Аторвастатин - Atorvastatin
Аторис ®

Эмчийн ангилал:

C,D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

Гиперхолестеролеми 

  • Аторвастатиныг нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин),  аполипопротеин В ба триглицеридийн түвшин ихэссэн өвчтөний эмчилгээнд хоолны дэглэм дээр нэмэлт болгон хэрэглэх ба  түүнчлэн анхдагч гиперхолестеринеми (удамшлын гетерозигот ба удамшлын бус  гиперхолестеринеми), хавсарсан (холимог) гиперлипидемитэй (Фредриксоны IIa ба IIb хэлбэр) өвчтөний холестерин ИНЛП (их нягттай липопротеин)-ы түвшинг ихэсгэх зорилгоор, цусны сийвэн дэх триглицеридийн хэмжээ ихэссэн (Фредриксоны III хэлбэр) үед хоолны дэглэм хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд тус тус хэрэглэнэ.
  • Аторвастатиныг мөн удамшлын гомозигот гиперхолестеринемитэй өвчтөнд хоолны дэглэм эсвэл бусад эмийн бус эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа тохиолдолд нийт холестерин болон  холестерин БНЛП-ы түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ. 

Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх 

  • Зүрх судасны өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, дислипидемитэй эсвэл дислипидемигүй, зүрхний цус хомсрох өвчний олон тооны эрсдэлт хүчин зүйлтэй (тамхи татах, артерийн гипертензи,  чихрийн шижин,  Х-ИНЛП-ын (холестерин их нягттай липопротеины) хэмжээ бага) эсвэл зүрхний цус хомсрох өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөнд аторвастатиныг дараах зорилгоор хэрэглэнэ
    • Нас баралтгүй зүрхний булчингийн шигдээс ба зүрхний цус хомсрох өвчний үед  нас барах эрсдлийг бууруулах 
    • Цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах 
    • Зүрхний бах үүсэх эрсдэл ба дахин судасжуулах мэс засал хийлгэх эрсдлийг багасгах 
    • Зүрхний архаг дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг багасгах 

Хүүхдийн хэрэглээ (10-17 насны өвчтөн) 

  • Аторвастатиныг удамшлын гетерозигот  гиперхолестеринемийн  өгүүлэмжтэй анхны биений юм нь ирсэн охид болон 10-17 насны хөвгүүдэд нийт холестерин,  холестерин БНЛП (бага нягттай липопротеин)  аполипопротеин В-ын түвшинг багасгах зорилгоор хоолны дэглэм дээр нэмж хэрэглэнэ. Хэрэв тохирсон туршилтын хоолны дэглэмийн дараа дараах үзүүлэлт байгаа тохиолдолд
    • Холестерин-БНЛП-ын түвшин > 190мг/дл байгаа эсвэл 
    • Холестерин-БНЛП-ын түвшин  > 160мг/дл байгаа  ба энэ үед: 
  • Зүрх судасны өвчин эрт үед үүсэхэд удамшлын хувьд өртөмтгий эсвэл 
  • Тухайн тохиолдолд хүүхдэд 2 эсвэл түүнээс дээш зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл байгаа 
  • Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
  • Элэгний өвчний идэвхтэй үе шат
  • Ийлдсийн трансаминазын агууламж шалтгаан тодорхойгүйгээр тогтвортой ихсэх
  • Араг ясны булчингийн өвчин
  • Жирэмсэн болон хөхүүл үе
  • Элэгний үрэвсэл С-ын эмчилгээнд зориулсан глекапревир/пибрентасвир зэрэг вирусын эсрэг эм хэрэглэж байгаа хүмүүс 
  • Бусад эмийн бэлдмэлтэй нэгэн адилаар Аторисыг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь бүх өвчтөнд тохиолддоггүй. 
  • Аторвастатины эмчилгээний явцад илэрч болох гаж нөлөөг үүсэх давтамжаар нь дараах бүлэгт хувааж болно. 
    • Байнга илрэх (≤1/10) 
    • Олонтаа илрэх (≤1/100 – <1/10) 
    • Хааяа илрэх (≤1/1000 – <1/100) 
    • Ховор илрэх (≤1/10000 – <1/1000) 
    • Маш ховор илрэх (<1/10000), Давтамж тодорхойгүй (байгаа мэдээлэлд үндэслэж үнэлэх боломжгүй) 

