Өвдөгний үе (Articulatio genus/knee joint)
Анатоми, Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо
Тойм
Өвдөгний үеийг хүний биеийн хамгийн том, хамгийн нарийн бүтэцтэй үе хэмээн үздэг. Тийм ч учраас өвдөгний үенд тохиолдох эмгэгүүд олон янз байх ба эмчилгээ нь ярвигтай, ялангуяа гэмтлийн үед хийгдэх эмчилгээ нарийн төвөгтэй байдаг учир энэ бүлэгт клиникт шаардлагатай анатоми бүтцийг хүргэж байна.
Өвдөгний үе нь дунд чөмөг (femur) болон шаант яс (tibia)-ны хоорондох үе бөгөөд эргэдэг нугас маягийн үений хэлбэрт (Eng.: hinge-pivot joint) хамаарагдах тул хөдөлгөөний хоёр чөлөөт тэнхлэгтэй (DOF). Хөлний доод хэсгийн өөр нэг яс болох тахилзуур (fibula) нь өвдөгний үений бүтцэд оролцдоггүй, зөвхөн шаант ясны гадна талд амфиартроз маягаар холбогдсон байдаг.
Дээр дурьдсанчилан өвдөгний үенд оролцох хоёр яс нь дунд чөмөг болон шаант яс юм. Дунд чөмөг нь доод үзүүртээ өргөссөн бөгөөд урд талаас харахад дугуй, хажуу талаас харахад булцуулаг хэлбэртэй дотно болон гадна хоёр ёрвонтой (condylus medialis et lateralis) ба эдгээр нь зузаан үений мөгөөрсөөр бүрхэгдсэн байдаг. Урд талаас нь авч үзвэл эдгээр ёрвонгууд нь үений мөгөөрст хонхорхой бүхий гадаргуу— facies patellaris-тай байх бол хойд талаас болон доош харсан байдалд хоорондоо fossa intercondylaris хэмээх ёрвон хоорондын хонхороор тусгаарлагдана.
Хажуу талаас нь харахад эдгээр ёрвонгууд нь нэгэн төрлийн дугуй огтлолтой булцуу биш бөгөөд урагш хойшоо чиглэлд муруйлт нэмэгддэг тул арын хэсгийн муруйлтын радиус нь илүү бага байдаг. Шаант яс (tibia)-ны хувьд дээд үзүүр мөн адил хоёр ёрвон бүхий өргөссөн бүтэцтэй (condylus lateralis et condylus medialis) бөгөөд тэдгээрийн хооронд орших хавтгай шахуу үений гадаргуугийн завсар нь овгор хэлбэрийн өндөрлөгтэй (eminentia intercondylaris). Тус овгорын өмнөд болон хойд талд (area intercondylaris anterior et posterior) нь үений холбоосууд бэхлэгддэг. Шаант ясны урд талд барзгар өндөрлөг – шаантны бурзан (tuberositas tibiae) оршдог бөгөөд хүн өвдгөн дээрээ суух үед энэ хэсгээр тулж суудаг .
Дунд чөмөгний муруй ёрвонгуудын гадаргуу нь шаант ясын хавтгай маягийн ёрвонгуудын гадаргуунуудтай хоорондоо төгс таарч тохирдоггүй, өөрөөр хэлбэл хоёр ясны үений гадаргуунууд нь хоорондоо хослодоггүй/үл нийцэх үений гадаргуутай байдаг. Хэрэв нэмэлт бүтэцгүйгээр зөвхөн үений мөгөөрсөөр холбогдох бол үений хүрэлцэх гадаргуу хоёр жижиг талбайд л хязгаарлагдах ба энэ нь үений мөгөөрсөнд маш их ачаалал өгөхөд хүргэнэ.
Өвдөгний үенд зонхилон тохиолдох эмгэгүүд: өвдөгний үений артроз, үений тал саран жийрэг буюу менискний урагдал эсхүл өвдөгний чагтан холбооснууд болон хажуугийн холбооснуудын урагдал зэрэг нь элбэг тохиолдохоос гадна ревматологийн/аутоиммун өвчинд тус үе өртөх нь элбэг.
