Арьсны үйл ажиллагаа
Арьс нь гадаад орчин болон биеийн дотоод орчны хоорoндох чухал хориг болдог. Улмаар механик, химийн, даралтын, дулааны, болон хэт ягаан туяа (UV), бичил биетнээс хамгаалдаг.
Арьсны бусад үйл ажиллагаанд
- Д амин дэмийн нийлэгжилт
- Биеийн дулааны тохируулга
- Психосексуал (Psychosexual) харилцаа
- Хүрэлцэх, дулаан мэдрэх, өвдөлт, болон бусад сэрлүүдийг мэдрэх эрхтэн болох зэрэг багтана.
Макро бүтэц.
Биеийн гадаргууг бүрхэж байгаа арьсны бүтэц нь хэсэг бүрт янз бүр байдаг.
- Арьс нь нимгэн, үстэй, үсэрхэг (hirsute) эсвэл огт үсгүй (glabrous) байж болдог.
- Огт үсгүй (Glabrous skin) арьс нь зузаан, гарын алга, хөлийн ул, болон хурууны нугалагч гадаргууд байдаг.
Ерөнхийдөө биеийн бүрхэж байгаа арьс гурван давхаргаас тогтдог
- Эпидермис (epidermis)
- Дермис (dermis)
- Гиподермис (hypodermis) юм.
Зураг 1 – Арьс гурван давхаргаас тогтдог, эдгээр нь: эпидермис (epidermis), дермис (dermis) болон гиподермис (hypodermis) юм.
Эпидермис нь арьсны хамгийн өнгөн давхарга бөгөөд голдуу хөгжлийн эцсийн шатандаа байгаа олон давхар кератиноцит (keratinocyte) эсүүдийн давхаргаас тогтдог. Энэ давхаргад кератин боловсорч, гадна гадаргуу руу чиглэсэн шилжилт явагддаг ба энэ үйл явцыг эвэршилт (cornification) гэж нэрлэдэг.
Мөн эпидермис давхаргад хэд хэдэн төрлийн кератиноцит бус эс (non-keratinocyte)-үүд байрладаг үүнд:
- Меланоцит (Melanocyte) – Меланин үүсэлт болон нөсөө бүрэлдэхэд чухал үүрэгтэй.
- Лангергансын эс (Langerhans cell) – Антиген таниулагч дендриттэй эс.
- Меркелийн эс (Merkel cell) – Мэдрэхүйн механорецепторууд.
Эпидермисийн давхаргууд
Эпидермис нь кератиноцит эсүүдийн давхаргуудад (strata) хуваагддаг – тэдгээр нь гадаргуу руугаа шилжих тусам бүтэц нь өөрчлөгддөг. Хамгийн гүний хэсгээсээ гадаргуу хэсэг рүү давхаргуудыг нэрлэвэл:
- Суурийн давхарга (Stratum basale) – энэ давхаргад кератиноцит эсүүдийн митоз хуваагдал явагддаг.
- Өргөст давхарга (Stratum spinosum) – кератиноцит эсүүд нь хоорондоо десмосом (desmosomes) гэгдэх холбоосоор маш хүчтэй холбогдсон байдаг.
- Мөхлөгт давхарга (Stratum granulosum) – энэ давхаргад липид ялгаруулагч эсүүд болон бусад ус нэвтрүүлэхгүй молекүлүүд энэ давхаргад байдаг.
- Тунгалаг давхарга (Stratum lucidum) – энд эсүүд нь бөөмгүй болж кератин үүсэлт огцом нэмэгддэг.
- Эвэрлэг давхарга (Stratum corneum) – эсүүд бүх эрхтэнцэрүүд (organelles) -гүй болсон байх ба мөн кератинийг үргэлжлүүлэн үйлдвэрлэсээр байна.