Цус төлжүүлэх системийн зүгээс илрэх өөрчлөлт

  • Хааяа: тромбоцитын тоо цөөрөх 

Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт

  • Олонтаа: харшлын урвал 
  • Маш ховор: анафилакс 

Бодисын солилцоо ба тэжээлийн өөрчлөлт

  • Хааяа: хоолонд дургүй болох 

Сэтгэцийн эмгэг

  • Хааяа: бэлгийн сулрал, ойгүйдэл 

Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт

  • Олонтаа: толгой өвдөх, нойргүйдэх,  толгой эргэх,  гаж мэдрэхүй 
  • Хааяа: захын мэдрэлийн эмгэг 

Амьсгалын систем, цээж, голтын зүгээс илрэх өөрчлөлт

Элэг цөсний замын зүгээс илрэх өөрчлөлт

  • Ховор: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт 

Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт

  • Олонтаа: дотор муухайрах, гэдэс дүүрэх,  хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах,  өтгөн хатах, суулгах 
  • Хааяа: бөөлжих, нойр булчирхайн үрэвсэл 

Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт

  • Олонтаа: арьсны тууралт, загатнаа 
  • Хааяа: чонон хөрвөс 
  • Маш ховор: судас мэдрэлийн хаван,  үс унах, цэврүүт тууралт (олон хэлбэрийн улайрал,  Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил) 

Араг яс булчингийн системийн зүгээс илрэх өөрчлөлт

  • Олонтаа: булчин өвдөх, үе өвдөх, нуруу өвдөх 
  • Хааяа: булчингийн эмгэг 
  • Ховор: булчингийн үрэвсэл,  рабдомиолиз, булчин тасрах 
  • Маш ховор: чонон ярын хам шинж 
  • Давтамж тодорхойгүй: дархлаа хамааралт булчингийн үхжилт эмгэг 

Ерөнхий өөрчлөлт

  • Олонтаа: сульдал, зах хязгаарын хаван 
  • Хааяа:  тайван бус болох, биеийн жин ихсэх 

Лабораторийн үзүүлэлт

  • Олонтаа: цусан дахь креатининкиназын (КК) түвшин ихсэх 
  • Хааяа: ийлдсийн трансаминазын (АЛТ, АСТ) түвшин ихсэх 
  • Маш ховор: цусан дахь глюкозын хэмжээ ихсэх ба багасах 

”Маш ховор” ангилалд орсон зарим гаж нөлөөний хувьд шалтгаан үр дагаврын холбоос тогтоогдоогүй байна. 

Ийлдсийн трансаминазын түвшингийн үзүүлэлт бэлдмэлийн тунгаас хамаарах ба бүх өвчтөнд эргэж хэвийн болдог. 

Креатининкиназын (КК) түвшин хэвийн хэмжээний дээд хязгаараас 10 дахин их болох нь өвчтөний 0,4%-д илэрсэн бөгөөд тэдгээрийн 0,1% нь булчингийн өвдөлт эсвэл сульдал илэрсэн байна. Хүнд явцтай гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоох хэрэгтэй. 

