Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Кардиологи
Тойм
Зүрхний архаг дутмагшил нь зүрхний бүтцийн өөрчлөлт, ховдлын дүүрэлт болон шахуургын үйл ажиллагаа алдагдсаны улмаас бие махбодийг хангалттай цус, хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй болж, хэвийн бодисын солилцоог хангах боломжгүй болсноор үүсдэг эмнэлзүйн хам шинж юм. Энэхүү эмгэг нь систолын дутмагшлын үед зүрхний шахуургын үйл ажиллагаа алдагдаж, цацалтын фракц буурч илэрдэг бол диастолын дутмагшлын үед зүрхний зүүн ховдлын дүүрэлтийн үйл ажиллагаа алдагдаж, цацалтын фракц хадгалагдсан эсвэл хөнгөн зэргээр буурсан байдалтайгаар илэрдэг.
Цацалтын фракцийн түвшнээр нь гурван хэлбэрт ангилдаг бөгөөд цацалтын фракц буурсан зүрхний дутмагшил (HFrEF, EF <40%), цацалтын фракц хөнгөн зэргээр буурсан зүрхний дутмагшил (HFmrEF, EF 40–49%) болон цацалтын фракц хадгалагдсан зүрхний дутмагшил (HFpEF, EF ≥50%) гэж тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд цацалтын фракц сайжирсан зүрхний дутмагшил (HFimpEF) гэх нэр томьёо хэрэглэгдэх болсон бөгөөд өмнө нь ≤40% байсан EF эмчилгээний дараа >40% болж сайжирсан тохиолдолд хэрэглэнэ.
Эмнэлзүйн түгээмэл илрэл нь амьсгаадалт, бачууралт, ядарч сульдах, ачаалал даах чадамж буурах, шагай болон шилбээр хавагнах зэрэг шинжүүд бөгөөд зарим тохиолдолд хоолны дуршил алдагдах, гэдэс хийгээр дүүрэх, сэтгэл гутрал, ухаан самуурах зэрэг шинж дагалддаг. Бодит үзлэгээр гүрээний венийн судас чинэрэх, элэг-гүрээний венийн рефлюкс, зүрхний эмгэг III авиа илрэх, мөн захын хаван, уушгины хэржигнүүр, цээжний хөндийд шингэн хуримтлагдах зэрэг шинжүүд тодорхойлогдоно.
Зүрхний архаг дутмагшил нь тавилан муутай эмгэг бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд таван жилийн амьдрах боломж дунджаар 40–50% орчим байдаг. Үүнтэй уялдан давтан эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөр бөгөөд зүрхний гэнэтийн үхэл болон ховдлын хэм алдагдал түгээмэл тохиолддог.
Оношилгоонд зовуурь болон үзлэгийн шинж тэмдгийн хамт натри хөөгч пептидийн сорил (BNP, NT-proBNP) болон зүрхний хэт авиан шинжилгээ гол үүрэгтэй бөгөөд цацалтын фракц, зүрхний бүтцийн өөрчлөлтийг үнэлэхэд ашиглагдана.
Эмчилгээний үндсэн зарчим нь амьдралын хэв маягийн өөрчлөлт, тухайлбал давс болон шингэний хэрэглээг хязгаарлах, зохистой дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах, мөн нотолгоонд суурилсан эмийн эмчилгээ юм. Үүнд ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эсвэл ангиотензины рецепторын хориглогч, бета-блокатор, минералокортикоидын рецепторын антагонист, ангиотензины рецептор–неприлизины саатуулагч болон SGLT2 саатуулагч зэрэг багтана. Давс хөөх эм нь зовуурийг намжаахад өргөн хэрэглэгддэг. Түүнчлэн сонгомол тохиолдолд зүрхний дефибриллятор суулгац, зүрхний ресинхрон эмчилгээ, улмаар LVAD болон зүрх шилжүүлэн суулгах зэрэг төхөөрөмжийн болон мэс заслын эмчилгээ хийгдэх боломжтой.
Тархвар зүй
- Дэлхий дахинд (2020): ≈ 64.3 сая хүн ЗАД-тай
- Тавилан: шинж тэмдэг илэрснээс хойш 5 жилийн амьд үлдэх магадлал 40–50%
- Тархалт орон бүрт ялгаатай:
- АНУ: 2.4–3.0%
- Европ (Итали, Англи, Франц, Герман): 1.2–3.9%
- Ази (Индонез, Тайвань): 4–6%
- Монгол (2022): 4.94% (эрэгтэй 5.29%, эмэгтэй 4.56%)
- Эрсдэлт хүчин зүйлс:
- Ишемийн зүрхний өвчин, зүрхний шигдээс
- Артерийн гипертензи
- Чихрийн шижин
- Таргалалт
- Ахимаг нас (≥65 жил)
- Зүрхний гажиг