Ателектаз (Atelectasis)
Тойм
Ателектаз гэдэг нь янз бүрийн агааржуулалтын эмгэг, тухайлбал, гуурсан хоолойн гэмтэл, хавдар гэх мэт бөглөрөлтөөс үүдэлтэй уушгины эзлэхүүний алдагдал юм. Үүнийг бөглөрөлт, бөглөрөлгүй, мэс заслын дараах, диск хэлбэрийн гэж ангилдаг. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь ателектазын хүнд хөнгөний зэрэг, цар хүрээнээс хамаардаг бөгөөд шинж тэмдэггүйгээс амьсгалын дутагдалд ч хүргэж болно.
Бодит үзлэгээр тогшиход дүлий чимээтэй, шалчийлт үүссэн хэсэгт амьсгал суларсан байдаг. Рентген зурагт уушгины ателектатик хэсгийн зураглал тодорсон байх ба уушгины эзлэхүүн багассан тул хүрээлэн буй эд дарагдсан байж болно. Энэ нөлөө нь өрцийг дээшлүүлж, голтын эрхтнүүд эмгэг тал руу шилжихэд хүргэдэг.
Эмчилгээ нь үндсэн шалтгаанаас хамаарна. Ателектазын хүндрэлүүд нь уушгины хатгалгаа эсвэл өвчний цар хүрээнээс хамааран амьсгалын дутагдалд ч оруулдаг.
Шалтгаан
- Бөглөрөлтөт хэлбэрийн ателектаз : амьсгалын замын бөглөрөл → агааржуулалтгүй цулцан → стенозын дараах орон зай дахь хийн дахин шингээлт → уушги шалчийх
- Бөглөрөлгүй ателектаз
- Дарагдлын ателектаз: уушгинд дарагдал үүсгэж буй гадны гэмтэл → цулцангийн агаар хүчээр шахагдаж гадагшлах
- Наалдамхай ателектаз: сурфактантын дутагдал эсвэл үйл ажиллагааны алдагдал → цулцангийн гадаргууд үзүүлэх даралт нэмэгдэх → тогтворгүй байдал, шалчийлт
- Цикатризаци (агшилтын) ателектаз: уушгины агшилтад хүргэдэг паренхимийн сорвижилт
- Сулралын ателектаз: париетал болон висцерал хальс хоорондох сөрөг даралт алдагдах
- Орлуулах ателектаз: Дэлбэнгийн бүх цулцан хавдрын эсээр солигдох → эзлэхүүний алдагдал → уушги шалчийх
- Хагалгааны дараах ателектаз: мэс заслын дараах хамгийн түгээмэл хүндрэлүүдийн нэг ; ихэвчлэн мэс засал хийснээс хойш 72 цагийн дотор тохиолдоно
- Дискэн ателектаз: уушгины шалчийсан эд гялтан хальс руу нугалагдах
- Дунд дэлбэнгийн хам шинж: дотоод эсвэл гадаад шалтгаант бөглөрөл, эсвэл бөглөрлийн шалтгаан тодорхойгүй → баруун уушгины дунд дэлбэн ба/эсвэл зүүн уушгины дээд дэлбэнгийн дахилтат буюу тогтмол ателектаз