  • Аторис бэлдмэлийн үйлчлэгч бодис нь аторвастатин юм. Аторис нь  цусан дахь нийт холестерин ба холестерин БНЛП (бага нягттай липопротеин)-ы агууламжийг багасгах үндсэн үйлдэлтэй эмийг бүлэгт хамаардаг. Бэлдмэл түүнчлэн цусан дахь триглицеридийн түвшинг багасгах ба холестерин ИНЛП (их нягттай липопротеин)-ы түвшинг ихэсгэдэг.
  • Аторвастатины үйлдлийн механизм нь үндсэндээ ГМГ-КоА-г мевалоны хүчил болгон хувиргадаг  3-гидрокси-метилглутарил-коэнзим А (ГМГ-КоА-) редуктаза ферментийн идэвхийг  дарангуйлсантай холбоотой. Уг хувирал нь  бие махбод дахь холестериний нийлэгжлийн гинжний эхний үе шатын нэг юм. Аторвастатин нь холестерины нийлэгжилтийг дарангуйлснаар элэг болон элэгний гаднах эд дэх  БНЛП-ын рецепторын урвалд орох чанар ихэсдэг. Эдгээр рецепторүүд нь БНЛП-ы хэсгүүдтэй холбогдож тэдгээрийг цусны сийвэнгээс гаргах ба улмаар цусан дахь холестерины түвшинг багасгадаг.
  • Аторвастатин нь элгэн дэх холестерин маш бага нягттай липопротеины түвшинг багасгадаг учир  энэ нь триглицеридын агууламж багасах механизм болдог. Учир нь тэдгээрийн  АроВ уураг-агуулагчтай холбогдох нь сулрах ба түүнчлэн тэдгээрийн сийвэнгийн клиренс нь ихэсдэг.
  • Аторвастатины холестерин ИНЛ-ы түвшинг ихэсгэдэг үйлдлийн механизм тайлбарлагдаагүй.
  • Аторвастатин нь цусны сийвэн дэх липидийн түвшинд нөлөөлөхөөс гадна хэд хэдэн өөр үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ нь түүний судасны хатруурлын эсрэг  үйлдлийн хэсэг болдог.
  • Аторвастатин нь түүнчлэн судасны дотор бүрхүүлийн гөлгөр булчингийн эсийн өсөлтийн хүчин зүйл болох изопреноидын нийлэгжилтийг дарангуйлдаг.
  • Аторвастатин нь тромбоцитын бөөгнөрөмтгий чанар ба цусны бүлэгнэлтийн зарим хүчин зүйлийн идэвх болон сийвэнгийн зуурамтгай чанарыг багасгадаг. Үүний дүнд гемодинамик сайжрах ба цусны бүлэгнэлтийн эерэг тэнцвэрт байдал үүсэхийг нөхцөлдүүлнэ.
  • ГМГ-КоА редуктаза-ыг дарангуйлагч нь мөн макрофагийн солилцоонд үйлчлэх ба макрофагийн идэвхжил болон атеросклерозын товруу задрахыг дарангуйлдаг. 
  • Аторисын найрлаганд аторвастатин нь  өөрийн идэвхтэй хэлбэр кальцийн давс хэлбэрээр агуулагддаг.
  • Аторвастатин нь хоол боловсруулах замаар ойролцоогоор 80% шимэгдэнэ. Шимэгдэлт нь түргэн (tmax=1-4цаг) явагдана. Хооллох нь шимэгдэлтийн түвшинг багасгах боловч аторвастатины үйлдэлд нөлөөлөхгүй.
  • Элгээр дайрахдаа элгэнд эрчимтэй метаболизм ордог учир аторвастатины биохүрэхүй нь ердөө 12%. Аторвастатины тархалтын дундаж эзлэхүүн (Vd) 381л. Аторвастатины 98%-с дээш хэсэг нь сийвэнгийн уурагтай холбогддог. Тэрээр цус тархины хоригоор нэвтэрдэггүй.  Элгэнд метаболизмд орж орто ба парагидроксилжсон уламжлал, түүнчлэн бета-исэлдэлтийн янз бүрийн метаболит үүсгэдэг.
  • ГМГ-КоА редуктаза-ыг дарангуйлах идэвхийн ойролцоогоор 70% нь аторвастатины эдгээр идэвхтэй метаболитод хамаарна.
  • Хагас задралын хугацаа (t1/2) нь дунджаар 14 цаг, бай ферментийн идэвхийг дарангуйлах хагас задралын хугацаа 20-30цаг.
  • Аторвастатины ойролцоогоор 46% нь өтгөнтэй ялгарах ба 2%-с бага хэсэг нь шээстэй гадагшилдаг. Өвчтөний нас болон хүйснээс хамаарах фармакокинетикийн ялгаа нь тунгийн зохицуулалт шаардагдах хүртэл чухал ач холбогдолтой биш байдаг.
  • Аторисын үйлдэл бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа илрэх бөгөөд эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн дараа дээд хэмжээндээ хүрнэ.
  • Аторвастатин нь органик анионы зөөгч полипептид 1В1 (OATP1B1) ба 1В3 (ОАТР1В3) зөөгч зэрэг элэгний зөөгчөөр тээвэрлэгддэг бодис. Аторвастатины метаболит нь OATP1B1 зөөгчөөр тээвэрлэгддэг бодис.
