзүүр) тодорхой байна. “Олон хэсгийг хамарсан” гэдэг нь “зэргэлдээ орших хэсгүүд” гэсэн утгыг агуулж байдаг. Ихэнх тохиолдолд дараалж байрласан дэд категорууд зэргэлдээ орших боловч заримдаа (тухайлбал, C67.− буюу давсагны хувьд) дэд категорийн дараалал нь тухайн хэсгүүд зэргэлдээ оршихтой таарахгүй байж болно. Иймээс кодлогч нар дурдсан хэсгүүд зэргэлдээ оршиж байгаа эсэхийг анатомын номноос лавлаж байх нь зүйтэй.
Заримдаа хавдар тодорхой эрхтэн тогтолцооны хэд хэдэн гурван тэмдэглэгээт категорт хамрах хэсгүүдэд тархсан байдаг. Ийм тохиолдолд дараах дэд категорийг ашиглана:
Тухайлбал, ходоод ба нарийн гэдэсний карциномыг C26.8 (Хоол боловсруулах замын олон хэсгийг хамарсан) гэж кодлоно.
6. Эктоп эдийн хорт хавдар
Эктоп эдийн хорт хавдрыг илэрсэн байршлаар нь кодлоно, ж.нь өндгөвч дэх нойр булчирхайн эктоп хорт хавдрыг өндгөвчинд (C56) кодлоно.
7. Хавдрыг кодлоход Цагаан толгойн товъёог ашиглах нь
Хавдрыг кодлоход байршлаас гадна морфолог ба хоруу чанарыг давхар харгалзах шаардлагатай. Иймээс хавдрыг кодлоход юуны түрүүнд Цагаан толгойн товъёогийн морфологийн тодорхойлолтын бичлэгийг лавлах нь зүйтэй. III ботийн оршил хэсэгт Цагаан толгойн товъёог зөв ашиглах ерөнхий заавар бий. Бүлэг II-ийн категор ба дэд категорийг зөв ашиглахын тулд хавдартай холбоотой тусгай заавар ба жишээг лавлах хэрэгтэй.
8. Хавдар судлалын өвчний олон улсын ангилал (ICD-O)-ын 2 дугаар хэвлэлийг ашиглах нь
Зарим морфологийн төрлийн хавдрын хувьд Бүлэг II-ийн топографийн ангилал нэлээд хязгаарлагдмал буюу огт байхгүй юм. ICD-O-ийн топографийн код нь Бүлэг II-т ашигладаг анхдагч хорт хавдрынхтай (C00−C77, C80) ижил гурав ба дөрөв тэмдэглэгээт категорийг бүх төрлийн хавдарт ашигладаг. Ингэснээр бусад хавдрын (үсэрхийлсэн буюу хоёрдогч хорт хавдар, хоргүй хавдар, байран өмөн, хорт буюу хоргүй нь тодорхойгүй буюу үл мэдэгдэх) байршлын кодын өвөрмөц байдлыг нэмэгдүүлдэг.
Иймд хавдрын байршил ба морфологийн аль алиныг тодорхойлохыг зорьж буй байгууллагууд, ж.нь хавдрын бүртгэл, хавдрын эмнэлэг, эмгэг анатомын тасаг, хавдрын чиглэлээр мэргэшсэн бусад байгууллага ICD-O-г хэрэглэх нь зүйтэй юм.