Зүрх судасны эрхтэн тогтолцооны бодит үзлэг, шинжилгээний аргууд (heart exploration/examination)
Кардиологи
Тойм
Зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед хийх бодит үзлэг, шинжилгээний аргууд нь зүрх судасны өвчнүүдийг илрүүлэх, оношлоход чиглэсэн байхаас гадна бусад эрхтэн тогтолцооны эмгэгийн үед зүрх судасны эртхэн тогтолцооны талаас үүссэн хүндрэл, тухайн зүрхний бус өвчний оношилгоо, эмчилгээ хийхэд зүрх судасны эрхтэн тогтолцооноос хүндрэл гарах боломжтой эсэхийг үнэлэхэд чиглэсэн байх учир клиникийн бүхий л салбарт өдөр тутамд хэрэглэгддэг үзлэг, оношилгооны нэг хэсэг юм.
Бид энэхүү бүлэгт эмгэгийн үед илрэх зовиур (анамнезд) болон харж ажиглах үед тохиолдож болох шинж тэмдэг/хам шинжүүдийг дэлгэрэнгүй дурдахгүй бөгөөд тус бүрдээ хам шинж, түүний ялган оношилгоо болон өвчин тус бүрд эдгээр нь дурдагдаж явах болно.
Багажийн шинжилгээний хувьд мөн тухайн хамгийн ойр ач холбогдол бүхий өвчний үед шинжилгээнд гарах өөрчлөлтийн хамт дэлгэрэнгүй дурьдагдан бичигдсэн бөгөөд харин зүрхний өвчний үеийн лаборатори шинжилгээний өвөрмөц өөрчлөлтүүд энэ бүлэгт дурьдагдахгүй болохыг анхаарна уу.
Бодит үзлэг
Харж ажиглах
Анамнезд дурьдагдах шинжүүдээс гадна үзлэг хийж эхлэх цагаас доорх өргөн тохиолдох зүрх-цусны эргэлтийн тогтолцооны эмгэг өөрчлөлтийн үеийн шинж тэмдгүүд ажиглагдана.
- Үйлчлүүлэгчийн дээд хэсгийн хувцасыг тайлуулж дараах зүйлсийг харж ажиглана:
- Хөхрөлт
- Арьс цайх, цонхийх
- Хаван
- Цайвар, гөлгөр, чилдгэр арьс
- Ястай хэсэгт дарахад үүссэн хонхор удаан арилна.
- Сорви (зүрхний мэс заслаас бий болсон, зүрхний хэмнэл тохируулагч г.м.)
- Зурагт зүрхний нээлттэй мэс ажилбарт орсон юм уу аль эсвэл зүрхний хавхлагын мэс ажилбарт орсон байх боломжтой
- Цээжний хэлбэр
- Зүрхний оройн түлхэлт харагдах
- Бөмбөрийн дохиур шинж (Eng.: drumstick finger, clubbed finger clubbing, digital clubbing) –
- Венийн өргөсөл
- Мюссетийн шинж (Eng.: de Musset’s sign): Архаг аортын хавхлагын дутагдлын үед судасны лугшилттай зэрэгцэн толгой дохих
Зураг: Хөхрөлт болон бөмбөрийн дохиур шинж
Тэмтрэлт
Зүрхний оройн түлхэлт
Зүрхний оройн түлхэлт нь цээжинд тэмтрэгдэх зүрхний цохилт
Оройн түлхэлтийг тэмрэх
- Тэмтрэх аргачлал
- Хэвтээ байрлалд, цээж 45° налуу байрлалд тэмтрэнэ.
- Баруун гараа алгаар нь дэлгэн үйлчлүүлэгчийн өвчүүний зүүн талд 3 ба 4 хавирганы завсар байрлуулна. 3 хурууны өндгөөр өвчүүни урд гадаргуутай перпендикуляр тавьж, гаднаас дотогш чиглэлд тэмтрэнэ.
- Оройн түлхэлт тэмтрэгдэхгүй байгаа тохиолдолд зүүн хажуу тийш харуулж, амьсгал гаргах үед тэмрэнэ.
- Хэвийн үед
- Байрлал: Зүүн талын эгэмний дунд шугамаар 5-р хавирганы завсар
- Шинж чанар: 2–3 cm2 талбайд цохилт тэмтрэгдэнэ
Тогшилт
Зүрхний тогшилт нь зүрхний хэлбэр болон хэмжээг тодорхойлох ач холбогдолтой.
Зүрхний харьцангуй дүлий авиа тодорхойлох арга
Зүүн гарыг хавирга завсраар нягт хөдөлгөөнгүй байрлуулж, дунд зэргийн хүчээр тогшилт хийнэ.
- Баруун хил тодорхойлох:
- Эхлээд уушгины доод хилийг эгэмний дунд шугамаар тогшиж тодорхойлох ба хэвийн үед 6-р хавирганы түвшинд байна.
- Зүүн гарыг баруун уушгины доод хилээс нэг хавирга дээшлүүлэн, босоо байрлуулж гаднаас дотогш чиглэлд хавирга завсраар дүлий авиа гартал тогшино.
- Хэвийн үед: Өвчүүний баруун ирмэгээс гадагш 1 см, 4-р хавирганы завсар байрлана
- Зүүн хил тодорхойлох:
- Зүүн талд 4-р хавирганы завсраар зүрхний орой хүртэл дүлий авиа гартал тогшино.
- Зүрхний орой тодорхойлогдохгүй байгаа үед 5-р хавирганы завсраар суганы урд талаас өвчүү чиглэлтэй тогшино.
- Хэвийн үед: Зүрхний оройтой давхцана.
- Дээд хил тодорхойлох:
- Өвчүүний зүүн талын ирмэгээс 1см зүүн тийш туслах гарыг өвчүүтэй босоо байрлуулж доош дүлий авиа гартал тогшино.
- Хэвийн үед: 3-р хавирганы түвшинд байна.
- Нийтдээ харьцангуй дүлий авиан хөндлөн хэмжээ 11-13 см байна.