  • Аторвастатин нь түүнчлэн түүний гэдэсний ханаар шимэгдэх болон элэгний клиренсийг багасгаж болох хөхний хавдрын тэсвэржилтийн уураг  (BCRP), олон  эмийн тэсвэржилтийн эффлюкс зөөгч уураг 1 (MDR1)-ын бодис болох нь тогтоогдсон. 
  • Аторисыг циклоспорин, антибиотик (эритромицин, кларитромицин, квинупристин/далфопристин), протеазыг дарангуйлагч (ампренавир, индинавир, ритонавир), мөөгөнцрийн эсрэг эм (флуконазол, итраконазол, кетоконазол) эсвэл нефазодонтой хамт хэрэглэх үед цусны ийлдэс дэх аторвастатины агууламж ихсэж улмаар рабдомиолиз ба бөөрний дутагдал  бүхий булчингийн эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг. Эдгээр бүх бэлдмэл нь элгэн дэх Аторисын метаболизмд оролцдог CYP450 3A4 ферментийг хориглогч юм.
  • Аторвастатин нь цитохром Р450 3А4 (CYP3A4) ферментийн тусламжтайгаар метаболизмд орох ба элэгний зөөгч полипептид болох  органик анион 1В1 (ОАТР1В1) болон 1В3 (ОАТР1В3) зөөгчөөр тээвэрлэгддэг бодис юм. Аторвастатины метаболит нь ОАТР1В1-ын бодис юм.
  • Аторвастатин нь түүнчлэн  олон эмийн тэсвэржилтийн уураг 1 (MDR1) ба хөхний булчирхайн хавдрын тэсвэржилтийн уургийн (BCRP) бодис болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь аторвастатины гэдэсний ханаар шимэгдэх болон элэгний клиренсийг хязгаарлаж болно. Үүнтэй төстэй харилцан үйлчлэл Аторисыг фиброины хүчлийн уламжлал ба ниацинтай хамт хэрэглэх үед илэрч болох боловч ийм харилцан үйлчлэлийн механизм нь тодорхойгүй.
  • Аторисыг зарим эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед Аторисын үйлдэл нь суларч болно. Ийм үйлдэл аторвастатиныг CYP450 3A4 изоферментийг идэвхжүүлэгч фенитоинтой хамт хэрэглэх үед илэрч болно.
  • Аторвастатиныг ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэлтэй (магнийн ба хөнгөн цагааны гидроксидын хөвмөл) хамт хэрэглэх үед  цусны сийвэн дэх аторвастатины агууламж 35%-р багасдаг. Гэвч энэ нь бэлдмэлийн үйлдэлд илэрхий нөлөө үзүүлдэггүй.
  • Аторвастатиныг колестиполтой хамт хэрэглэх үед  аторвастатины сийвэнгийн концентраци нь 25%-р багасах боловч хамт хэрэглэх үеийн эмчилгээний үр нөлөө нь аторвастатиныг дангаар нь хэрэглэх үеийнхээс илүү байна.
  • 80мг аторвастатин хэрэглэж байгаа өвчтөнд дигоксиныг хамт хэрэглэхэд сийвэнгийн дигоксины концентраци ойролцоогоор 20%-р ихэсдэг. Иймээс ийм өвчтөнийг хянах хэрэгтэй.
  • Аторвастатиныг ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлтэй (норэтиндрон ба этинилэстрадиол) хамт хэрэглэх үед  жирэмслэлтээс хамгаалах эмийн шимэгдэлт ихсэж тэдгээрийн цусны сийвэн дэх концентраци нэмэгдэж болно.
  • Аторвастатиныг варфаринтай хамт хэрэглэхэд варфарины цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөө ихсэж болно. Эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэсэн судалгаагаар эмчилгээний эхний хэдэн өдөр протромбины хугацаа богиносдог болох нь тогтоогдсон. Дээрх бэлдмэлүүдийг хамт 15 хоног хэрэглэсний дараа үзүүлэлт эргээд хэвийн хэмжээндээ очсон байна. Иймээс аторвастатин болон варфарины хавсарсан эмчилгээний эхний үе шатанд протромбины хугацааг хянахыг зөвлөдөг.
  • Аторисын эмчилгээний үед жүржийн ундаа хэрэглэвэл цусны сийвэн дэх бэлдмэлийн концентраци ихсэж болно.
  • Булчингийн эмгэгийн эрсдэл, ялангуяа рабдомиолиз системийн фузидын хүчил болон статинтай хамт хэрэглэх үед ихсэж болно. Уг харилцан үйлчлэлийн (фармакокинетикийн эсвэл фармакодинамикын эсвэл бусад) механизм нь бүрэн тодорхой болоогүй. Уг хослолыг хэрэглэсэн өвчтөнд рабдомиолиз (ялангуяа нас баралтаар төгссөн хэд хэдэн тохиолдол) үүссэн талаар мэдээлэл байдаг.
  • Системийн фузидын хүчлийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай өвчтөнд аторвастатины эмчилгээг системийн фузидын хүчлийн бэлдмэлийн эмчилгээний үед зогсоох хэрэгтэй. 