Зураг: Зонхилон тохиолдох менискийн урагдал/ханзрал
Үений талаарх ерөнхий сэдвийг үе – цааш унших хэсгээс харна уу.
Өвдөгний үений анатоми бүтэц
Өвдөгний үеийг дунд чөмөг – шаантны болон дунд чөмөг – тойгны гэж хоёр хэсэгт хуваадаг ба эдгээрийг цаашид хамтад нь тайлбарлана.
- Тодорхойлолт: Гуяны ясыг шилбэтэй холбосон үе
- Үений төрөл: эргэдэг нугас маягийн үе (Eng.: hinge-pivot joint)
- Үйл ажиллагаа: Өвдөг нугалах, тэнийлгэх, бага зэргийн эргэх хөдөлгөөн хийх
- Articulatio femoropatellaris (Дунд чөмөг тойгны үе): дөрвөн толгойт булчингийн (M. quadriceps femoris) хөшүүргийн үйлчлэлийг дэмждэг.
- Articulatio femorotibialis (Дунд чөмөг шаантны үе)
- Тэнийлгэх/Нугалах: 5–10°/0°/ca. 150°
- Өвдөг нугарсан үед эргэлт:
- Гадна эргэлт: ойролцоогоор 40°
- Дотно эргэлт: ойролцоогоор 10°
- Тэнийлгэх/Нугалах: 5–10°/0°/ca. 150°
- Тэнийлгэх үеийн хөдөлгөөний явц
- Дунд чөмөгний ёрвонгууд нь шаантны ёрвон дээр ялтсан дээр гулсах болон өнхрөх хөдөлгөөнийг нэгэн зэрэг хийнэ.
- Үүний дараа дунд чөмөгний ёрвонгууд нь шаантны ёрвон зөвхөн өнхөрөх хөдөлгөөн хийнэ.
- Эцэст нь бүрэн тэнийлгэх үед шилбэ гадагш ойролцоогоор 5° эргэнэ.
- Хамрагдах анатоми бүтцүүд
- Яс: Дунд чөмөг, шаант, тойг
- Зөөлөн эд
- Лигамент болон үений тал саран жийрэг (Menisci articulares/ менискус): Дараагийн бүлгийг харна уу.
- Өвдөгний үений бүрхүүл: Өвдөгний үений хоёр хэсэг хамтдаа нэг үений бүрхүүлтэй.
- Шар усны уут: Өвдөгний үений орчим болон хөдөлгөөнд оролцох олон төрлийн булчингийн улмаас өвдөгний үенд хэд хэдэн шар ус уут бий.
- Corpus adiposum infrapatellare: Өвдөгний орой (дистал/доод нарийссан хэсэг – apex patellae), Lig. patellae болон шаант яс гурвын хооронд байрлах өөхөн эдэн жийргэвч.
Зураг: Үений бүтцийг олон өнцгөөс харуулав. Бусад бүлгүүдэд өвдөгний үений зарим чухал бүтцүүдийг дэлгэрэнгүй тайлбарлав. Харин сүүлийн зурагтай танилцсанаар та гонатроз болон өвдөгний бусад эмгэгүүдийн оношилгоог илүү тодорхой ойлгох болно.
Хэрэв өвдөгний үе нь түнх болон шагайн үений шугамаар нэг тэнхлэгт байрлаагүй бол жингийн ачаалал хоёр ёврон дээр жигд бус тархдаг. Энэ нь харьцангуй эрт үений элэгдэл (артроз)-д хүргэдэг.
- Хэт дотогш байрлал (X-хөл буюу Genu valgum): Өвдөг дотогш байрлах бөгөөд гадна ёврон ба гадна менискус илүү ачаалал авдаг.
- Хэт гадагш байрлал (O-хөл буюу Genu varum): Өвдөг гадагш байрлах ба дотор ёврон ба дотор менискус илүү ачаалалтай болдог.
Эмчилгээний аргууд:
Ийм гажгийг үений тэнхлэг засах остеотом хагалгаагаар засаж болдог. Гэхдээ энэ үед өвдөгний гажилтыг нөхөж дасан зохицох байдлаар түнхний үений гажиг – тэнхлэгийн өөрчлөлт үүссэн байдгийг давхан анхаарах хэрэгтэй.