Дермис (Dermis)
Дермис нь эпидермисийн яг доор байрладаг бөгөөд энэ хоёр нь хоорондоо маш бат бөх дермо -эпидермал холбоос (dermo-epidermal junction) – нягт холбогдсон байдаг. Дермис нь хоёр давхаргаас тогтдог бөгөөд тэдгээр нь эпидермистэй харьцуулахад хоорондоо тодорхой сайн ялгардаггүй.
- Өнгөц давхарга нь хөхлөгт давхарга (papillary layer)
- Гүнийх нь торлог (reticular layer) давхарга юм.
Дермис давхаргад доорх эсийн төрлүүд болон бүтцүүд тохиолддог
- Фибробласт (Fibroblasts) – эдгээр эсүүд нь these эсийн гаднах матрикс (extracellular matrix – ECM)-ийг нийлэгжүүлдэг бас эсийн гаднах матрикс нь коллаген болон эластинээс голдуу бүрддэг.
- Мөхлөгт эс (Mast cells) – эдгээр нь төрөлхийн дархлааны эсүүд бөгөөд дотроо гистамины мөхлөг агуулдаг.
- Цусны судаснууд болон арьсны мэдрэхүйн мэдрэл (Blood vessels & cutaneous sensory nerves)
- Арьсны дайврууд (Skin appendages) –Жишээ нь: үсний уутанцарууд, хумс, хөлс болон тосны булчирхайнууд үүнд орно.
Үсний уутанцарууд болон тосны булчирхай (Hair Follicles & Sebaceous Glands)
Үсний уутанцарууд болон тосны булчирхай нь хамтдаа pilosebaceous нэгжийг үүсгэдэг. Энэ нь зөвхөн үстэй арьсан (hirsute skin) -д байдаг. Тосны булчирхай нь булчирхайн шүүрлээ холокрин (holocrine) механизмаар үсний уутны иш (hair follicle shaft) хэсэг рүү ялгаруулдаг. Үсний уут нь өөрөө arrector pili булчинтай холбогддог, энэ булчингийн агшилтаар уутанцар эгц босоо байрлалд ордог.
Хөлсний булчирхай (Sweat Glands) – Хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг
- Эккрин булчирхай (Eccrine glands) – Хүний биед байрлах хөлсний булчирхайн ихэнхи нь энэ төрөлд багтана. Шүүрэл нь өнгөгүй, үнэргүй, ихэнхи хэсгийг нь натрийн хлорид болон ус эзлэдэг – дулааны зохицуулгад оролцдог.
- Апокрин булчирхай (Apocrine glands) – Илүү том хэмжээтэй хөлсний булчирхайнууд юм, суга болон бэлэг эрхтэн орчим байрладаг. Эдгээр апокрин булчирхайн шүүрлүүд нь арьсны бичил биетнүүдээр задарч биеийн үнэрийг үүсгэдэг.
Зураг 3 – Дермис нь хөхлөг болон торлог давхаргад хуваагддаг.
Гиподермис (Hypodermis) – Гиподермис буюу арьсан доорх эд нь яг дермисийн доор байрладаг.
Биеийн өөхний хуримтлалын ихэнхи хэсэг энд байдаг ба хүн бүрт өөхний эдийн хэмжээнээсээ шалтгаалаад хэмжээ янз бүр байдаг.
- Alopecia Areata – Үс халцралт (alopecia) нь аутойммнунийн шалтгаантай үсний уутны сөнөрөлт болдог улмаар үс халцарч унадаг эмгэг юм.
- Vitiligo – Халцралттай адил аутойммуни өвчин багаад сонгомолоор меланоцит эсийн сөнөрөл явагддаг. Тэгш хэмтэй нөсөөгүйжих шинж илэрдэг, ялангуяа бараан арьстай хүмүүст илүү тохиолддог.
- Psoriasis – Хайрст үлд нь суурийн давхарга дахь кератиноцит эсийн митоз хуваагдал хэт ихсэлт бөгөөд улмаар өргөст давхарга илүү зузаардаг. Эмнэл зүйд хайрст мэт (“scaly” skin) арьсаар илэрдэг. Өвдөг болон тохойд илүүтэй мэдэгддэг.