Онцгой анхааруулга 

  • Аторисыг архи их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс ба элэгний өвчний өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
  • Аторисын эмчилгээ нь ийлдэс дэх “элэгний” ферментийн идэвхийг ихэсгэж болно. Уг ихсэлт нь бага зэрэг байх бөгөөд эмнэл зүйн хувьд ач холбогдолгүй байна. Гэвч  цусны ийлдэс дэх “элэгний” ферментийн идэвхийг эмчилгээг эхлэхээс өмнө болон цаашдаа эмчилгээний явцад тогтмол тодорхойлохыг зөвлөнө. Хэрэв АЛТ болон АСТ-ын идэвхийн ихсэлт нь хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин болон түүнээс их байвал аторвастатины эмчилгээг зогсоох хэрэгтэй.
  • Зарим статины бүлгийн бэлдмэлийн эмчилгээний үед эсвэл дараа нь дархлаа хамааралт булчингийн үхжилт эмгэг маш ховор тохиолдолд илэрсэн байна. Дархлаа хамааралт булчингийн үхжилт эмгэгийн үед ойрын булчин удаан хугацаагаар сулрах, цусны ийлдэс дэх креатинфосфокиназын идэвх ихсэх шинж илрэх бөгөөд эдгээр шинж нь эмчилгээг зогсоосноос үл хамааран хадгалагддаг.
  • Жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглээгүй төрөх насны эмэгтэйд Аторисыг хэрэглэхийг зөвлөхгүй. Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг төлөвлөхөөс дор хаяж сарын өмнө Аторисыг хэрэглэхээ зогсооно.
  • Аторисын эмчилгээ нь булчингийн эмгэг үүсгэж улмаар рабдомиолиз болон бөөрний дутагдалд хүргэж болно. Уг хүндрэлийн эрсдэл Аторисыг дараах нэг болон хэд хэдэн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед  нэмэгддэг: фиброины хүчлийн уламжлал, ниацин,  циклоспорин, нефазодон, зарим антибиотик, азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эм, ХДХВ-протеазыг дарангуйлагч. Булчингийн эмгэгийн шинж илэрвэл ийлдэс дэх креатинкиназын идэвхийг тодорхойлохыг зөвлөнө. Уг ферментийн идэвх илэрхий ихэссэн (хэвийн хэмжээний дээд хязгаараас 10-с олон дахин) бол эмчилгээг зогсооно. Аторисын эмчилгээний үед креатинкиназын идэвх ихэсвэл  өвчүүний арын өвдөлтийг ялган оношлох үедээ анхаарах хэрэгтэй. 

Бэлдмэлийн туслах бодистой холбоотой тусгай мэдээлэл 

  • Аторис лактоз агуулдаг. Уг бэлдмэл  төрөлхийн ховор тохиолддог галактоз зохидоггүй, лактаз ферментийн дутагдалтай эсвэл глюкоз ба галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинжтэй хүмүүст тохиромжгүй. 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чаадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

  • Аторис нь жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй. 
  • Аторисыг жирэмсэн эмэгтэй болон хөхүүл эхэд хэрэглэхгүй. Амьтанд хийсэн судалгаагаар ургийн хөгжилд үзүүлэх эрсдэл нь эхэд үзүүлэх эерэг нөлөөнөөс илүү болох нь тогтоогдсон.
  • Аторвастатин нь хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тодорхойгүй. Зарим зүйлийн амьтны аторвастатины цусан дахь концентраци нь эхийн хөхний сүүнийхтэй адил байсан байна.

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.