Бөөр (Ren, Nephros)
Анатоми, Бөөр, шээс ялгаруулах зам
Тойм
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Макроскопын бүтцийн хувьд тархилаг болон холтослог давхаргаас тогтдог. Түүний микроскоп бүтэц нь бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж болох нефроноос бүрдэнэ. Бөөр тус бүр нэг сая орчим нефрон агуулдаг ба нефрон нь бөөрний түүдгэнцэр болон сувганцрын системээс тогтоно.
Бөөр нь шээс үүсгэх болон биеэс хэрэгцээгүй бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Мөн түүнчлэн ус болон электролитийн тэнцвэрийг зохицуулахад оролцдог ингэснээр цусны даралт болон цусны үзэлхүүнд нөлөөлдөг. Үүнээс гадна хүчил болон шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалах болон дотоод шүүрлийн үүрэгтэй.
Бөөрнөөс Эритропоэтин болон Ренин хэмээх чухал дааврууд ялгардаг. Ялангуяа хүчилтөрөгч дутагдахад эритропоэтины нийлэгжил эрчимждэг. Ренин нь цусны даралтад чухал үүрэгтэй оролцдог даавар юм. Мөн Витамин Д-ын эцсийн нийлэгжилт бөөрөнд явагддаг ба ингэснээр ясны бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Макроскопын анатоми
Бөөр нь шош хэлбэртэй хос эрхтэй юм. Багана нурууны хоёр талд өөхөн эдээр хучигдаж M. quadratus lumborum болон M. psoas major булчингуудаар хүрээлэгдэн хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг.
Бөөр нь урд болон хойд гэсэн хоёр гадаргуутай, дээд болон доод төгсгөл буюу хоёр туйлтай мөн гадна болон дотор 2 ирмэгтэй. Дотно ирмэгийн төв хэсэгт гүнзгийвтэр хонхор буюу бөөрний хөндий байрладаг. Бөөрний үүдээр бөөрний судас мэдрэл орж гардаг. Артери болон венийн цусан хангамж нь A. renalis болон V. renalis-ээр хангагддаг. Бөөрний вений судас нь урд талдаа, артерийн судас нь голдоо, бөөрний тэвш нь хойноо байрлана.
Тойм
- Хэлбэр: Шош хэлбэртэй
- Хэмжээ: Урт 10–12 см, өргөн 5–6 см, зузаан 3–4 см
- Жин: Тус бүр 150–180 г
- Гадаргуу болон ирмэгүүд
- Урд болон ар гадаргуу: Бага зэрэг гадагш чиглэсэн
- Ирмэгүүд
- Дотор ирмэг (Konkav): Дотор талын хүнхэр ирмэг нь урагш хагас эргэсэн байна
- Гадна ирмэг (Konvex): Гадна талын гүдгэр ирмэг нь ар тийш дутуу эргэсэн байна
- Байрлал: Багана нурууны дагуу, хэвлийн гялтан хальсны арын зайд байрлана
Бөөрний бүтэц
- Бөөрний паренхим эд
- Бөөрний паренхим нь байрлал өнгө бүтцээрээ эрс ялгаатай хоёр давхаргаас тогтоно. Давхар бүр нь өөрийн гэсэн бүтэц үйл ажиллагааны нэгжтэй.
- Холтослог давхарга (Cortex renalis)
- Холбогч эдэн бүрхүүлийн харалдаа дор байрлана
- Ойролцоогоор 1 см орчим зузаан
- Цусны судсаар баялаг тул хүрэн бор өнгөтэй байдаг
- Түүдгэнцэр болон бөөрний судсуудаас бүрдэнэ
- Бөөрний тархилаг эдийн пирамидын хоорондуур салаалан бөөрний багана (Columnae renales) болж үргэлжилдэг
- Тархилаг давхарга (Medulla renalis)
- Холтослог давхаргын дор байрлана
- Энэ давхаргад голчлон сувганцрын систем болон цуглуулах хоолойнууд байрладаг
- Тархилаг давхарга нь 7-12 пирамидуудаас (Pyramides renales ) тогтоно. Пирамидууд сууриараа холтослог руу, орой нь бөөрний тэвшинцэр рүү чиглэсэн байна
- Пирамид нь бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж болох нефроны шулуун сувганцраас бүрдэнэ. Эдгээр шулуун сувганцрууд хэд хэдээрээ нийлж хөхлөгийн цоргыг бүтээдэг
- 1-2 пирамидын орой нийлж нэг хөхлөгийг бүтээнэ
- Гистологийн бүтцийн хувьд тархилаг давхарга нь гадна тархилаг болон дотор тархилаг гэсэн ялгаатай хоёр хэсгээс тогтоно
Бөөрний аяганцар тэвшинцэрийн систем
Бөөрний тархилаг давхаргын пирамидаас шээс хөхлөгийн цоргоор дамжин бага аяганы хөндийд ялгарна. Энэхүү шээс нь цааш шээс дамжуулах суваг рүү дамжина.
- Бөөрний бага аяга (Calices renales minores)
- 2-3 хөхлөг нэгдэж нэг бага аягыг үүсгэнэ
- Тархилаг давхаргын пирамидаас шээс хөхлөгийн цоргоор дамжин бага аяганд ялгарна
- Шээсийг бөөрний паренхим руу эргэн орохоос сэргийлдэг
- Бөөрний их аяга (Calices renales majores)
- 2-3 бага аяга нийлж нэг их аягыг үүсгэдэг
- Бага аяга болон тэвшинцэрийг хооронд нь холбоно
- Бөөрний тэвшинцэр (Pelvis renalis)
- 2-3 их аяга нэгдэж бөөрний тэвшинцэрийг үүсгэнэ
- Бөөрний тэвшинцэр цааш нарийсаж шээс дамжуулах суваг (Ureter) болдог
- Их аяга болон шээс дамжуулах сувгийг хооронд холбоно
Бөөртэй зэргэлдээ орших эрхтнүүд
Байрлал |
Зүүн бөөр |
Баруун бөөр |
Дээд туйл |
Бөөрний дээд булчирхайтай харьцана |
|
Доод туйл |
Бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн нугалаастай зэрэгцээ оршино |
|
Өвөр тал |
|
|
Ар тал |
Дараах булчингуудтай харьцаж байрлана
|